Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “КанСат-2016” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөх олон улсын тэмцээний хүрээнд манай улсад айлчлан ирсэн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Др.Эгэмен Озалп болон Боловсрол, сургалт, мэдээллийн сангийн удирдлагын ажилтан Су Күн /Сюзан/ нарыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн тэргүүтэй удирдлагууд есдүгээр сарын 23-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Кансат” тэмцээнийг анх удаа олон улсын түвшинд амжилттай зохион байгуулсан явдалд Др.Эгэмен Озалп талархал илэрхийлж, Монгол Улсын сансар судлалын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд АНДСХАБ-тай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаар санал солилцов. АНДСХАБ-ын зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа идэвхитэйгээр үргэлжлүүлэх, улам өргөжүүлэхэд Монгол Улсыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.