Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар нь Монгол улсад 4-р үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага /ОУЦХБ/-ын Ази-Номхон Далайн орнуудыг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Аамир Риаз, ОУЦХБ-ын эксперт Ноён Марк Лоний нар энэ сарын 23-27-ны өдрүүдэд тус газарт ирж ажиллаа.
ОУЦХБ-ын зөвлөхүүд салбарын бодлого, зохицуулалтын байдалтай танилцан, үүрэн холбооны оператор компаниудын болон тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон байна.
4-р үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах бодлого, стратегийг боловсруулахад ОУЦХБ-н дээрх зөвлөхүүдийн дүгнэлт, зөвлөгөө чухал ач холбогдолтой бөгөөд зөвлөхүүдийн дүгнэлт энэ оны 7-р сарын 28 гэхэд бэлэн болох юм.
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага /ОУЦХБ/-ын Ази-Номхон Далайн орнуудыг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Аамир Риаз, ОУЦХБ-ын эксперт Марк Лони нарыг хүлээн авч уулзсан бөгөөд Монгол улсад 4-р үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ нэвтрүүлэх талаар харилцан санал бодлоо солилцлоо.