Дэлхийн улс орнууд 2000 оноос эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийн хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлсэн түүхэн нөхцөл байдалд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар мэдээлэл, харилцаа холбоог төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн зөвшөөрч тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргасан юм.УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулах тухай Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоол, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 95 тоот захирамж тус тус гарч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулагдав.Засгийн газрын 207 тоот тогтоол болон Ерөнхий сайдын 95 дугаар захирамжид шинээр байгуулагдсан агентлаг нь 27 хүний орон тоотой, бодлого төлөвлөлтийн хэлтэс, бодлогын хэрэгжилт зохицуулалтын хэлтэс, төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс гэсэн 3 нэгж бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байх, шууд харъяандаа Мэдээлэл, холбооны хөгжлийн төвийг байгуулж, бүтэц орон тоог батлахыг захирамжилсан.