Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтад тус газрын зөвлөх С.Тэнгис, Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын газрын дарга А.Золзаяа болон АНУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бенжамин А.Ле Рой, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд нар оролцов.
Уулзалтын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ агентлагийн үйл ажиллагааны талаар танилцуулсан бөгөөд ирэх аравдугаар сард зохион байгуулагдах ICT EXPO-2020 үзэсгэлэн, түүний хүрээнд зохион байгуулагдах форумын талаар талууд хэлэлцсэн юм. Форумын үеэр АНУ-ын DAI компанийн хийсэн цахим аюулгүй байдлын тухай судалгааг олон нийтэд танилцуулж, энэ чиглэлд судлаачидтай хэлэлцэхээр төлөвлөж буйг онцлов.
Мөн төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн цахим платформ болох E-Mongolia төслийн талаарх мэдээллийг өглөө. E-Mongolia төсөл хэрэгжиж эхэлснээр иргэд гар утасны аппликейшн ашиглан төрийн 181 үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм.
АНУ-ын Элчин сайдын яамны төлөөллүүд АНУ Монгол Улсын хооронд ил тод байдлын тухай хэлэлцээр хэрэгжиж байгаа гэдгийг дуулгаад төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болж буй нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ байх болно гэдгийг хэлээд цаашид Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Монгол, АНУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.