Жиргээчдийнхээ хувийн мэдээлэл болох утасны дугаар, цахим шуудангийн хаягийг ашиглан зорилтот сурталчилгаа тараасных нь төлөө Twitter компанийг 250 хүртэлх сая ам.долларын торгууль ногдуулахаар АНУ-ын Засаг захиргаа захиргааны хэрэг үүсгэжээ.
Холбооны худалдааны комиссын 2020 оны долдугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсанаар “2013–2019 оны хооронд аюулгүй байдал, хамгаалалтын зорилгоор оруулсан мэдээллийг сурталчилгааны зорилгоор ашигласан” гэжээ.
Энэхүү нэхэмжлэл нь Twitter компанид 150–250 сая ам.долларын хохирол учруулна хэмээн тооцсон байна. Twitter компанийн зүгээс өнгөрсөн 2019 оны аравдугаар сард хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг ашиглан “санамсаргүй түүврийн” аргаар зар сурталчилгаа явуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Twitter-ийн хэрэглэгчид өөрсдийн аккаунтаа баталгаажуулахын тулд утасны дугаар, цахим шуудан зэрэг хувийн мэдээллээ оруулдаг юм.

Энэ Мягмар гарагт Холбооны худалдааны комисс Twitter компанийг шалгаж байгаа нь тодорхой болсон бөгөөд өмнө нь Facebook компанийг хэрэглэгчдийнхээ хувийг мэдээллийг буруугаар ашигласных нь төлөө 5 тэрбум ам.доллараар торгосон нь тус комиссын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй торгууль болсон юм.
Twitter-т энэхүү нэхэмжлэл ирэхээс хэдхэн хоногийн өмнө тус компани 2020 оны хоёрдугаар улиралд 683 сая ам.долларын ашигтай ажилласнаа зарласан бөгөөд мөн хоёр долоо хоногийн өмнө Жое Байден, Барак Обама, Билл Гейтс болон Жефф Безос зэрэг нэр хүнд бүхий жиргээчдийн аккаунт хакердуулсан ноцтой үйл явдал болсон юм.
эх сурвалж: CNN