-23072020-1595491877-1386029990-sod-od1

Б.Сод-Од: Програм бичих явцад хүүхдийн асуудал шийдэх чадамж сайжирч, техник сэтгэлгээ хөгждөг

Хүүхэд бүр програмист болох албагүй ч компьютер програмчлалын тодорхой хэмжээний мэдлэг чадвартай болох хэрэгцээ шаардлага бий.  Энэ талаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Программ хангамжийн багш Б.Сод-Одтой ярилцлаа.   Өмнө нь бид "Н.Ариунаа: Код бичиж сурснаар хүүхдүүд өөрсдөө тоглоом, анимейшн бүтээж чаддаг болно" ярилцлагыг хүргэж байсан билээ.  -Хүүхдэд кодчилол, програмчлалын хичээл орох нь ямар ач холбогдолтой талаар ярилцлагаа эхэлье.-Хуучнаар бид хөдөлмөрийн хичээл дээр мод зороод юм хийдэг байсан бол орчин үед хүн бүр технологитой харьцаж сурах шаардлага гарч байна. Технологийн хичээлийг орох тусгай хөтөлбөрүүд байна. Эцэг эх болгон хүүхдээ амьдрах чадвартай, сайн хүн болгох зорилготой. Тиймээс хүүхдээ аль болох сайн сургууль эсвэл дамжаанд суралцуулахыг эрмэлздэг болсон. Гаднын хөгжилтэй  орнуудын системд байдаг зарим сургалтын аргачлалууд Монголд орж ирээгүй байна.  Ямар нэгэн байдлаар хөгжингүй орнууд програмчлал, роботикийн хичээлийг сургалтын хөтөлбөртөө тусгасан байдаг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зарим өндөр төлбөртэй сургуулиудад технологи, мэдрэмж, урлаг соёл, хөдөлгөөн хөгжүүлэх хичээлүүд орж байгаа ч боловсролын тогтолцоонд байгаа ялгаанаас болоод нийтээрээ эзэмших боломжгүй байгаа юм. Хүүхдэд зориулсан програмчлалыг заах олон аргачлал бий. -Тэдгээрээс дурдахгүй юу?-Хүүхдийн програмчлалын технологиуд байдаг. Хамгийн түгээмэл сайн нь Массачусетсийн технологийн институтээс гаргасан Scratch програм юм. Хүүхэд блок өрөх зарчмаар ямар нэгэн зүйл эвлүүлээд, тэрийгээ програм болгож ажиллуулдаг, маш сонирхолтой. Тэр програмаар хүүхэд өөрөө тоглоом хийж болно. Мөн Blockly гэж програм бий. Scratch 8-аас дээш насны хүүхдүүдэд зориулсан бол Blockly  12-оос дээш насныханд тохиромжтой. Blockly  нь блок өрөхийн зэрэгцээ программчлалын код хажуудаа гардаг.  Мөн Alice буюу гурван хэмжээст дүрс, бас Swift Playgrounds гэдэг тоглоом хийдэг технологи бий. iOS, iPad дээр хийх зориулалттай.  /Scratch программ ашиглаад хийсэн тоглоомнууд/ Түүнчлэн Lego Mindstorm Robotics гэж бий. Эхлээд легогоо угсарна. Угсарсан лего нь чиптэй байх тул компьютер дээр програм бичээд, легогоо хөдөлгөх, гэрэл гаргах зэргээр янз бүрээр програмчлан тоглож  болдог. /Легогоор хийсэн роботоо програмаар удирдаж байгаа нь/ -Эдгээр програмуудыг ашиглаад хүүхдүүд юу бүтээж болох вэ?-Оюун санаанд хязгаар байхгүй гэж хэлдэг шүү дээ. Маш олон зүйл бүтээж болно. Жишээ нь, хүүхдүүд сагс тоглодог, хоорондоо хөөцөлддөг, өнгөөр буддаг, зурдаг, цонх арчдаг тоглоом ч хийж болно.  - Програмчлалыг эзэмших нь хүүхдэд ямар хэрэгтэй вэ. Ямар чадварууд хөгжих вэ?-Хүн програм бичих явцдаа алхам тутамдаа ямар нэг алдааг засаж, амьдрал дээр гарч байгаа асуудлуудыг шийдэж байдаг. Тиймээс хүүхдийн асуудал шийдэх чадамж сайжирч байна. Техник сэтгэлгээ хөгжинө, логик гаргалгаа сайжирна.  Бид хүүхдээ утсаа боль гэдэг байсан бол сүүлийн үед хорих шаардлагагүй болж байна. Учир нь амьдрах нийгэм орчин нь технологиос хамааралтай болчихлоо. Тухайлбал, манай аав ажил хийгээд, хөдөлмөрлөж байгаа болохоор надад гоё утас авч өгч байна, би үнэхээр хичээж байгаа учраас энэ юмыг хийж чадаж байна гэх мэт хүүхэд блок өрөх зарчмаар энэ үйлдлийн дараа ийм байна гэсэн  логик дарааллын сэтгэлгээ нь сайжирдаг. Мөн програм бичихэд сайтар төвлөрөх шаардлага гардаг учраас хүүхэд төвлөрч сурдаг. Хүүхдийн програмчлалд 30-45 минут анхаарал хандуулахад хангалттай байдаг. Нэг хичээлийн 45 минутанд хүүхэд ядраад нозоороод байдаг бол програмчлалын хувьд 10 минут суусан мэт маш хурдан өнгөрчихсөн байдаг. -Хэдэн жилийн дараа ажлын байранд тавигдах шаардлагад програмчлалын мэдлэг орж ирнэ гэсэн таамаглал бий. Тэр талаар та ямар бодолтой байна вэ? Түүнчлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт ийм хичээл оруулах шаардлагатай гэж бодож байна уу?-Ажлын байрны шаардлагын өөрчлөлтүүд ойрын 2-3 жилийн хугацаанд манай улсад мэдрэгдэхгүй байх. Тийм  таамаглал бүхий нийтлэлүүд гаднын сайтуудад гарсан. Мундаг програмист болохгүй ч програмчлалын үндсэн логик сэтгэлгээг сурчихсан хүнд ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн хүн болно гэсэн шаардлага гарна гэдэг нь цаг хугацааны асуудал болно. Яг л ажилд ороход IQ эсвэл өөр бусад төрлийн шалгалт авдагтай л ижил тодорхой доод түвшний програмчлалын наад захын мэдэгдэхүүний шалгалт авдаг болох өндөр магадлалтай.  Тиймээс сургуулиудад ийм хичээлийг зайлшгүй оруулах ёстой гэж бодож байна.  Ядаж л ахлах ангид. Зарим сургуулиудад зааж байна.  Гэхдээ их сургуульд мэдээлэл зүйн багш нарыг бэлдэж байхад багшид нь энэ талаар заагаагүй бол зарим багшид хүндрэлтэй байж болох юм. Тэр хүн бэлтгэгдэхдээ програмчлалаар бэлтгэгдсэн үү эсвэл ерөнхий компьютерийн чиглэлээр бэлтгэгдсэн үү гэдгээс хамаарна.  Бид хүүхдээ утсаа боль гэдэг байсан бол сүүлийн үед хорих шаардлагагүй болж байна. Гол нь үзэж байгаа контент болон цагт нь хязгаар тавих ёстой. Харин холдуулж болохгүй. Учир нь амьдрах нийгэм орчин нь технологиос хамааралтай болчихлоо. -Таны бодлоор мэдээлэл зүйн хичээлд ямар сэдвийн хичээлүүд оруулах нь зүйтэй вэ?-Эхний жилдээ Scratch  програм, дараа жил нь веб сайт, дараа нь хөдөлгөөнт тоглоом, гар утасны програм зэргийг дунд сургуульд зааж болно гэж бодож байна. Учир нь хүүхдүүд маш хурдан сурдаг. Оюутан гэхээсээ илүү хүүхэд байхад нь заавал илүү үр дүнтэй.  Их сургуульд багшилж байхад зарим оюутан үнэхээр чадварлаг сайн байна. Зарим нь боломж бололцоо нь байхгүй, эсвэл хүсэхгүй байж болно. Эсвэл зарим нь хичээгээд ч чадахгүй байж болно. Сайн байгаа хүүхдүүд нь нөхцөл нь бүрдээд, маш хичээнгүй байж болно. Эсвэл логик сэтгэлгээ нь багаасаа сайн хөгжсөн байж болно. Тэгэхээр багаас нь энэ салбарт ойртуулж өгч байж илүү сайн болно гэсэн үг. Гэхдээ програмчлал бол хэцүү зүйл биш. Математикийн өндөр мэдлэг шаардахгүй. -Амар хялбар аргаар, хүүхдийн сонирхлыг татах хэмжээнд програмчлалыг яаж заадаг вэ? -Бага  насны хүүхдүүдэд биечлэн зааж байгаагүй ч цахим сургалтыг судалж байсан. Ээж аав нь хүүхэдтэйгээ харьцаа, хамтдаа сурч бүтээвэл их сайн сурна. Эсвэл хоёр гурваар нь баг болгоод тоглоом хийх аргаар зааж өгдөг. Жишээ нь, энэ бөмбөгийг залдаг болгоё гэх мэтээр заах нь хүүхдийн сонирхлыг татна.  Програмчлал гэдэг нь их хэцүү гэсэн ойлголт нийтэд байгаа. Тэгэхээр ойлгочихвол хялбар байх боломжтой гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулмаар санагддаг.  Харин нэгэнт сурчихсан хүнд хэцүү зүйл байхгүй. Лего тоглоом шиг програмчлал их сонирхолтой. Энэ нь байнга шинэчлэгдэж байдаг салбар учраас програмистууд  дагаж хувьсаж байх шаардлагатай.  Зарим мундаг програмистууд их хөгжилтэй мэргэжил  гэж хэлдэг. Хэцүү биш сонирхолтой салбар.  -Сэдвээсээ бага зэрэг хөндийрөөд нэг зүйл асууя. Хиймэл оюун ухааны талаар ойлголт өгөхгүй юу? Хиймэл оюун ухаан хүний тархийг давж сэтгэнэ ч гэж ярьж байна. -Маш өргөн хүрээний асуудал. Манай Мэдээлэл холбооны технологийн сургууль энэ жилээс хиймэл оюун ухааны чиглэлээр элсэлт авч эхэлж байна. Учир нь цаг үе нь болчихсон. Хиймэл оюун гэж бид ойрын хэдэн жил л түлхүү яриад байгаа болохоос энэ нь 1990-ээд онд ч байсан зүйл. Одоо бол энэ салбар их хөгжөөд байна. Ирээдүйд кинон дээр гардаг шиг супер түвшинд очих чиглэл рүүгээ явж байна. Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон Илон Маск хоёр энэ асуудлаар маргадаг. Илон Маск хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг дарангуйлна гэсэн байр суурьтай байгаа бол Цукерберг тийм юм байхгүй гэдэг. Интернэтээр сонирхож судалбал олон доктор профессоруудын судалгаа ч бий. Гэхдээ одоогоор тийм аймшигтай түвшинд очоогүй байна. 20 жилийн өмнө өнөөдрийнх шиг хүмүүс бүх юмаа хийж болохоор ийм утастай болно гэж төсөөлөөгүй. Ирээдүйд юу болохыг төсөөлшгүй. Одоо бид ерөнхий ойлголттой болчихсон. Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт нэвтэрчихлээ. Хорт хавдрын шинжилгээг эмч нарт туслах байдлаар тоон үзүүлэлт гаргадаг болчихсон байна. Төрөл бүрийн салбарт орж байна. Жишээ нь дэлгүүр ороход танд таарах хувцсыг санал болгож болно. Тиймээс хүн болгон тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. -Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй
241f2b1ebe241ad0f279bcb439f9189a

5G технологи ба Монгол: Сорилт, боломж, ирээдүй

Дэлхий даяар мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар төдийгүй аж үйлдвэр, нийгмийн бүхий л салбаруудад хамааралтай нэгэн шинэ тренд үүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Тийм ээ, энэ бол 5G технологи. 5G бол өнөөгийн бидний хэрэглэж буй өндөр хурдны хөдөлгөөнт интернетийн 4G/LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үе юм. Хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн хувьд дараах давуу талуудыг нь онцолж болно. 1. Хэт өндөр хурдны өгөгдөл дамжуулалт 2. Өгөгдөл дамжуулах асар их хүчин чадал 3. Өгөгдөл дамжуулалтын асар бага хоцрогдол зэрэг юм. Ийм ч учраас 5G технологи нь дэлхийн өнцөг булан бүрд асар их хүлээлт, найдварыг үүсгээд байгаа билээ. Гэвч энэхүү “Мөрөөдлийн технологи”-ийг бодит амьдралд нэвтрүүлэхийн өмнө нэлээдгүй олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэдгийг өндөр хөгжилтэй орнууд аль хэдийнээ харуулаад байна.Т.Хамада Юуны өмнө 5G технологийг аль хэдийн нэвтрүүлсэн Япон, АНУ, БНХАУ, Их Британи, Европын орнуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан хүний нүдээр харахад 5G нэвтрүүлэх төлөвлөгөө, хамрах хүрээний тэлэлт, 5G үйлчилгээний үнэ тариф гэх зэрэг маш олон сорилтууд бэлхнээ ажиглагдаж байсан юм. Гэхдээ үүнээс илүү хамгийн чухал сорилт бол 5G үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээ бодит амьдрал дээр хараахан дэлгэрээгүй байгаа явдал билээ. Харамсалтай нь КОВИД-19-ийн тархалт ч мөн энэхүү технологийг зах зээлд нэвтрүүлэх явц, хэрэглээний өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Маш олон үүрэн холбооны операторууд болон үүрэн холбооны дэд бүтэц үйлдвэрлэгч компаниуд хамтран, тухайн орныхоо засгийн газруудынхаа тусламжтайгаар 5G технологи, түүний давуу талуудыг сүр дуулиантай танилцуулсан нь саяхан. Гэвч 5G технологийн олгох төгс шийдлүүдийг хангалттай бүрэн хэмжээнд ашиглахад масс хэрэглэгчийн зах зээл бэлэн биш байгаагаас гадна уг технологийг ашиглаж, үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэх бизнесийн салбарууд ч хараахан хөгжиж амжаагүй байгаа нь гол асуудал болоод байна. Өнөөгийн нөхцөлд зах зээлийн голлох хэрэглээ нь ердөө л мэдээ, мэдээллийг өндөр хурдаар татаж авах хэмжээнд байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл 5G-д түшиглэсэн инновацилаг, шинэ соргог, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ масс хэрэглэгчийн зах зээлд нэвтрэх цаг ирээгүй байна гэсэн үг. 5G технологи хэрхэн ажилладгийг тайлбарлахын тулд хэрэглэгч танд зарим технологийн үзүүлэлтүүдийг онцлон танилцуулах нь зүйтэй Өмнө дурдсанчлан асар өндөр хурдаар өгөгдөл дамжуулах чадвар дээр эхлээд төвлөрье. Бидний өдөр тутамдаа ашиглаж буй 4G/LTE технологи нь 100 Mbps-ээс хамгийн ихдээ 1 Gbps хооронд мэдээлэл дамжуулах хурдыг үзүүлэх чадалтай байдаг. Харин Мобикомын хувьд ондоо түвшний хэд хэдэн радио долгионы давтамжийг нэгтгэх технологи ашиглан, туршилтын орчинд 220 Mbps хүртэл хурд гарган авсан. Мэдээж хэрэг бодит байдал дээр маш олон хэрэглэгч нэгэн зэрэг 4G/LTE ашигладаг тул дундаж хурд нь ойролцоогоор 20Mbps болж буурдаг. Харин 5G технологийн хувьд 4-20Gbps хүртэлх хурдыг үзүүлэх боломжтой ба энэ нь 4G/LTE технологиос даруй 10 дахин хурдан гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгээс хоёр цагт татдаг киног ердөө хэдхэн минутад татах боломжтой болох учиртай. 5G ТЕХНОЛОГИ ЯАГААД ИЙМ ӨНДӨР ХУРДЫГ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?  Бидний бие биедээ илгээж буй мессэж, хийж буй дуудлага бүр тухайн хэрэглэгчийн гар утас болон сүлжээ дамжуулах суурь станц хооронд радио долгионы солилцоогоор дамжиж байдаг гэдгийг бид мэднэ. Радио долгион нь “давтамж” болон ”зурвас”-аараа ялгаатай байх бөгөөд түүгээр дамжих 2G, 3G, 4G болон 5G сүлжээнүүдийн онцлогт тааруулан ашиглагддаг. Түүнчлэн, радио давтамж нь олон нийтийн “Wi-Fi”, ФМ Радио болон бусад харилцаа холбоонд ч мөн идэвхтэй хэрэглэгддэг билээ. Манай орны хувьд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос (ХХЗХ) олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үүрэн оператор компаниуд 4G/LTE сүлжээг 1.8MHz давтамж дээр голчлон ашигладаг. Мөн долгионы давхцал үүсэхээс сэргийлж уг давтамжийг оператор бүрд 10 MHz -20 MHz бүхий өргөн зурвасаар ялгаатайгаар хуваарилж өгсөн байдаг. Жишээ нь:• Мобикомын байршуулах (upload) давтамжийн зурвас нь 1735MHz -1755 MHz хооронд, татах (download) давтамжийн зурвас нь 1830MHz – 1850 MHz хооронд (Улаанбаатарт) • Бусад операторын байршуулах (upload) давтамжийн зурвас нь 1710MHz – 1735 MHz хооронд, татах (download) давтамжийн зурвас нь 1805MHz – 1830 MHz хооронд (Өөрсдийн хийсэн судалгаагаар олж тогтоосон болно) Харин 4G/LTE технологиос ялгаатай нь 5G технологийг дэлхий даяар 3.5GHz-ээс 4.6GHz болон 27GHz-ээс 30GHz өндөр давтамжаар дамжуулах стандарт тогтоод байна. ХХЗХ нь Монгол улсад 5G технологийг ашиглах давтамжийн тусгай зөвшөөрлийг хараахан олгож эхлээгүй байгаа. Радио долгионы давтамж гэдэг бол тухайн улсын харилцаа холбооны салбарын хязгаарлагдмал нөөц баялаг байдаг тул давтамжийн тусгай зөвшөөрлийг нарийн судалгааны үндсэн дээр үүрэн холбооны операторууд болон бусад цөөн тооны үйлчилгээ эрхлэгчдэд олгох шаардлагатай.Т.Хамада Иймд 5G технологийг зах зээлд нэвтрүүлэх чиглэл, зохицуулалтын бодлого, холбогдох журмуудыг зохицуулагч байгууллагуудаас боловсруулсны үндсэн дээр уг технологийг зах зээлд нэвтрүүлэх чадамж бүхий оператор компанид тусгай зөвшөөрлийг олгох нь зүйтэй. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас 5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэлийг батлан гаргасан юм. Улмаар ХХЗХ уг бодлогод үндэслэн 5G технологийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй дүрэм, журмыг боловсруулах учиртай. Энэхүү бодлогын чиглэлд 5G технологийн давтамжийн тусгай зөвшөөрлийг 2023 оны “Олон Улсын Радио Харилцаа Холбооны Чуулга Уулзалт”-аас гарах 5G технологийн радио долгионы давтамжийн зөвлөмжүүд болон шийдвэрүүд дээр үндэслэн олгоно хэмээн тусгажээ. Тийм ч учраас Монголын үүрэн операторууд 2023 оноос өмнө 5G технологийн техникийн бэлтгэл байдлаа хангаж, 2023 оны сүүлээс 2024 оны эхэн гэхэд зах зээлд нэвтрүүлэх багцаа харагдаж байна. Харин радио долгионы давтамж ашигладаг утасгүй харилцаа холбооны хувьд өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс ихээхэн хамаардаг. Бага давтамжийн хувьд боломжит зурвасын өргөний хэмжээ бага байдаг бол их давтамжтай тохиолдолд боломжит зурвасын өргөний хэмжээ их байдаг. Жишээ татаж тайлбарлавал, нарийхан усны хоолойгоор нэг дор татах усны хэмжээ бага учраас удаан соруулдаг бол бүдүүн усны хоолойгоор их хэмжээний усыг богино хугацаанд татах боломжтой. Тиймээс өндөр давтамж бүхий 5G технологи ашигласан ч хуваарилагдсан зурвасын хэмжээ нь хязгаарлагдмал бол бол 4G сүлжээнээс мэдээлэл дамжуулах хурд нь илүү гарахгүй гэсэн үг юм. ТЭГВЭЛ ЯАГААД РАДИО ДОЛГИОНЫ ӨНДӨР ДАВТАМЖУУДЫГ (3.5GHZ - 4.6GHZ ЭСВЭЛ 27GHZ - 30GHZ) ОДООГИЙН 4G СҮЛЖЭЭНД АШИГЛАДАГГҮЙ ВЭ?  Өндөр давтамж нь бага давтамжаас хамаагүй өргөн хүрээтэй, өндөр хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой хэдий ч бодит байдал дээр цөөнгүй хүндрэлүүдтэй тулгардаг. Радио долгионы давтамжийн суурь шинж чанаруудын хувьд авч үзвэл бага давтамж нь хамрах хүрээ их бөгөөд аливаа биет зүйлсийг нэвтлэх чадвар сайтай. Харин өндөр давтамж нь урвуу хамааралтай байдаг. 5G-ийн туршилтаар салхинд хийсэх модны навч ч 27GHz - 30GHz-ийн өндөр давтамжуудад нөлөө үзүүлж байсан бөгөөд барилга байшин нэвтлэх чадвар нь 4G-д ашиглагддаг давтамжаас 10 дахин бага болох нь ажиглагдсан. Нэг үгээр хэлбэл 5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх, барилга байгууламж, газар доорх талбай бүрд хүргэхийн тулд нарийн судалгаанд суурилсан оновчтой хөрөнгө оруулалт хийх нь операторуудын хувьд маш чухал юм. Өнөөгийн 2G, 3G, 4G сүлжээгээр хамарсан газар нутгийг 5G-д бүрэн хамруулахын тулд хамаагүй олон тооны станц нэмэлтээр барих шаардлагатай болно. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын өгөөж болон ашигт ажиллагаа нь мэдээж сөрөг гарна. Тэгэхээр бодит байдал дээр дэлхийн жишгийн дагуу өнөөгийн үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээтэй адилаар 5G-гийн хамрах хүрээг өргөжүүлэх боломж огт үгүй гэж хэлж болно. Монголын хувьд зах зээлийн нөхцөлдөө тохируулан эхний ээлжид нэн шаардлагатай, тодорхой салбарт эсвэл төвийн бүсийн нэн хэрэгцээ бүхий газруудад 5G сүлжээг нэвтрүүлж эхлэх нь зүйтэй юм.Т.Хамада 5G сүлжээг анхлан нэвтрүүлсэн Япон, БНСУ, АНУ зэрэг улс орнуудын туршлагаас харахад голчлон 3.5GHz - 4.6GHz давтамжийг ашиглаж байгаа бөгөөд маш ховор тохиолдолд л 27GHz - 30GHz давтамжийг ашиглаж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын өгөөжийг харгалзан үзвэл юун түрүүнд 3.5GHz - 4.6GHz давтамжаар дамжих 5G сүлжээний хамрах хүрээг богино хугацаанд, магадгүй 1-4 жилийн хооронд аль болох өргөн хүрээнд тэлэх нь боломжит хувилбар болоод байна. Харин 27GHz - 30GHz давтамжийн сүлжээг дээр дурдсанчлан хязгаарлагдмал, нэн шаардлагатай газруудад нэвтрүүлэх нь зүйтэй. БАС НЭГ СОРИЛТ 5G технологийн өөр нэг давуу тал нь хоцрогдол багатайгаар өгөгдөл дамжуулах боломж юм. Харилцаа холбооны салбарт хоцрогдол гэдэг нь нэг цэгээс нөгөө рүү өгөгдөл дамжуулахад хэр хоцрогдолтой очиж байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм. 4G сүлжээний хувьд энэ үзүүлэлт 10мм/сек байдаг бол 5G сүлжээний хувьд 1мм/сек буюу 10 дахин бага хоцрогдолтойгоор өгөгдөл дамжуулах боломжтой. Энэхүү зөрүү нь өдөр тутмын энгийн үйлдэл хийхэд асар бага нөлөөтэй мэт боловч алсын зайнаас машин жолоодох болон мэс ажилбар хийх зэрэг нарийн үйлдлүүдэд үлэмж мэдрэгдэнэ. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр хийгддэг мэс ажилбарын хувьд багахан хоцрогдол маш том аюул дагуулах боломжтой. Алсын зайны жолоодлогын хувьд, 10мм/сек хоцрогдол гэдэг бол 60км/цагийн хурдтай явж байгаа машин огцом тоормослоход 15 см илүү явж байж зогсоно гэсэн үг. Харин 5G сүлжээг ашигласнаар эдгээр эрсдэлүүдийг эрс бууруулах боломжтой юм. 5G технологи нь одоогийн 4G-гээс асар их давуу талуудтай ч гэсэн өнөөгийн нөхцөлд асар бага хоцрогдолтойгоор өгөгдөл дамжуулах шаардлагатай үйлчилгээ, нөхцөл байдал бидний амьдралд хэр их тохиолддог билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Дан ганц Монгол гэлтгүй бусад орнуудыг ч авч үзсэн өдөр тутмын амьдралд тулсан хэрэгцээ төдийлөн гарахгүй л байна. Дээр дурдсанчлан, 5G технологи нь радио долгионыг илүү үр дүнтэйгээр ашиглан таны гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөс ойр байгаа 5G станц хүртэл өгөгдөл дамжуулах дэвшилтэт технологи юм. Гэтэл сүлжээ дамжуулах станцаас үндсэн сүлжээний систэм рүү өгөгдөл дамжуулах техник, технологи нь шинэчлэгдэхгүй бол 5G сүлжээний давуу талуудыг мөн л ашиглах боломжгүй. 5G сүлжээний бага хоцрогдлын ялгааг бүрэн мэдрэхийн тулд оператор компанийн үндсэн систэм болон одоогийн 5G суурь станцууд руу татаж байгаа дамжуулах сүлжээний системийг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй болно. Хэрэв 5G суурь станц болгондоо сүлжээний сервертэй бол “Edge-Computing” аргыг ашиглан, 5G технологийн давуу талуудыг хэрэгжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд магадгүй 5G сүлжээг зарим цаг хугацааны хувьд мэдрэмтгий аж үйлдвэрийн салбаруудад нэвтрүүлснээр үр өгөөжтэй байж болох юм. 5G НЭВТЭРСНЭЭР ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ? Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Мобиком Корпорацийн хувьцаа эзэмшигч “KDDI Corporation” нь 5G сүлжээг “NTT Docomo” болон “SoftBank Mobile” гэсэн операторуудтай хамтран Японы 15 мужид нэвтрүүлээд байна. KDDI 2021, 2022 онуудад жил бүр 10’000 орчим 5G-гийн суурь станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр 5G сүлжээний хэрэглээ өсөх нь гарцаагүй юм. Үүрэн холбооны хөгжлийн эхэн үед 1G, 2G сүлжээнд суурилсан товчлуурт утсыг бид ашигладаг байсан. Тухайн үед тасалдалгүй харилцаа л бидний хувьд маш чухал байжээ. Харин 3G сүлжээний нэвтрэлтийн үед технологи илүү боловсронгуй болж, дуудлагын чанар эрс сайжирч, зураг болон богино бичлэг, имэйл илгээх, дуу татах, интернетээс бичлэг үзэх зэрэг энтертэйнмэнт хэрэглээ гар утсанд багтсанаар ухаалаг утасны эрин үе эхэлсэн гэж үздэг. Харин 4G нэвтэрсний дараагаар өгөгдөл дамжуулах хурд эрс сайжирч, кино үзэх, маш олон төрлийн апликейшн ашиглах болсноор ухаалаг утас бидний амьдралын зайлшгүй нэгэн хэрэгцээ болсон. Банк санхүү, цахим худалдаа, үзвэр үйлчилгээг гар утаснаасаа өдөр тутамдаа авч ашиглах болсон нь үүний нэг жишээ. 2020 оноос эхлэн 5G сүлжээний эрин эхэлж шинэ норм болох нь гарцаагүй боловч бидний өдөр тутмын хэрэгцээ шаардлага одоогийнхоос өөрчлөгдөхгүй тохиолдолд 4G сүлжээний хүчин чадал хангалттай байсаар л байна. Өөрөөр хэлбэл 5G нэвтрүүлэх онцын шаардлага гарахгүй гэсэн үг. Гар утасны хувьсал нь бидний ТВ болон интернеттэй компьютерын хэрэглээг ухаалаг утас руу шилжүүлчихсэн учир үүгээр ч зогсохгүй ирээдүйд зах зээлийн шинэ соргог үйлчилгээнүүд ухаалаг утсаар дамжин хөгжих нь гарцаагүй. Цаашилбал ирэх жилүүдэд ухаалаг утасны дэвшлээс гадна IoT (Internet of Things) буюу “Зүйлсийн Интернет” хэмээгдэх технологи нэвтэрч, эд юмс бүрийг интернеттэй холбон, гар утсаараа удирдах хэрэгцээ бидний амьдралд илүү гүн нэвтрэх цаг айсуй. Чухам энэ шинэ хэрэгцээг нутагшуулахын тулд 5G технологи, түүнийг дагасан үүрэн холбооны суурь сүлжээний сайжруулалтуудыг хийхээс өөр сонголтгүй болно. 5G МОНГОЛД ХЭЗЭЭ НЭВТРЭХ ВЭ? Өмнө нь хэлсэнчлэн, 5G технологи нь Монголд 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны эхээр нэвтрэх хүлээлттэй байгаа. Гэхдээ дараах сорилт, туршлагуудыг зайлшгүй мэдэх хэрэгтэйг ахин онцолъё. Нэгдүгээрт, дэлхийн зарим улс орнууд 5G технологийг хэдийнээ нэвтрүүлсэн ч хараахан амжилттай болоогүй байна. “Хараахан амжилттай болоогүй байна” гэдэг нь зах зээлд 5G технологийн хэрэгцээ шаардлага бүрэн үүсээгүй, 5G технологийн давуу талуудыг ашиглах боломж нь хараахан бүрдээгүй байна гэсэн үг. Харин жил ирэх тусам бага багаар хэрэглээ нь нэмэгдэх нь тодорхой юм. Хоёрдугаарт, 5G сүлжээг хүлээн авах чадалтай ухаалаг утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийн зах зээлийн ханш нь 4G ашигладаг төхөөрөмжөөс харьцангуй өндөр байна. Миний мэдэж байгаагаар “Android” үйлдлийн систэмтэй 5G гар утас үйлдвэрлэгдсэн байгаа ч “iOS”-д суурилсан төхөөрөмж хараахан гараагүй байна. Зах зээлийн үнийн хувьд өндөр үзүүлэлттэй 5G ухаалаг утас ойролцоогоор $1’000 буюу 4G гар утаснаас даруй $200-оор үнэтэй. Харин дундаж үзүүлэлттэй гар утаснууд 2020 оны зун гэхэд $600-$700 үнэтэй борлуулагдаж эхлэх байх. Энэ мэтээр хагас жил тутамд ухаалаг утаснууд илүү сайжирч, мөн үнийн хувьд хямдарснаар хоёрдогч зах зээл дээр ч олдоц нь нэмэгдэх хандлагатай байна. Гуравдугаар, судалгаанаас үзэхэд 5G үйлчилгээний хязгааргүй дата багцын зах зээлийн үнэ Япон, БНСУ, АНУ-д дунджаар сарын $75. Харин БНХАУ болон Европын орнуудад дунджаар сарын $45 байна. Үүнээс харахад 5G дата багцын үнэ 4G үйлчилгээнээс $10-$20 үнэтэй харагдаж байна. Үүрэн холбооны операторуудын хувьд үйлчилгээний үнэ тогтооход юун түрүүнд зах зээлийн хэрэгцээ шаардлага, мөн хөрөнгө оруулалтын өгөөж чухал байдаг. Хэрэв зах зээлийн хэрэгцээ шаардлага их байвал үйлчилгээний тарифыг багаар тогтоож болох ч хэрэгцээ бага тохиолдолд бизнесийн ашигт ажиллагааны үүднээс үйлчилгээний тарифыг өндрөөр тавихаас өөр сонголтгүй. Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хувьд харилцаа холбооны операторууд өөрсдийн тоног төхөөрөмжөө дэлхийн хэмжээний үйлдвэрлэгчид болох “Huawei”, “Ericsson”, “Nokia”, “ZTE”-ээс худалдан авч байна. Мэдээж хэрэг 5G сүлжээний нэвтрүүлэлтийн эхэн үед дэд бүтцийн тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр худалдан авах боловч дэлхийд улам танигдаж, нэвтрээд ирэхийн хэрээр цаашдын үйл ажиллагааны зардал, үйлдвэрлэлийн өртөг нь жилээс жилд буурна. Тийм ч учраас яарч хөрөнгө оруулалт хийлгүйгээр, үйлдвэрлэлтийн өртөг багассан үед нь тоног төхөөрөмжийн худалдан авалтаа эхлүүлбэл хөрөнгө оруулалтын хувьд ч, үр өгөөжийн хувьд ч ашигтай байх болов уу. Тэгснээр хэрэглэгчдэдээ ч боломжийн үнээр үйлчилгээгээ хүргэх нөхцөл бүрдэх юм. Тийм ч учраас яарч хөрөнгө оруулалт хийлгүйгээр, үйлдвэрлэлтийн өртөг багассан үед нь тоног төхөөрөмжийн худалдан авалтаа эхлүүлбэл хөрөнгө оруулалтын хувьд ч, үр өгөөжийн хувьд ч ашигтай байх болов уу. Тэгснээр хэрэглэгчдэдээ ч боломжийн үнээр үйлчилгээгээ хүргэх нөхцөл бүрдэх юм.Т.Хамада Дээрх шалтгаануудын улмаас хэрэглэгчдийнхээ, салбарынхаа, оператор компаниудынхаа эрх ашгийг бодолцож үзэж, 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны эхээр ХХМТГ-ын гаргасан бодлого дээр суурилан 5G сүлжээг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэр хүртэлх 3 жилийн хугацаанд зах зээлийн дижитал шилжилтийг түргэсгэж, хэрэглэгчдийн дижитал хэрэглээг нэмэгдүүлэх, ингэснээр 5G технологийн бүхий л давуу талууд болон гайхалтай шийдлүүдийг бүрэн бүтэн ашиглах бололцоо бүрдэх нь дамжиггүй.

Дэлгэрэнгүй
human_spaceflight_iss

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажилагааг өргөтгөхөд чиглэсэн 750,000 ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нөхцөл бүхий “Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2020 оны сонгон шалгаруулалт зарлагдлаа. Төслийг 2020 оны 8 дугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.intersputnik.com/development-program/ холбоосоор эсхүл investprog@intersputnik.com хаягаар хандан авах боломжтой.

Дэлгэрэнгүй
mendchilgee-2048×2048

Мэндчилгээ

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг байсан харилцаа холбооны салбар маань нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд нэвтэрч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлээр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүртэж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах байнгын хэрэглээ болсон алгандаа багтах Ухаалаг утаснаасаа  хүртэж, Цахим засаглалыг бий болгож байгаа нь томоохон ололт амжилт билээ. Хил хязгаар хаалттай байгаа энэ онцгой цаг үед олон улсын хурал уулзалт,семинар, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хичээлүүд мэдээллийн технологийн тусламжтайгаар тасралтгүй явагдаж байгаа нь Та бидний ажлын үр шим, хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн хөгжлийн түүх, бахархах үнэт зүйлс гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.   Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж салбарынхаа түүхийг бичилцэж яваа үе үеийн ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч багш, үйлчлүүлэгч, үйлчилгээний байгууллагуудын ажилтан, албан хаагчдадаа орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон болон хувиасаа хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.             Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй
img_1694-1-2048×2048

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнэ томилогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020.07.22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо. Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэн орж Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Ажлын туршлага: 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн, 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн, 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, 2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх, 2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх, 2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч, 2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Дэлгэрэнгүй
mendchilgee-2048×2048

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж байхаар тогтоосон билээ. Энэ жилийн хувьд ковид-19 цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн  бэлэн байдлын хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тул баярын хурал болон ямар нэгэн арга хэмжээг салбарын нийт байгууллага, компаниудыг хамруулан тэмдэглэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2020-2022 онд хэрэгжүүлэх хамт /тариф/-ын хэлэлцээр

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2020-2022 онд хэрэгжүүлэх хамт /тариф/-ын хэлэлцээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнанд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдлээ.

Дэлгэрэнгүй
hari-ogn6qug4sh1awr2lwcbug3a5yrtuddeyuttx1qqaa0

Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сангийн тухай

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 12 дугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Энэхүү хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгдсэн билээ. Энэ хууль хэлэлцэн батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Зар сурталчилгааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус нэмэлт орж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.3-т “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг  Засгийн газар батална”, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29.1.4-т “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулах” гэж тус тус заасанчлан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 3-ны A/75 тоот тушаалаар “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын төслийг боловсруулах зорилготой ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан”-гийн дүрэм болон журмын төслийг боловсруулав. Уг журмын төсөлтэй танилцан холбогдох саналыг byambasuren@cita.gov.mn хаягаар бидэнд ирүүлж, хамтран ажиллахыг хүсч байна. "ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДҮРЭМ" татах “ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САН БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ”-ын төслийг татах.

Дэлгэрэнгүй
sonirhol

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл Төслийн дугаар:  5483-MN Зөвлөх үйлчилгээний нэр:  Мэдээлэл, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний бодлогыг сайжруулах зөвлөх үйлчилгээ. Зөвлөх үйлчилгээний дугаар:  2.1.10 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөх компани нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн өнөөгийн байдал, хүчин төгөлдөр хэрэгжиж буй бодлогын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, олон улсын шилдэг туршлага, үнэлгээнд тулгуурлан бодлогыг боловсронгуй болгох талаар зохих зөвлөмжийг боловсруулна. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ. Шалгуурын хураангуй:  Сонирхсон байгууллага дараах ерөнхий шалгуурыг хангасан байна. Үүнд: МХХ-ны салбарт 5-аас доошгүй жилийн хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх Байгууллага нь дараах тусгай шаардлагыг хангасан байна: МХХ-ны салбарын бүх нийтийн үйлчилгээ болон хүртээмжийн чиглэлээр 2-оос доошгүй удаа зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан;Бүх нийтийн үйлчилгээний сан болон хөтөлбөрийн талаарх бодлого, эрх зүй, зохицуулалтын санаачлага боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 2-оос доошгүй төсөл хэрэгжүүлж байсан;Дижитал хүртээмжийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт санхүүгийн шинжилгээ хийх 1-ээс доошгүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Ажлын даалгаврыг www.smart.gov.mn  -ээс татаж үзнэ үү. Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.   Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана. Даваа - Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу: Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ Утас: +976-51264870 Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү Зөвлөх үйлчилгээг 4 сарын дотор багтааж гүйцэтгэнэ. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод хийгдэх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон шалгарсан зөвлөхийн ажлын байранд явагдана.

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 13 results