Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг ирэх аравдугаар сарын 5-нд бүрэн зогсоохоор боллоо. Тодруулбал, ирэх долдугаар сарын 15-наас эхлэн Говь-Сүмбэр, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгуудад аналогийн телевизийн дахин дамжуулах станцуудыг бүрэн зогсооно. Харин наймдугаар сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгуудын аналоги станцыг унтраах бол есдүгээр сард Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс, Улаанбаатарын аналоги системийг бүрэн унтраана.
