Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй Цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын бодит жишээ, сайн туршлагад суралцах, санал солилцох зорилготой “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт энэ сарын 29-30-нд ГХЯ-ны хурлын танхимд боллоо.
Тус сургалтад Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академийн төлөөлөгчид оролцож байна. Цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал Арво Отт, Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах мэргэжилтэн Лийа Ханни, ахлах мэргэжилтэн Маргус Пууа, сургалт хариуцсан захирал Аннела Кийрац, Кибер аюулгүй байдал хариуцсан захирал Раул Рикк нар зочин илтгэгчээр оролцож, цахим засаглалыг хэрэгжүүлсэн сайн жишээ, туршлагаасаа хуваалцлаа.
Сургалтын үеэр дараах илтгэлийг тавьж, хэлэлцүүлэг явууллаа. Үүнд: “Цахим засаглалын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашиг”, “Цахим засаглалын архитектур, цахим гарын үсгийн техникийн нөхцөл”, “Цахим харилцаанд баталгаажуулалтыг ашиглах нь: Цахим баталгаажуулалт болон тоон гарын үсгийн аюулгүй байдал”, “Иргэний цахим үнэмлэх, болон тоон орчны харилцан холболтыг цахим үйлчилгээнд ашиглах нь”, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь”, “Мэдээлэл солилцох системийн аюулгүй байдал”, “Цахим засаг нэвтрүүлэхэд анхаарах асуудал”, “Цахим засаг үндэсний түвшинд” зэрэг болно.
Сургалтанд төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтныг хамруулж байгаа бөгөөд дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:
- Цахим засаглалын үр дүн, ач холбогдлын талаарх мэдлэг нэмэгдэж, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын манлайлал сайжирна.
- Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилнэ.
- Олон улсын тэргүүн туршлага, гарч буй үр дүнтэй танилцсанаар цахим засаглалын хэрэгжилт сайжрах нөхцөл бүрдэнэ.
Эстони Улс цахим засаглалыг хөгжүүлсэн туршлагаараа дэлхийд тэргүүлдэг улсын нэг билээ. Бүгд Найрмадах Эстони Улс 1996 оноос “Барын харайлт” хэмээх хөтөлбөр зарлаж мэдээллийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж эхэлжээ. Үүний дүнд нийслэл Таллин хотын гудамжинд интернэтгүй булангүй болж, “Эстони улсад ойн гүнд ч та интернэтэд холбогдох боломжтой” гэж мэргэжилтэн Сувисилд хэлж байжээ. Тус улсын Засгийн газрын үйлчилгээний байгууллагууд, сургуулиуд интернэтэд 100% холбогдсон бөгөөд энэ жилээс “Цахим цэцэрлэг” систем нэвтрүүлж буй аж. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ тухайн өдрийн биеийн байдал, хоол, тоглоом гээд бүгдийг цаг тухайд нь мэдэж байх боломжтой болжээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаа 2000 оноос “E-Cabinet” хэлбэрээр зохион байгуулснаар цаг хугацаа, хэмнэхийн зэрэгцээ шийдвэр гаргах үйл явцыг хэд дахин хурдасгажээ. Төрийн байгууллагын мэдээллээ ил тод байлгаснаар авлигыг бууруулаад зогсохгүй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ач холбогдолтой гэдгийг Эстоничууд нотолжээ.