“Хаанаас ч сүлжээнд холбогдох” гэдэг ойлголт Солонгос улсын хувьд зүгээр нэг орчин үеийн трэнд хэллэг биш. Энэ бол тэдний амьдралын хэв маяг. Төрөл бүрийн дижитал төхөөрөмж ашиглан утасгүй интернэтэд гэрлийн хурдаар холбогдож, дэлхийн хамгийн connected буюу цахимжсан ард түмэн гэдгээрээ Солонгосчууд ихээхэн бахархдаг. Нийслэл хот болох Сөүлийн гэрэлт гудамжаар алхаж явахад дижитал ирээдүйд ирчихсэн мэт сэтгэгдэл төрөх нь лавтай. Ихэнх дэлгүүрүүдэд цахим төлбөрийг хүлээн авна. Таксины жолооч гэхэд л нэг биш бүр дөрөв, түүнээс дээш дэлгэцийг хяналтын самбар дээрээ суурилуулсан байхыг олж харна. Зөвхөн хотын дэгжин залуучууд гэлтгүй, улс даяараа шинэ технологийг өдөр тутмын амьдралдаа ашиглан хэвшжээ.
Электроникийн болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийг байлдан дагуулж буй Samsung, LG, SK, KT зэрэг компаниудын өлгий нутаг болох БНСУ-ыг мэдээллийн технологиороо дэлхийд тэргүүлэгч улс гэж цоллодогийг ойлгож ядах зүйлгүй. Эдийн засгийн өсөлт нь тоон технологиор илэрхийлэгдэж, тоон эдийн засгийн хөгжил эрчимтэй өрнөж байна. Өрхийн интернэт үйлчилгээний нэвтрэлтийн тоо болон интернэтийн хурдаар дэлхийд тэргүүлж байгаагаар үл барам 5G технологийг анхлан нэвтрүүлэхээр зорьж байна.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн индекс (IDI)-ээр сүүлийн таван жилийн хугацаанд эхний гуравдугаар байрт багтаж, Bloomberg-ийн Инновацийн индексээр “Хамгийн дэвшилтэт эдийн засаг”-тай улсаар шалгарсан байна. Ийнхүү “БНСУ хэрхэн технологийн манлайлагч болж чадав?”, “Дижитал шилжилтийг хөгжүүлэх томоохон үсрэлтийг хийхэд ямар шат дамжлагыг дамжив?”, “Бусад улс орнууд хэрхэн туршлага судлах вэ?” зэрэг асуултад хариулт олох гэж оролдъё.
Ази тивийн энэхүү улс нэг сайхан нартай өдөр азаар технологийн салбарын “аварга загас” болчихоогүй юм. 1950-иад оны дунд Солонгосын дайны төгсгөл ирэх үед тус улс нь дэлхийн хамгийн ядуу улсын нэг байв. Гэвч орчин үеийн технологийн хөгжлийг дэмжсэн төрийн бодлого, хөрөнгө оруулалтын ачаар хэдхэн арван жилийн хугацаанд бүсийнхээ хамгийн үсрэнгүй хөгжилтэй орны нэг болж чаджээ. Сөүл хотын худалдаа, бизнесийн гол төв болох Гангнам дүүрэгт байрлах Солонгосын мэдээлэл, харилцаа холбоог дэмжих нийгэмлэг (Korea Association for ICT Promotion)-ы Дэд Ерөнхийлөгч Др. Сенг Кеон Кимтэй хийсэн ярилцлагаараа дижитал ирээдүй рүү хийсэн Солонгос улсын аяллын түүхийг хуваалцахыг хүслээ.

“Төр буюу Засгийн газрын зүгээс дижитал эдийн засаг руу шилжих шилжилтийг хурдасгах том амбиц, хүсэл эрмэлзэл байсны үр дүнд БНСУ шинэчлэлтийг амжилттай хийж чадсан” гэж тэрбээр ярилаа. Дижитал эдийн засгийн үндэс суурийг тавихад тэргүүлэх боловсролын систем, соёлын онцлог болон мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл гэсэн гурван хүчин зүйл маш чухал гэдгийг онцлов.
XXI зууны сурагчид
Солонгос улсад юунаас ч илүү боловсролын үнэ цэнийг өндрөөр үнэлдэг. “Миний эцгийн үеийн олон хүмүүсийн хувьд боловсрол бол ядуурлыг даван туулах шат гэж тооцогддог байсан” гэж Др.Ким хэлэв. Энэ улсын боловсролын систем нь дижитал эдийн засаг дахь суурь судлахуй болох математик, шинжлэх ухаан зэрэг уламжлалт хичээлүүдийг чухалчилдаг хэдий ч хуучин шиг үзэг, дэвтэр нийлүүлж, сурах бичиг шагайх аргачлалаар хичээлээ явуулдаггүй байна. Харин XXI зууны дижитал сурагчдыг бэлтгэх зорилго дэвшүүлэн бүх шатны боловсролын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлээд байгаа юм байна.
“Утасгүй интернэт, электрон самбар, VR төхөөрөмж, зөөврийн компьютер, таблет, дижитал ном зэргийг сурагч бүр хэрэглэж байна. Бид “4 Си” буюу шүүмжлэлт сэтгэлгээ ба асуудлыг шийдвэрлэх чадвар (Critical thinking and problem solving), хамтын ажиллагаа (Collaboration), зан төлөв (Character), харилцаа (Communication) зарчмыг чухалчилдаг. Одоо үед програм хангамжийн мэргэжлээр хүний нөөц хангалттай байгаа гэж үзэж буй тул бид тооцоолон бодох сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр илүүтэй анхаарч байгаа” хэмээн Гвангжу их сургуулийн Компьютерийн боловсролын газрын профессор багш Жеон Ран Ким хэлэв.
“Бали бали”
Дижитал шилжилт хийхэд боловсрол чухал бүрэлдэхүүн мөн хэдий ч др. Кимийн хэлснээр нийгмийн өөрчлөлтийг хурдасгахад соёлын онцлог нь томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. “Ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг зогсолтгүй нэвтрүүлэх үйл хэргийн ард хуй салхи мэт хурдаар, атгасан гар мэт хүчээр нэгдсэн Солонгосын ард түмний хүсэл эрмэлзэл байсан. “Солонгосоор “Бали бали” гэдэг нь “Хурдал, хурдал” гэсэн үг бөгөөд энэ нь яг л мэдээллийн технологийн тухай хэлж буй аятай. Шинэ дэвшилтэт технологийг хурдан шуурхай нэвтрүүлэх эрмэлзэл болон нөхцөл байдал, цаг үетэй нь уялдуулсан төлөвлөлтийг нэгтгэж чадсанаар БНСУ орчин үеийн тоон эдийн засгийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан” гэж др. Ким нэмж хэлэв.
Засгийн газрын үүрэг оролцоо
БНСУ-ын эрх баригчид 2004 онд хот, хөдөөгийн тоон хуваагдлыг арилгах зорилгоор Өргөн зурвасын нэгдсэн сүлжээ (Broadband Convergence Network)-г байгуулахаар шийдсэн бөгөөд ингэснээрээ нутаг дэвсгэрийнхээ алслагдсан өнцөг булан бүрийг сүлжээнд холбож чадсан анхны улсуудын нэг болжээ. Тухайн үед нэлээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч эрх баригчдын зүгээс хэдийгээр мөнгө санхүү их зарцуулагдах ч тохиромжтой цаг үе нь мөн юм хэмээн үзэж, ямартаа ч төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байв.
1990-ээд он буюу интернэт дөнгөж “үүсч” байсан үеээс л Засгийн газар хүчтэй дэмжлэг үзүүлж байсан бөгөөд тухайлбал, 1990-ээд оны сүүлчээр интернэт сүлжээний хэрэглээг нэмэгдүүлж, 10 сая иргэдэд тоон бичиг үсгийн сургалт зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Солонгосын дижитал боломжийг хөгжүүлэх газар (Korea Agency for Digital Opportunity & Promotion)-ыг шинээр байгуулсан байдаг. Түүнчлэн Засгийн газраас ДНБ-ийн багагүй хувийг судалгаа, хөгжлийн төслүүдэд хуваарилж, шинэ технологийн үйлдвэрлэлд томоохон хэмжээний шууд хөрөнгө оруулалтыг хийж байлаа.
“БНСУ нь судалгаа, хөгжлийн төсөвтөө ихээхэн анхаарал хандуулдаг улс орны нэг бөгөөд жилд ДНБ-ийн тав орчим хувийг зарцуулдаг нь магад дэлхийд нэг эсвэл хоёрт эрэмбэлэгдэх болов уу” хэмээн Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих газрын ерөнхийлөгч Жон Лок Юүн ярив. Энэ хувь нь бага юм шиг санагдавч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (Organization for Economic Cooperation and Development)-ын судалгааны дагуу Солонгос улс тоон дүнгээр 91 их наяд ам.доллар судалгаа, хөгжилд зарцуулдаг гээд бодвол энэ төрлийн үйл ажиллагаанд зарцуулах хувь хэмжээгээрээ Израйлын дараа дэлхийд хоёрдугаарт орж байна. Технологид зориулах хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлж буй энэ орон ухаалаг хотын технологи, дараа үеийн буюу 5G утасгүй холбооны үйлчилгээг нэвтрүүлэн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлдэж байна.
Алсын хараа: Ухаалаг хот, Юмсын интернэт ба 5G
Хүн амын тоогоороо хоёрдугаарт бичигддэг Бусан хот нь БНСУ-ын хамгийн том далайн боомт бөгөөд дэлхийн шилдэг 10-т багтах агуулахын боомт гэдгээрээ тус улсын эдийн засгийн чухал цэг юм. Сүүлийн жилүүдэд иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад технологийн дэвшлийг ашиглах болсноор ирээдүйн Ухаалаг хот хэмээн нэрлэгдэх боллоо. Өнгөрсөн намар болсон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Telecom World арга хэмжээний үеэр Бусан хотын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Ким Ёнг Ван хамгийн анхны бүрэн “Ухаалаг хот” болох гэж байгаагаа “гайхуулан” танилцуулжээ. Бусанд нийгмийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг удирдах, хотын амьжиргааг сайжруулах, эрчим хүчийг хэмнэх чиглэлээр Ухаалаг хотын төслүүд хэрэгжээд эхэлжээ. Замын хөдөлгөөний урсгалыг хянах, real-time буюу хугацааны хоцрогдолгүй мэдээллийн урсгалыг онцгой байдал, яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглах нээлттэй өгөгдлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Юмсын интернэт, үүлэн архитектурт суурилсан бусад төслүүд ч туршилтын шатандаа явж байна. Ухаалаг хотын шийдлээс гадна тус улс дараа үеийн өргөн зурвасын утасгүй холбооны 5G технологийг хөгжүүлэн, бусад улсаас түрүүлж нэвтрүүлэхээр зорьж байна. 5G технологи нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын дэд бүтцийн үндсэн суурь юм. Учир нь, ирэх жил гэхэд дэлхий даяар 30 гаруй их наяд төхөөрөмжийг ашиглан утасгүй холболт хийдэг болно гэсэн тооцоолол байдаг бөгөөд эдгээр холболтын найдвартай байдал, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг гагцхүү 5G технологи л хангаж чадна.

Хэрэв та 2018 оны Пенчаны өвлийн олимпийг очиж үзсэн бол дараа үеийн технологийг өөрийн биеэр туршиж үзэх боломж тохиосон нь лавтай. Энэхүү олимпоор мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг Олимпийн наадмын хөтөлбөртэй хэрхэн оновчтой уялдуулсныг та харсан л байх. 360 хэмээр харуулдаг камераар өндөр хурдны 5G утасгүй сүлжээг ашиглан Олимпийн тоглолтуудыг дэлхий нийтээрээ алган дээрээ буй мэт үзэж сонирхцгоосон билээ.
Ингээд харахад БНСУ нь 5G технологи, Ухаалаг хотын шийдэл, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг удирдан манлайлах нь гарцаагүй байна.
Эх сурвалж: https://news.itu.int/
Нийтлэлч: Theadora Mills, ITU News