E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн албан ёсны фейсбүүк хуудас мессенжер чатботтой боллоо. Иргэн та өөрт шаардлагатай үйлчилгээгээ цаг алдалгүй авч, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг энэхүү чатбот олгож байна. Мөн та www.e-mongolia.mn веб сайтаар зочилж, чатбот ашиглан оператор руу залгах боломжтой бөгөөд 24 цагийн туршид санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа илгээж, шийдвэрлүүлж болох ажээ.
Цаашид фейсбүүк мессенжерээс өөрт хэрэгтэй буй төрийн үйлчилгээ, лавлагаа, баримтаа татаж авах, төлбөр тооцоогоо хийх, өргөдлийн төлөв харахаас гадна үйлчилгээний түүх, шийдвэрлэлтийн явцыг шалгах, үзүүлсэн үйлчилгээнд үнэлгээ, санал шүүмжээ өгөх боломж бүрдэх юм.
Энэхүү төслийн дараагийн үе шатанд хиймэл оюун ухаан бүхий чатбот нь монгол хэлээр иргэдтэй харилцан ярилцаж, тухайн иргэнд шаардлагатай үйлчилгээг нь газар дээр нь үзүүлэх, санал хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад шууд хуваарилах зэргээр хүний оролцоогүй ажиллах боломжтой. Иргэн таны хүсэлт, үйлчилгээний хариу хаана, хэрхэн шийдвэрлэгдэж байгааг харах гэж цаг алдах хэрэгггүй боллоо.