Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан, харицаа холбооны газар хамтран “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 11 сарын 5- ны өдөр 9:00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулах гэж байна.
“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын тухайд:
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарт 2000 оноос хойш Улсын Их Хурлын 2000 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал”-ыг баримтлан “Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө” болон 2005 оноос хойш “Цахим Монгол үндэсний хөтөлбөр” (2005-2012), “Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох үндэсний хөтөлбөр” (2008-2012), “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” (2010-2015), “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” (2011-2015), “Өрх бүрт шуудан хөтөлбөр” (2011-2020), “Өргөн зурвасын өндөр хурдны сүлжээ хөтөлбөр” (2011-2015), “Цахим засаг үндэсний хөтөлбөр” (2012-2016), “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр” (2012-2016) зэрэг 8 үндэсний хэмжээний хөтөлбөр Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж ирлээ.
Ийнхүү дээрх төлөвлөгөө, хөтөлбөрүүдээр дамжуулан үзэл баримтлалд дэвшүүлсэн зорилтууд үндсэндээ биелэгдэж байгаа бөгөөд дэлхий даяар түргэн хурдацтай хөгжиж байгаа тус салбарт төрөөс баримтлах бодлогыг цаашид шинэ шатанд тодорхойлох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Иймд “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж байгаа бөгөөд энэхүү баримт бичгийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төслийг боловсруулж батлуулахаар Засгийн газрын хуралдаанд өнөөдөр хэлэлцүүлж байна.
Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 2 заалтаас бүрдэх ба 1 дэх заалтаар “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар Засгийн газарт даалгах тухай асуудлыг тус тус зохицуулна.
“Төрөөс Мэдээлэл, харилцаа холбооны талаар баримтлах бодлого”-ыг манай улсын хууль тогтоомж болон гишүүнчлэл бүхий Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн байгууллагуудаас дэвшүүлсэн зорилт, гаргасан зөвлөмж, “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д нийцүүлэн боловсруулж байгаа болно.