Харилцаа холбооны салбарынханд шагналын хур буулаа
Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ойг өнгөрсөн тав дугаар сард тэмдэглэн өнгөрүүллээ. Салбарын спортын наадмаар эхэлж, “Радио Монгол” эрдэм шинжилгээний бага хурал, “Кансат” хиймэл дагуул хөөргөх үндэсний хоёрдугаар уралдаан, ICT EXPO-2014 үзэсгэлэнгээр буухиалж, Кибер аюулгүй байдлын олон улсын 5-р форум, баярын хурал, мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “ICT AWARDS”-аар өндөрлөлөө.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баярын хурлыг нээж Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэлэхдээ салбарын долоон зорилтын хүрээнд олон ажлуудыг хийж байгаагаагаас төрийн түгжрэлгүй үйлчилгээний ТҮЦ машин, ухаалаг шуудангийн үйлчилгээ, саяхан МҮТП-д үүдээ нээсэн Силикон хаус буюу “Монгол толгой”-г онцолж, телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги технологиос тоон технологид шилжих болон манай улс Үндэсний хиймэл дагуул хөөргөхийн чухлыг онцолж, ахмадууддаа болон салбарынхаа нийт албан хаагчдад ажлын амжилт хүссэн.
Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Мэдээлэл, харилцаа холбооны салбарын Ахмадын нэгдсэн хорооны төлөөлөл баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Ази-Номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын удирдлагаас ирүүлсэн мэндчилгээг уламжиллаа. Баярын хурлын үеэр шагналын хур бууж олон хүн төрийн өндөр дээд одон медиалаар болон салбарын шагналаар шагнагдаж хөдөлмөрөө үнэлүүлсэн юм.