Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан ёсны цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, инновац, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглалын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангаж ажилладаг.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, мэдлэг шингэсэн өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар дижитал эдийн засгийг бэхжүүлэхээр ажиллаж эхэллээ. Энэхүү ажлын суурь болгож цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г олон нийтэд танилцууллаа. Мөн дараа үеийн дэвшилтэт 5G технологийг 2023 он гэхэд улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

Энэ жил Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Шинэ түүхийн эхлэл дээр бид “Цахим Үндэстэн” болох уриаг дэвшүүлж, дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг батлуулж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Та бүхэн бидний ажлыг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ