(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
      • Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар
      • Цахим хөгжлийн газар
      • Төрийн захиргаа, удирдлагын газар
      • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс
      • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
      • Сансрын холбооны хэлтэс
      • Шуудан, радио, телевизийн хэлтэс
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыхантай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыхантай уулзлаа

146385872_2668816723410469_2787514844335691480_n
2021-02-09 10:42 207

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Баасан гарагт /2021.02.05/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэгээр зарлаад байгаа бөгөөд бүх салбарт цахим шилжилтийн хийж, Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлээд байгаа юм.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьсан юм. Тэрбээр “Салангид байгаа системүүдийг холбож байж цахим үндэстэн болно. Улсаараа өөрчлөгдөх зорилтын төлөө хамтдаа алхах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой юм. Газрын харилцааг ч мөн цахимд холбоно. Гэрчилгээг цаасаар биш цахимаар, баганан кодоор олгох ёстой.

Гааль, шүүх, татвар цахимжсан. Үүн дээр Сангийн яамныхан сайн ажилласан. Улсын бүртгэлийг цахимжих хэрэгтэй. Яваандаа сонгуулийг цахимаар өгдөг, тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдалгүй үйлчилгээг авдаг байх учиртай. Та шаардлагуудыг хангаж чадвал цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно.

Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй. Тэр нь түгжрэл үүсгэдэг. Мөнгө нь төрд эсвэл хувьд нь ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой. Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин бэ, хэд нь хотын төвөөр хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд түгжирч байна вэ гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж шийдэл гаргана.

Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал 1 цаг 55 минут орно. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07.30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой” гэв.

Үүний дараагаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” болоход зайлшгүй хийгдэх ёстой зургаан том ажлыг танилцуулсан юм. Тэрбээр монголчууд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан ажлын хүрээнд цахим шилжилтийг хийж, Цахим үндэстэн болох талаар өөрийн илтгэлдээ дурдсан юм.

Мөн шинэ Засгийн газрын 100 хоногт багтаан 592 үйлчилгээг цахимд шилжүүлэх зорилттойгоор ажиллаж байна. Эдгээр үйлчилгээг иргэд таван жилд дор хаяж нэг удаа ашигладаг гэсэн судалгаа гарсан. Ингэхэд хамгийн чухал зүйл нь мэдээллийн аюулгүй байдал юм. Үүнийг e-mongolia аппликэйшнд суурилан шийдэх юм. Тухайлбал, таны татварын тооцооллыг хийхийн тулд аль хэн байцаагч таны татварын мэдээллийг шалгаж байна хэмээн мэдээлэл очдог байх нь зүйтэй юм” гэлээ.

Үүний зэрэгцээ, E-Mongolia академи байгуулья гэсэн санаачилга гарсан талаар салбарынхандаа дуулгав. Энэхүү академи нь төрийн нэг үйлчилгээг цахимжуулахад дагаад явах сургалт, сурталчилгаа бүх зүйлийг зохион байгуулдаг, төрийн алба хаагчдыг IT чадвартай болгоход сургадаг, мөн иргэдийг шинэ үйлчилгээ онлайнаар авахад нь сургадаг, хувийн хэвшил төр хамтарсан академи байгуулах санаачилга ажээ.

Үүний дараагаар салбарын төлөөллүүд төр засагт хандаж, дуу хоолойгоо илэрхийлэв.

IT ZONE КОМПАНИЙН ЗАХИРАЛ Н.БАТТУЛГА: Цахим шилжилт үүссэн үндсэн гол шалтгаан нь дэлхий дээр 4 том технологи үүссэнтэй холбоотой гэж үздэг. Энэ 4 технологи үүссэнээр нийгэм, эдийн засагт том хувьсгал гарч байна. Үүнийг Давосын чуулганы үеэр аж үйлдвэрийн 4 -р хувьсгал гээд нэрлэчихсэн юм. Тиймээс энэ  4 технологийг эзэмших нь туйлын чухал байна. Энэ 4 технологи дээр суурилсан маш олон бизнесийн загварууд гарч ирж, шинэ зохицуулалтыг шаардаж байна. Жишээлбэл uber гэх мэт такси үйлчилгээ гарч ирэхэд Засгийн газарт нь шинэ зохицуулалт хийх шаардлага гарч ирсэн. Иймээс энэ зохицуулалт дээр Засгийн газар маш хурдан арга хэмжээ авах шаардлагатай. Монгол Улсын хувьд цахим мөнгөний асуудал дээр маш удаж байж шийдвэр гаргасан. Mostmoney компани 10 жилийн өмнө энэ тухай ярьж эхэлсэн. Шинэ технологи дээр бий болж буй бизнес загваруудыг хүлээж авах, үүн дээр хариу үйлдэл үзүүлэх тал дээр бид удаан байна. Цахим гарын үсгийн хууль батлагдаад удаж байгаа. Цахим гарын үсэг дээр суурилсан маш олон үйлчилгээ хүлээгдэж байна. Гэтэл хууль нь батлагдсан хэр нь журам нь гараагүй  нь асуудал болж байна. Энэ тал дээр анхаарч өгвөл сайн байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хатуу дэд бүтцээ маш сайн хөгжүүлсэн. Одоо бол программ хангамж буюу зөөлөн дэд бүтцийн асуудалд анхаарах цаг нь болж. Өнөөдрийн яригдаж байгаа emongolia бол цэвэр зөөлөн дэд бүтцийн асуудал. Мөн цахим шилжилт хийхэд процессийн асуудал маш их байна. Процессийн том асуудал гарах тул Засгийн газар маш санаачилгатай ажиллана гэдэгт найдаж байна. Монгол компаниуд дээр дурьдсан технологийг эзэмших тал дээр хичээж ажиллаж байна. Харин технологийг бүтээх боломж бидэнд байхгүй. Гэхдээ бид дээрх 4 технологи дээр суурилсан апп буюу бүтээгдэхүүн гаргах тал дээр амжилт гаргана гэж харж байна. Мөн аль чиглэлийг нь барьж аваад хөгжих вэ гэдэг дээр бид санаачилгатай ажиллах бүрэн боломжтой.

ICT GROUP -ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЛХАМСҮРЭН: Дижитал шилжилт, цахим хөгжил идэвхжиж байгаа нь маш сайн, давуу тал бий. Гэхдээ бид харах, бодох, төлөвлөх сөрөг тал бий. Даяаршсан дэлхийд дангаарших гэдэг асуудлыг бид нэлээн бодлоготой авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр бид импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг ч гэсэн оюуны бүтээгдэхүүн дээр бид импортын байж боломгүй байгаа юм. Зөөлөн дэд бүтцийн хувьд бусад улсаас хараат байж болохгүй. Жишээлбэл, орон зай мэдээллийн систем, cloud дэд бүтэц гэдэг ч юм уу. Гаднын мундаг софтвер, апп ашиглаж болно. Гэхдээ түүн дээр ажиллах, түүний суурь дэд бүтэц Монгол Улсынх байх ёстой. Хятад Америкийн худалдааны дайн гэх боловч яг үнэндээ мэдээллийн дата-ны дайн болж байна. Ирээдүйн газрын тос гэгдэж буй дата-ны аюулгүй байдал, дата цуглуулах дэд бүтцийнхээ төлөвлөлтийг ОХУ, БНХАУ маш сайн хийж байна. Тиймээс бид сайн талаа яриад үүн дээр мэдээллийн технологийн суурь дэд бүтэц нь ямар технологи байх вэ?, түүний эзэмшил нь хаана байх вэ? Тасралтгүй үйл ажиллагааг хэн хангах вэ гэдэг дээр нэлээн бодлоготой байх ёстой.  Өнгөрсөн хугацаанд Монголын мэдээллийн технологийн салбарт маш олон зүйл хийгдсэн. Гэхдээ тэр маань дандаа гал унтраах маягаар явж ирсэн. Салангид тогтолцоотой байсан. Дата бол давуу нийлүүлээд оёдог биш. Тиймээс бид энэ том ажлыг эхлүүлэхдээ нэлээн бодлоготой, аль, аль талийг нь харсан байх ёстой. Хүний нөөц, дотоод нөхцөл бололцоогоо сайн анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшил бол хийж чадна. Гэхдээ бид бодлоготой хиймээр байна. Дээрээс нь энэ бол зөвхөн уул уурхай биш бид нийгмийн шилжилтийг хийх гэж байна. Ганц салбарын асуудал яригдаагүй, нийгмийн шилжилт хийх гэж байгаа тул бид үүн дээр ухаалаг, ёс зүйтэй, дэг журамтай хийх ёстой.

TOMYO EDTECH ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ В.БАЯРСАЙХАН: Бидэнд том амбиц байна. Хоёрдугаарт бидэнд хамтын vision байна. Сайд илтгэл тавьж байхад надад vision fund-ийн талаар бодогдлоо.  Vision Fund гэдэг нь хамтын ирээдүй, амбицаа нийлүүлээд улам том больё гэсэн утгатай. Энд цугласан ихэнх залуус олон улсаас хөрөнгө босгочихсон, энтерпренер залуусын төлөөлөл байна. Хэдхэн жилийн өмнө төрийн IT гэхээр дандаа тендер цохиж иддэг, гүйцэтгэл муутай үйлчилгээ үзүүлдэг IT компаниуд байсан. Өнөөдөр бид, монгол залуус, энтерпренер буюу нийгмийн асуудлыг бариад бүгд төрийн системийг хийх бус бүгд нийгэмдээ үйлчилж байгаа зүйл – бүх салбарт өөрсдийн шинэ инноваци гаргаад явж байна. Нэгдсэн бодлого, нэг чиг рүү явна гэхээсээ илүүтэй Алсын хараа нэг юм чинь нэг сан байгуулаад өөрсдийнхөө боломжоор хийж чадах асуудлаа бариад хийгээд гаргаад ирээч ээ гэдэг,  төвлөрсөн бус алсын хараа байвал ямар вэ гэдэг санаа дэвшүүлж байна. Саяхан CallPro Японоос хөрөнгө оруулалт босгосон, ICT Group, Эрхэс, Анд глобал олон улсаас хөрөнгө оруулалт босгосон гэх мэтчилэн байна. Монгол хүний оюуны потенциал дэлхийд 6 -д байна. Бид итгэж байна. Цахим үндэстэн болох нь ойлгомжтой. Гэхдээ энэ хүмүүс илүү чөлөөтэй сэтгэж, өөрсдийнхөө харсан асуудлаа маш оновчтой гарган ирж, явдаг амбицтай хүмүүс учраас энэ амбиц нь сайдын хэлсэн амбицтай нэг. Хууль эрхзүйн орчинтой болно гэх мэт асуудал бол цаг хугацааны асуудал. Тиймээс Vision Fund гэж байгуулаад Монгол залуучуудынхаа потенциалд дэмжлэг үзүүлчихвэл хамгийн оновчтой зам байж магадгүй гэж бодож байна.

ЮНИТЕЛ ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХБАТ: Монгол Улсын Засгийн газар дижитал шилжилт, цахим үндэстэн болох уриалгыг манлайлж, дэмжиж байгаад баярлаж байна. Таны индер дээр хэлсэн “яагаад ийм байж болохгүй” гэж гэдэг жишээ дээр бид өмнө нь холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцаж, санал солилцож байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм манлайлал байгаагүйгээс болж байж болох юм. Түүн дээр хариу үзүүлж буй үйлдэл их удаан, Feedback муутай, үүнийг хийх нь зөв үү гэсэн тийм хандлага дунд шатны түвшинд байх шиг харагдсан. Одоо манлайлал эхэлсэн тул хурдтай болох байх. Гэхдээ үүнийг үндэсний том төсөл гэж авч үзвэл тэр төслийн оролцогч нарын үүрэг маш тодорхой байх ёстой юм. Манлайлал бий болчихлоо. Одоо хэрэгжүүлэх шатандаа, дунд шатны хүмүүсийн үүргийг тодорхой болгож өгөөч ээ. Тодорхой санал санаачилгыг бүртгэж аваад хариу үйлдэл хийгээгүй, дүгнэлт гаргаагүй хүмүүст хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгож өгвөл энэ шилжилт хурдан явагдана.

ИНТЕРАКТИВ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.УУГАНБАЯР: Бизнесийн салбарт гарч ирж буй энэ залуучуудад зохицуулалт шаардлагагүй гэж харж байна. Үндсэндээ инновацийг хаана хийж чадах вэ гэдэг зах зээл Монгол Улсаар хязгаарлагдахгүй. Дижитал шилжилтийн стратеги гэдгээ Засгийн газар батлах хэрэгтэй байна. Тэгвэл IT компаниуд бизнесээ төлөвлөөд чиглэл чиглэлд нь оролцоод явахад амар. Өнгөрсөн хугацаанд бид Засгийн газартай хамтраад олон ажил хийсэн боловч нөгөө системүүд маань салангид байсан, нэгдсэн нэг удирдлагагүй, салбар бүр IT-ийг асуудлыг шийдэх гээд яваад байсанд сул тал байна. Том зорилтоо тодорхойлчихвол бид оролцоход бэлэн. Гол нь IT салбарыг яаж хөгжүүлэх гээд байгааг тодорхой болгох хэрэгтэй. Үнэхээр дотоодын брэнд бүтээгдэхүүн хийе гэвэл төр том худалдан авагч болно гэвэл их ойлгомжтой байх хэрэгтэй. Ялангуяа төрийн өмчит компаниуд бүх салбарт бий болчихсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

SHOPPY.MN ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: Бидэнд нөөц бололцоо хязгаарлагдмал байна. Хувийн хэвшилд ч, төрд ч гэсэн. Гэтэл бидэнд хийх ажил бол асар их байна. Компаниуд бол хоёр хуваагдаж байна. Нэг нь бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг, нөгөө нь төрд үйлчилгээ үзүүлдэг, тендерийн ажил гүйцэтгэдэг. Өөрсдийн бүтээгдэхүүнээ хөгжүүлж байгаа компаниудын хувьд технологи архитектур, шийдэл дээр нь оролцоод нэг ажлыг хоёр дахин хийлгэхгүй байх тал дээр туслалцаа, оролцоогоо бид оруулах хэрэгтэй. Илтгэл дээр тавьсан ажил бол асар том ажил. Бид бүгдийг нь хийж чадна. Үүнд бид эргэлзээд байх зүйл байхгүй болчихсон. Маш их цаг хугацаа хэрэгтэй. Бид анхаасаа буруу технологи, буруу шийдлийг анхнаасаа сонгох эрх байхгүй болчихсон. Бидэнд маш хязгаарлагдмал нөөц байна. Тиймээс бид хоёр ажил хийхгүй, алдаа гаргахгүй байх шаардлага тулгарч байна.

STARTUP MARKETING SPACE КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, DREAMERS НЭГДЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ж.ЗОЛЗАЯА: DREAMERS нэгдэл буюу энтерпренер, гарааны бизнес эрхлэгчдээс бид өнгөрсөн зургадугаар сард судалгаа авсан. Энэ нэгдэлд 17 мэргэжлийн холбоод, 2800 гаруй энтерпренер залуус, 500 компани нэгдчихсэн явж байна. Энэ нэгдлийн зорилго нь салбарын нэг малгай дор нэгдэж, дуу хоолойгоо өргөж, шийдвэр гаргагчдад хэрэгцээтэй хууль эрхзүйн орчин, гарааны бизнесийн экосистемд бүрдэж болох нөхцөлүүд тавьж байя гэсэн зорилготой байгуулагдсан. Бид саналуудаа нэгтгээд аваад ирсэн. Эко систем гэдэгт хууль эрхзүй, хөрөнгө оруулалт, ур чадвар, дэд бүтэц гээд энэ олон асуудал орж байгаа, Монгол Улс өөрөө гарааны бизнесийн эко системээрээ 100 улсаас 93-т явж байна. 1000 хотоос 690 дүгээр байрт явж байна. Улаанбаатар хот инновацлаг хотоороо 500 хотоос 482-т явж байна. Тэгэхээр бидэнд асар их хийх ажил байна. 2019 оны 12 дугаар сарын 19-нд Н.Учрал гишүүн тэргүүтэй ажлын хэсэг инновацийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүн дээр ч гэсэн маш олон санал ирсэн. Хуульд өөрчлөлт орсон боловч дүрэм, журам нь батлагдаагүйгээсээ болоод гарааны бизнесүүд янз бүрийн хөнгөлөлт эдэлж чадахгүй байгаа. Боловсролын яам дээр дөнгөж 42-хон гарааны компани бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд Dreamers нэгдлээрээ бид 5 дугаар сарын 26-нд У.Хүрэлсүх сайдтай уулзаж, саналаа хүргээд Д.Цогтбаатар болон Н.Учрал гишүүнийг энэ ажлыг хийгээрэй гэдэг үүрэг даалгаварыг өгсөн байгаа. Үүний хүрээнд бид хуулийн нэг ажлыг хэсэгт ажиллаж байна. “Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгое” гэдэг хууль дээр ажиллаж байна.

Цахим хөгжлийн яам байгуулна гэдэг асуудлыг манай салбарынхан маш их дэмжиж байгаа. Гэхдээ үүн дээрээ салбарыхаа залуучуудыг, төлөөллүүдийг маш сайн оролцуулаарай гэж хүсмээр байна.

ФАРО ТББ-ЫН ТЭРГҮҮН, ФЕЙСБҮҮК КОМПАНИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ А.БЯМБАЖАРГАЛ: Бид сүүлийн гурван жил тоон бичиг үсэгтэн хөтөлбөрийг албан ёсоор монгол хэл рүү хөрвүүлээд 7000 гаруй багш сурган хүмүүжүүлэгч нар, 10,000 гаруй сурагч нар заасан байгаа. Бид мэдээллийн технологи, дэд бүтэц, IT яриад байгаа боловч бидэнд хэрэглэгчийг бий болгох, төлөвшүүлэх, боловсруулах, өөрөө маш том хийх ажлын нэг, түүний хүрээнд бид фейсбүүк, гүүгл, микрософт компани нар хэрэглэгчийг зөв төлөвшүүлэх, хөрөнгө оруулах, хөтөлбөрийг нь боловсруулах дээр анхаарах хэрэгтэй. Маш их нөөц бололцоог бий болгох дээр ажиллаж байна. Бид бол дижитал цагаачид бидний хүүхдүүд бол дижитал иргэн болж байна. Тиймээс боловсролын тогтолцооны цөм хөтөлбөрт тоон бичиг үсэгтэн хөтөлбөрийг заавал оруулах шаардлагатай байна. Хоёр дахь асуудал гэвэл бид фейсбүүк компанийн төлөөлөгчийн хувьд маш олон асуудалтай тулгардаг. Сошиал медиа зөв хэрэглээ, хуурамч мэдээлэл, залилан гэх мэт олон асуудлаар Засгийн газар бидэнд ханддаг. Гэтэл хэрвээ бид тоон бичиг үсэгтэн гэдэг боловсролыг ард иргэддээ олгочих юм бол Засгийн газраар дамжуулан фейсбүүк компанид хандах асуудал багасна. Жишээлбэл report хийх асуудал энэ бол фейсбүүкийн өөрийнх нь дэд бүтцэд байдаг зүйл. Гэхдээ энэ бүхнийг нь зааж өгөх хэрэгтэй байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явахад Засгийн газраас хангалттай дэмжлэг авч чадаагүй. Тиймээс шинэ Засгийн газар иргэдээ боловсруулах, Монголд нутагшуулах тал дээр нь дэмжиж ажиллах, түгээхэд хүч хаяж ажилласай гэж хүсч байна.

ЭРХЭС КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ А.МЭНД-ОРШИХ: 21 -р зуунд дэлхийн улс орнууд гарааны компанийн үзүүлэлтээрээ уралдаж байна. Эстони – 4, Сингапур – 10 гэдэг ч юм уу. Бидэнд тийм компани алга. Залуучуудад мөрөөдөл алга. Uber шиг компани байгуулья гэдэг мөрөөдөл алга. Энэ мөрөөдөлд хамгийн том саад тотгор учруулж буй нэгж нь өөрөө төр. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төр бол маш олон хулгайч, тендер иддэг компаниудыг цэгцтэйгээр бэлдсэн. Энд цугласан компанийн тал нь өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг цахиурын хөндий рүү гаргах уу, олон улсад яаж энэ улсын нэрийг авч гарах вэ гэдэг энэ зорилго, залуучуудад мөрөөдөл авчрах энэ зүйлийн төлөө явж байна. Тал нь бол өнөөдрийг хүртэл дарга дагаж баяждаг, тэгж олсон мөнгөөрөө цэвэр өрсөлдөөнд явж байгаа компанийн инженерүүдийг хулгайлдаг, түүнд нь гай, саад болдог ийм тогтолцоо өнөөдөр үүсээд асар удаж байна. Үүнийг хамгийн том тоглогч нь Засаг. Таны илтгэлийг сонсоод маш олон тендер авах нь гэж баярлаж байгаа компани маш олон байгаа. Яахав бид дотроо Цахим үндэстэн болчихлоо гээд тэр 7 буудлын хэн нэгэнд хэрэгтэй байх. Гэдхээ энэ бол том импакт авчрах зүйл биш. Өнөөдөр бидэнд мөрөөдөл байж, цахиурын хөндийд компаниа тамгалж байж, Энэ цахим үндэстэн гэх зүйл байгалийнхаа хуулиар бүрдэх ёстой. Шаардлагатай бол бэлэн технологи нь ч байна. Үүнийг зовж бүтээх гээд байх шаардлагагүй. Чадаж байгаа компанитай нь хамтраад ажиллахад асуудал байхгүй. Харин чадахгүй байгаа зүйл нь юу вэ гэхээр бид олон улсад нэгдмэл байдлаар гарч чадахгүй байна. Өнөөдөр ярьж буй vision fund гэх зүйл чухал. Өнөөдөр компаниуд цахиурын хөндийд очоод Монгол гээд хөрөнгө оруулалт татах гээд сүүлийн найман жил үзэж байна. Бид олон улсад хэн ч биш. Харин та өнөөдөр Засаг барьж байгаа үед бид хүн болье. Олон улсад бид хүлээн зөвшөөрөгдөе. Бидэнд тендер хэрэггүй. Тендер дагадаг компаниудыг болиулах хэрэгтэй. Бидэнд татварын хөнгөлөлт, эко систем, хөнгөлөлттэй зээл, грант хэрэгтэй. Хөгжилтэй улс оронд хийж буй зүйл хэрэгтэй байна.

INFINITIVE SOLIUTIONS Б.ГАБИТ: Бид 2007 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш бид олон улсын зах зээл дээр анхаанаасаа гарсан. Бид АНУ, Сингапур, Мексикт хэд хэдэн гарааны компаниудыг байгуулаад эхэлсэн. Анх бид байгуулагдахдаа бид олуулаа болох ёстой юм байна гэдгээ ойлгосон. Тиймээс бид 2017 онд NEST сургуулийг байгуулсан. Тэрхүү сургууль нь 10 жилийн хүүхдүүдэд IT-ийг зөв чиглүүлээд өгөх зорилготой. 10 ангиа төгссөн хүүхэд IT чадвартай байна. Хамгийн чухал зүйл нь бол бид олуулаа болох ёстой. IT-ийн инженерүүд маш олон болох ёстой. Стартап компанийн туршилтыг маш их хийх хэрэгтэй. Тэгсэн цагт бид маш олон сайн инженертэй болно. Хиймэл оюун ухаан, блокчейн маш зөв ойлгох хэрэгтэй. Тэгсэн цагт монголчуудаараа хиймэл оюун ухаан гэдгийг ойлгох хэрэгтэй.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ:  Үр бүтээлтэй уулзалт болж байна. Дотроо бугшсан асуудлаа гаргаж байна. Манай залуучууд өөрсдөө төртэй хамтрахгүй гэдэг. Төрийн буруу, тендер гэх мэтчилэнгээр асуудал байдаг байх, би үгүйсгэхгүй. Гэхдээ бүгдийг нь төртэй хамтраачээ гэж урьсан. Та нар хэцүү байдаг, төртэй хамтрахгүй гэсэн. Хэцүү байдаг нь үнэн ч одоо шинэ засаг бүрдээд шинэ зорилго тавьж байна, шинэ мөрөөдөл ярьж байна. Бүгд хамтрах хэрэгтэй, төртэй хамтрахгүй гэж зугтаадгаа больё. Гаднаас нь шүүмжилдгээ больё. Одоо төртэй, агентлагтайгаа хамтар. Жинхэнээсээ өөрчлөх гээд үзье. Энэ гурван жилийг ашиглая. Та нар бүгд мундаг залуус, Монголын сор болсон хүмүүс, мэдээллийн технологийн компаниудыг үүсгэн байгуулж, хөгжүүлж байгаа.

E-Mongolia дээр хамтарч ажиллая гэж энд байгаа хүмүүсийн ихэнхийг урьсан, гуйсан. Бүгд үгүй гэсэн. Дахиж ийм хандлагаар биш зориг, цаг, хичээл зүтгэл гаргаад төртэйгөө хамтраач гэж уриалмаар байна гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавлан нар мэдээллийн технологийн салбарын гарааны компаниудыг татварын бодлого, хөнгөлөлттэй зээл гэх мэт тулгамдаж буй асуудалд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

RELATED POSTS

E-Mongolia систем 700,000 гаруй хэрэглэгчтэй боллоо

2021-02-24

by urantsetseg urantsetseg

Европын Галилейн системийн талаар танилцуулах арга хэмжээ болно

2021-02-23

by urantsetseg urantsetseg

Covid-19-с урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын гэрчилгээгээ E-Mongolia-с аваарай

2021-02-23

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.