zorig-said

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна. С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж,  нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын  Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ. С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна. С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ.               Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь  [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
нямдаваа сайд

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй. Энэ удаад 1996 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Галсандагвын Нямдаваагийн тухай нийтэллээ. Г.Нямдаваа нь 1958 онд Ховд аймгийн Чандмань сумын нутаг Жаргалантхайрхан гэдэг газар төржээ. Тэрбээр 1966-1976 онд нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн дунд сургуульд орж, нэг жил суралцан, улмаар Москвагийн эрчим хүчний дээд сургуульд шилжиж, 1977-1983 онд суралцаж төгссөн бөгөөд 1995-1996 онд мөн сургуулийн магистрт суралцаж, магистрийн зэрэг хамгаалжээ. Г.Нямдаваа 1983-1984 онд Улаанбаатар хотын тээврийг удирдах газарт диспетчер, инженер, 1984-197 онд Тээврийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1987-1990 онд Тройллебусны  комбинатын ерөнхий инженер, 1990-1992 онд  Засгийн газрын дэргэдэх Зам, тээврийн ерөнхий газрын дарга, 1993-1996 онд Тагнуулын төв газарт хэлтсийн дарга, “Агь” ХХК-д зөвлөх, 1996-1998 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар тус, тус ажиллажээ. Тэрбээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцын өрнөлтийн жилүүдэд Зам тээврийн ерөнхий газар ба Дэд бүтцийн хөгжлийн яаманд удирдах албан хашиж, ардчиллын үйл хэрэгт оролцон, ардчилсан хүчний анхны Засгийн газраас явуулж байсан бодлого, “МҮАН- МҮДН”-ын ба ардчилсан холбоо” эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байлаа. Энэ үед Дэд бүтцийн хөгжлийн яамны зохион байгуулалт бүтцийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн боловсронгуй болгож төрийн мэргэшсэн албан хаагчдаар аппаратыг бүрдүүлэн, ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэн ажиллуулснаар яамны газар, хэлтэс, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ажилд зарим ахиц өөрчлөлт гарчээ. Монгол Улсын шуудангийн салбарт банк санхүүгийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх асуудлыг 1995-1996 онд боловсруулан, Засгийн газарт уг асуудлыг оруулан, “Шуудангийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 1997 оны 99 тоот тогтоол гарч, шуудангийн санхүүгийн үйлчилгээг Ховд аймагт 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс туршилтын журмаар эхлүүлэн, үр дүнг 9 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, “Төрийн үйлчилгээг иргэдэд хугацаанд нь хүргэж үйлчилсэний төлбөрийн Монголшуудан компанид тухай бүр төлж,.... хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, ашиглалтыг удирдан зохицуулж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасан байна. Эдгээр удирдамж шийдвэрийн дагуу аймгийн шуудан холбооны алба (ШХА)-ыг түшиглүүлэн ажиллах хүч, орон байрыг ашиглан, ШХА-ны дарга нарыг банкны салбарын захирлаар хавсруулан банкны тайлан, тооцооны үйл ажиллагааг хариуцсан нягтлан бодогчийн орон тоог шинээр нэмж ажиллуулсан байна. Тэрбээр Харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, “Монгол марк” компанийг татан буулгаж, Монгол шуудан компанитай нэгтгэсэн нь шуудангийн салбарыг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, эдийн засгийн хувьд бэхжүүлэхэд ач холбогдолтой шийдвэр болсон юм. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь   [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Untitled-1 (1)

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Монголын радио спортын холбооны тухай мэдээллийг хүргэж байна. Радио сонирхогч гэдэг мэргэжил радио анх зохион бүтээгдсэн үеэс эхлэн дэлхийн улс орнуудад тархан радио техникийн үйлдвэрлэл болон харилцаа холбооны хөгжилтэй зэрэгцэн хөгжиж ирсэн юм. Радио сонирхогчийн үйл ажиллагаа дэлхийн II дайны үед буюу дайны ард талд тагнуулын үйл ажиллагаа явуулахад онцгой ач холбогдолтой байжээ. Зөвлөлт Холбоот Улсад радио сонирхогчийн хөдөлгөөн 1920 оноос эхэлж, онц идэвхитэй хөгжсөн бөгөөд тэр нь яваандаа спортын хэлбэрт шилжсэн байна. Радио спорт нь богино долгионоор холбоо барих болон эсрэг талынхаа холбоог олж илрүүлэх гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг бөгөөд сүүлчийнх нь ЗХУ-д “Үнэг агнах” гэж нэрлэж байв. Радио спортын тамирчид радио техникийг бүрэн эзэмшиж чаддагийн зэрэгцээ өөрсдийнхөө холбооны хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж ашигладаг байлаа. Радио сонирхогчдын зохион бүтээж байсан хэрэгслүүдээс үйлдвэрлэлд нэвтэрч технологийг шинэчилж байсан тохиолдол ч олон байдаг. Радио сонирхогчдын үйл ажиллагаа дэлхийн II дайны жилүүдэд улам идэвхитэй хөгжсөн бөгөөд тэд дайсны ар талд явуулах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байв. Радио спорт нь хөгжлийнхөө эхний шатанд богино долгионы царааг өргөн ашиглаж байсан бөгөөд энэ ажилд нь туслахын тулд олон улсын радио давтамжийн хяналт хуваарилалтын байгууллага радио сонирхогчдын ажиллах богино долгионы цараануудыг хуваарь тогтоож баталсан. Радио богино долгиончид (богино долгионоор холбоо баригчид) бол аль ч улсын цэргийн холбооны гол хэрэгсэл байдаг учир цэргийн байгууллагаас богино долгионы спорт сонирхогчид олноороо төрөн гардаг байна. Монголын Радио спортын холбоо 1967 онд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад Радио спортыг хөгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагджээ. Холбооны Ерөнхийлөгчөөр Д.Гарам-Очир, С.Ганбаатар, О.Шаалуу, Ч.Чадраабал, Т.Гантөмөр нар, Нарийн бичгийн даргаар Н.Хосбаяр, Ж.Батжаргал, А.Даваадорж нар амжилттай ажиллаж байв. Өнөөдөр холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Батжаргал, Нарийн бичгийн даргаар З.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Монголын Радио спортын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон Радио спортын дараах тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж байна. Үүнд: Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох /РСНО/ буюу Үнэг агналтын төрөлд: - Спортын бага зэрэгтэй болон шинээр эхлэн суралцагсдад зориулсан “Хаврын тэргүүн” тэмцээн. Уламжлалт 144МГц-ийн төрөлд, эрэгтэй эмэгтэй ангилалд явагдаж байна. - Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. - Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. Тус холбоо Олон улсын Радио сонирхогчдын холбооны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох (РСНО) тэмцээнийг 2001, 2007, 2017 онуудад өөрийн орондоо амжилттай зохион байгуулж явуулсан. 2019 оноос эхлэн РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа Холбооны зохицуулах хороо ивээн тэтгэж нэрэмжит тэмцээнээ болгон явуулж байна. РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 1:5,000-1:20,000 масштабтай спортын газрын зураг ашиглан явуулдаг. Өндөр хурдны Телеграфын /ӨХТ/ төрөлд: - Спортын бага цолтой болон эхлэн суралцагчдын “Залуу Морзчин” тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй ангилалд явагддаг. - Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. - Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. Сонирхогчийн Радио холбооны төрөлд: - Манай радио сонирхогчид Дэлхийн АШТ болон бусад олон улсын тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байдаг. 2015 оноос эхлэн тус холбоо ӨХТ-ын тэмцээнүүдийг Олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулж Нэвтрүүлгийн төрөлд HST2006, хүлээн авалтын төрөлд ZEUS зэрэг програмуудыг ашиглаж эхэлснээр тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшилж байна. Эдгээр програмуудыг ашигласнаар тэмцээний шүүлтэд ямар нэг алдаа гарах асуудал үгүй болж эцсийн дүн үнэн зөв гардаг болсон юм.  2019 оноос эхлэн Улаанбаатар хотын болон Улсын аварга шалгаруулах РСНО тэмцээнүүдэд Foxoring, Sprint зэрэг Олон улсын тэмцээнд шинээр орсон төрлүүдийг нэвтрүүллээ. Радио спортын эдгээр шинэ төрлүүдийг CONTEST2012 болон FOXORING зэрэг орчин үеийн нэвтрүүлэгчийг худалдан авч ашиглаж байна. МРСХ-ноос Радио спортын төрлүүдийг улс орондоо хөгжүүлэх талаар хийсэн олон ажлын үр дүнд манай радио спортын тамирчид Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Сонирхогчийн радио холбооны тамирчин Ч.Чадраабал Олон улсын хамгийн том тэмцээн болох World Wide DX Contest тэмцээнээс 2010 онд Алтан медаль, Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд Ш. Одончимэг Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд W35 ангилалд хувийн дүнгээр Хүрэл медаль, мөн ангилалд багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар Хүрэл медаль, Өндөр хурдны Телеграфын 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль, 2018 оны ДАШТ-ээс С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль тус тус хүртсэн өндөр амжилтыг гаргаад байна. Манай тамирчдын хүртсэн эдгээр Алт, Мөнгө, Хүрэл медалиуд нь радио спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монголын анхны медалиуд юм. ОУХМ С.Буянтогтох нь Өндөр хурдны Телеграфын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Ази тивийн эмэгтэй тамирчин юм. ОУРСХ-ны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах РСНО тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медалийг Э.Майбаяр, Э.Мөнхдэлгэрэх, А.Ариунаа, А.Халиунаа, М.Сумьяа, Э.Ганбаатар, Э.Батболд, Х.Цогтбилэг, Э.Тамир, Ц.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэнд-Аюуш, Т.Лхаасүрэн, Д.Баттүшиг, Ж.Долгорсүрэн, Г.Зул, О.Эрдэнэбаатар, Б.Элбэгбаяр, М.Мөнхбаатар, Э.Гэрэлтуяа, С.Саранчимэг, Ш.Одончимэг, Б.Бадмаараг, М.Мөнхсүлд, Г.Шижирбат, С.Гантөмөр, Б.Төмөрчөдөр, Г.Нарангарав, Ц.Одгэрэл, Т.Отгонзаяа, М.Мөнхбаясгалан, М.Монголжингоо, Х.Тамир, У.Мандуул, О.Магсаржав нарын тамирчид хүртэж байжээ. Монголын Радио спортын холбоо нь Олон улсын Радио сонирхогчдийн холбооны /International Amateur Radio Union/ албан ёсны гишүүн ба Олон улсын ижил төрлийн холбоодтой тогтмол харилцаа холбоотой ажиллаж байна. Эх сурвалж: “Туулсан замаа эргэн дурсахуй-5 “ номноос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер  Н.Цэвээндарь, Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр  [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Холбооны сайд

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992  оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик,  үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь   [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
6дахь сайд

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

[vc_row][vc_column][vc_column_text] Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш.   Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад  Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж,  Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг  сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны  тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд  ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ.                 Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он                                                          “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он             Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь  [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
боловсон хүчин01

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

[vc_row][vc_column][vc_column_text] Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “... Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” ... Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд  холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ. МУИС-ийн ПДС-ийн холбооны инженерийн ангийн төгсөлт 1972-1982 онд 10 удаа болж, холбооны инженер, холбооны инженер-эдийн засагч мэргэжлээр 250 гаруй хүн төгсжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1982 онд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан сургууль болгон зохион байгуулахад Радио холбооны тэнхимийг Эрчим хүчний факультетэд харьяалалтай үлдээж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байжээ. Радио холбооны тэнхим нь 1986 онд Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультеттэй нэгдэн Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) болж өргөжсөн байна. МАХН-ын 19 дүгээр их хурал 1986 онд болж БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн зорилгод холбоо хөгжүүлэх  талаар тодорхойлохдоо  “Мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна” гэжээ. Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) нь 1991 онд Холбооны сургалтын төв /Холбооны коллеж/-тэй нэгдэж хуучнаар Техникийн Их Сургууль (ТИС)-ийн бүрэлдэхүүнд “Мэдээллийн Техникийн Сургууль (МТС)” нэртэй сургууль байгуулагдсан. 1997 онд сургуулийн нэрийг  Холбоо Мэдээллийн Техникийн сургууль болгосон бол 2001 оноос Шинжлэх Ухаан технологийн Сургууль (ШУТИС)-ийн бүрэлдэхүүн сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль болжээ. ТИС-ийн Ректорын тушаалаар сургууль дээр гадаад хэлний сектортой болсон. Цахилгаан холбоо, Радио холбооны мэргэжлийн магистрын элсэлт авч эхэлснээр ахисан түвшний сургалт 1996 онд явуулж эхэлсэн байна.  Холбооны салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх техник, технологийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, програм хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, 16 аймгийг хамарсан видео хурал, зайн сургалт зохион байгуулах БНЭУ-ын ерөнхий сайд А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/ -ийг  2001 онд байгуулжээ. Түүнчлэн 2005 онд БНГУ-ын Берлин хотын ТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Мэдлэгт суурилсан програм хангамж хөгжүүлэх “Хиймэл оюуны” лабораторийг тус байгууллагын буцалтгүй тусламжаар байгуулсан. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламж “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны (University Partnership Program)” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТСургууль дээр “Мobile ICT” сургалтын төвийг 468 сая воны хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулжээ.  ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоол, Ректорын 2014 оны А/102 тоот тушаалаар МХТС болон КТМС-ийн Компьютерийн ухаан, Электроникийн салбарыг нэгтгэн Холбоо, Электроник, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи гэсэн дөрвөн салбартайгаар Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль /МХТС/- ийг шинэчлэн зохион байгуулав. Холбоо, Электроник, Компьютерийн ухаан болон Мэдээллийн технологийн салбарт бакалаврын 8, магистр 13, докторын 8 хөтөлбөртэй 103 профессор багштай (39 багш Ph.D) ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Холбооны яамны орлогч сайд Д.Гарам- Очир дурсамжаас: “ 1970-аад оны дунд үед бүх төрлийн мэдээлэл дамжуулах нэгдсэн систем единая система передачи всех выдов имформацийн тухай онол яригдаж эхэлж байсан бөгөөд миний бие дээрх сэдвээр холбооны инженерийн ангид лекц уншдаг байсан байна. Энэ системийг хэрэгжүүлэхэд: нэгд, төрөл бүрийн мэдээлэл дамжуулах аргыг (модуляци) нэг загварт оруулах, хоёрт, янз бүрийн давтамжийн зурвас эзэлдэг мэдээллийг өргөн зурвасыг дамжуулж чадах технологи нээх шаардлага тавигдаж байв. Энэ шалтгаан нь шилэн утсаар гэрлийн туяаны тусламжтай мэдээлэл дамжуулах технологи байв. Ийм технологийг анх ЗХУ-ын Басев, Прохоров гэдэг эрдэмтэд 1964 онд тэр нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Энэ технологи 1980-аад оны дунд үеэс мэдээллийг тоон технологид дамжуулдаг аргыг өрнөдийн орнуудад нэвтэрснээр холбооны салбарт технологийн хувьсгал гарав. Урьд нь харилцаа холбооны мэдээлэл солилцох хэрэгсэл нь харилцаж байгаа холбооныхоо төрлөөс болоод, телефон аппарат, телеграфын морз болон үсгээр бичдэг аппарат, фототелеграф болон тэдгээрийн дамжуулах цахилгаан холбооны суваг, радио телевизийн нэвтрүүлгийг агаарт цахилгаан соронзон долгион болгон цацах нэвтрүүлэх төхөөрөмж ба уул нэвтрүүлгийг радио сонсох чанга яригч, хүлээн авагч, телевизор зэрэгт ялгагддаг байлаа. Гэтэл харилцаанд шинэ технологи нэвтэрснээр бүх харилцуур нь ганц компьютер болж мэдээлэл дамжуулах систем нь үндэсний болон олон улсын цахилгаан холбооны сүлжээ интернет болж хувирчээ. Одоо манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль дотроо мастер, докторантын сургалт явуулахын зэрэгцээ багш нараа гадаадад явуулж эрдмийн зэрэг хамгаалуулдаг явдал нь өсөв. Манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль Москва хотын мэдээллийн технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй болж оюутан солилцоогоор сургаж Оросын болон Монголын Их сургуулийн дипломтой төгсгөх хамтын ажиллагаатай болсон байна.” хэмээжээ. Тус сургуулиас бэлтгэгдэн гарсан үе үеийн мянга мянган холбоочид, шууданчид, мэдээллийн технологи, электроник, радио телевизийн сүлжээний инженер техникчдийн хөдөлмөрийн үр дүнд бид дэлхий нийттэй технологийн хувьд ч үйлчилгээний хувьд ч мөр зэрэгцэн явж байгаа билээ. Эх сурвалж: Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн түүхэн замналаас, 2002 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь  [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
norovjav

Холбооны 7 дахь сайд буюу удам залгасан гурав дахь үеэ “Дасгалжуулж” буй Гавьяат холбоочин Ирвузын Норовжав

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1976 оноос Холбооны яамны орлогч сайд, 1979- 1989 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Ирвузын Норовжавын тухай нийтэлж байна. Ирвуз овогтой Норовжав нь 1940 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг “Арвын Эх” гэдэг газар төрсөн, Ховд хотын 7 жилийн сургуулийг 1957 онд, Улаанбаатар хотод Политехникумыг 1960 онд “Холбооны техникч-эдийн засагч” мэргэжлээр, Зөвлөлт Холбоот Улсын Новосибирск хотод Холбооны цахилгаан техникийн институтийг 1968 онд “Холбооны инженер-эдийн засагч” мэргэжлийг эзэмшсэн байна. Мөн тэрбээр мэргэжлээ дээшлүүлэхээр 1983 онд ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж ахуйн удирдлагын институт, 1985 онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж ахуйн академийг тус тус төгсжээ. И.Норовжав нь ажиллахын хажуугаар өөрийн мэдлэг, оюундаа байнгын “хөрөнгө оруулалт” хийдэг нэгэн бөгөөд 1998 онд Монгол Улсын Техникийн их сургуулийн “Бизнесийн удирдлагын ухаан”-ы магистр цол, 2002 онд “Мэдээлэл холбооны сүлжээний зөвлөх инженер” цолыг тус тус хүртсэн  байна. “Холбооны инженер-эдийн засагч” мэргэжлийг эзэмшин сургуулиа төгсөөд Тээвэр, холбооны сайдын 1960 оны 8 дугаар сарын  5-ны өдрийн 270 дугаар тушаалаар  Тээвэр холбооны яамны харьяа Шуудан, Цахилгаан хооронд Төлөвлөгч-эдийн засагчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. И.Норовжав нь 1960-1963 онд Тээвэр, Холбооны яамны төлөвлөгөөний хэлтэст төлөвлөгч, 1968 оны 7 дугаар сараас Холбооны яамны төлөвлөгөө эдийн засаг, хөдөлмөр цалин хөлсний хэлтэст инженер-эдийн засагч, 1971 оны 9 дүгээр сараас хэлтсийн дарга, 1976 оны 6 дугаар сараас Холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байв. “Монгол Улсын холбооны салбарын хөгжил, байршлын ерөнхий схем”-ийг 1970 оны эхээр ЗХУ-ын Холбооны эрдэм шинжилгээ, зураг төслийн төв институт Монгол инженерүүдийн оролцоотойгоор боловсруулсан нь холбооны сүлжээ, үйлчилгээний байдалд дүгнэлт хийж, шинэ техник, технологид суурилсан цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ байгуулах шийдлийг тодорхойлсон Монгол Улсын харилцаа холбоог хөгжүүлэх “хоёр дахь” схем байсан бөгөөд И.Норовжав энэхүү схемийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, сүлжээний бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлт норм, нормативын талаар тусган идэвх зүтгэл гарган ажилласан байна. Орлогч сайдаар томилогдон санхүү, эдийн засаг, барилга, тээврийн асуудлыг хариуцаж байсан тул ЗХУ-аас үзүүлсэн бэлгийн болон буцалтгүй тусламжийн 60 сая рубль буюу тухайн үеийн ханшаар 54 сая ам.долларын өртөг бүхий харилцаа холбоо, радио, телевизийн цогцолбор, барилга байгууламжийн барилгын Монголын талын хүлээсэн үүргийг амжилттай гүйцэтгэн ажиллажээ. И.Норовжав гуай: “ЗХУ-ын Холбооны яамны нэгдүгээр орлогч сайд байсан В.А.Шамшинтай Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн цахилгаан, шуудан холбооны байнгын комиссын хурлаар үеэр уулзаж, манай улсад КУРС (Комплекс унифицированных радио релейных систем) системийн Радио релейный шугамыг байгуулж өгөх талаар зурагтай альбом үзүүлж байсан ба энэ систем нь 1970 оны эхээр зохион бүтээсэн шинэ техник байсан тул бидний судалгаа хийж мэдэж авч байсан билээ. В.А.Шамшин нь 1968 онд ЗХУ-ын Холбооны яамны орлогч сайд, 1976 оноос нэгдүгээр орлогч сайд, 1980-1989 онд ЗХУ-ын Холбооны сайдаар ажилласан ба Монгол Улсад 5 удаа айлчилж, Монгол Улсын харилцаа холбоо, телевиз, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг хөгжүүлэхэд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж байсан Монгол элэгсэг нэгэн ... ” хэмээн  Харилцаа холбоо-Миний амьдрал номдоо дурсжээ. 1968-1971 онд И.Норовжавын шууд удирдлагын дор болон өөрөө биечлэн Холбооны салбарын ажил үйлчилгээний өөрийн өртөгт үндэслэгдсэн үйлчилгээний тариф, хөдөлмөрийн норм, норматив, цалин хөлс, урамшууллын системийг боловсруулж мөрдүүлснээр холбооны байгууллагууд анх удаа ашигтай ажилладаг болж,  улмаар “Төлөвлөлт, эдийн засгийн урамшууллын шинэ систем”-ээр ажиллуулах аргачлалыг боловсруулан, 1973-1982 онд Холбооны салбарын бүх байгууллагуудыг энэхүү системээр ажиллуулсан нь 1985 оноос “Холбооны Яам” -ыг бүхэлд нь аж ахуйн тооцоогоор ажиллах боломжийг бий болгожээ. И.Норовжавыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Холбооны сайдаар томилжээ. И.Норовжав нь сайдаар ажиллаж байх хугацаанд бүх сум, сангийн аж ахуй, хилийн заставыг аймгийн төвтэй нь агаарын шугамаар холбож, ЗХУ-ын бэлгийн болон буцалтгүй тусламжаар байгуулсан 4000 шахам км  радио релейний шугам, радио нэвтрүүлэх 7 станц, олон сувгийн 2000 км агаарын шугам байгуулж өргөтгөх, Улаанбаатар хотын 1000 кВт, Чойбалсан хотын 1000кВт чадалтай радио станцыг байгуулж, 1980-аад оны эхээр бүх аймгийн төв, бүх сумдыг телевизийн нэвтрүүлгийг хүлээн авдаг, Улаанбаатар хотын телевизийн нэвтрүүлэх станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 1982-1984 онд Улаанбаатар хотод улс, хот хоорондын холболтын хагас автомат станц байгуулснаар Монгол Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ, радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээтэй болсон байна. Түүнчлэн Телевизийн үндэсний нэвтрүүлгийг Сансрын холбооны дагуулаар дамжуулах ажлын барилга угсралтын ажлыг удирдан гүйцэтгэснээр 1991 оны 7 дугаар сарын 1-нээс бүх аймаг, сум үндэсний телевизийн нэвтрүүлгийг үздэг болсон байна. Олон улсын сансрын холбооны ИНТЕРСПУТНИК байгууллагад 1993-1997 онд ажиллахдаа уг байгууллагын эдийн засгийн механизмыг зах зээлийн системтэй уялдуулан боловсронгуй болгох журам, аргачлалыг боловсруулан олон улсын хурлаар батлуулан хэрэгжүүлсэн байна. Монголын шуудангийн маркийн түүхэнд том байр эзлэх “ Алтадсан марк” гэж нэрлэгддэг 23 каратын алтан шармал бүхий Дэлхийн улаан номонд орсон Монголд амьдардаг амьтдын зургаар 30 нэрийн маркийг хэвлүүлэх, орлого, ашгаа хуваах асуудлыг Америкийн нэгэн пүүсийн санал болгосноор боловсруулан, Гадаад худалдааны яамтай хамтран холбогдох дээд байгууллагуудад оруулж, хэлэлцэн сүүлдээ Ю.Цэдэнбал даргад хүрч шийдвэрлүүлж байсан нь тухайн он цагийн түүхэнд тодоор бичигдэн үлджээ. Энэ маркийг нэг бүрийг нь 20 ам.доллароор зарж, нэг бүрээс нь 2.6 ам.долларыг манайх авч нийтдээ 234 мянган ам.долларын ашиг олж байв. Түүнчлэн Монгол хүн сансарт нисэхэд зориулан 7 номиналь, нэг блок бүхий марк, 2 төрлийн дугтуйг хэвлүүлэх, мөн сансрын бүхээгт шуудангийн тусгай штемпелээр тамгалах дугтуйг хэвлүүлэх, штемпелийг ЗХУ-ын Холбооны яамаар тусгай захиалгаар хийлгэх ажлыг И.Норовжав сайд гардан хариуцаж, уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Монгол Улсад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж байсан 1990 онд ард иргэдийг мэдээллээр хангах, төрөөс болон орон нутгаас зарцуулж байсан хөрөнгийг зарцуулах боломжгүй болж, хүн, шуудан тээвэрт нисэж байсан АН-2 онгоц нисэхээ больж, бүх автомашин хувьчлагдаж, хөдөө, аж ахуйн байгууллагууд татан буугдаж, хөдөө, орон нутаг руу хэвлэл, шуудан хүргэлтийн сонгомол систем үйлчлэхэд хүндрэлтэй болсон байна. Энэ асуудлыг даван туулах зорилгоор олон асуудал боловсруулж байсан ба шуудангийн олон салбартай Улаанбаатар хот болон зарим хотуудад шууданг ялгах, бичиг, захидлын хаягийг бүрэн уншиж, аль салбарт хуваарилах зэргээс хамааран шуудан саатах, хоцрох явдал гарч байгааг И.Норовжав сайд гярхай анзааран шуудангийн салбарын дугаараа, тухайлбал, Улаанбаатар-46  гэж бичиж байхаар кодыг бий болгосон байна. И.Норовжав сайд сумдын холбооны салбарын байрыг өөрийн байртай болгох зорилгоор нэг загварын холбооны салбарын хоёр хувилбарын зураг хийж, барилгыг бариулах, салбарыг нэг загварын цөөн, ойлгомжтой үгээр сурталчлах, нэг загварын хаягтай болгох, шуудангийн индексийг боловсруулах, холбооны техник төхөөрөмжийг үйлдвэрлэх, хэрэгжүүлэх зэрэг ажлыг холбогдох мэргэжилтнүүдийг дэмжин ажиллаж байсан нь салбарын хөгжилд ихээхэн түлхэц өгсөн байна. Түүнчлэн харилцаа холбооны салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд ихээхэн анхаарч, Сансрын холбооны олон улсын Интерспутник байгууллага, Социалист орнуудын холбооны байгууллага, эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн шуудан, цахилгаан холбооны байнгын комисс, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хуралд оролцож, үүнээс Монгол Улс анх удаа Бразилийн Рио- де-Жанейрд болсон Дэлхийн шуудан холбооны байгууллагын их хурлаас  “Дэлхийн шуудан холбооны байгууллагын гүйцэтгэх зөвлөл”-д сонгогдож, Гүйцэтгэх зөвлөлийн хурлын нэгдүгээр ширээний нэг номерийн суудалд суух сугалаа сугалж 4 жил Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Монголын төлөөлөгчид энэхүү суудалд суудаг байсан ба тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, буцалтгүй дэмжлэг авч байсан нь шуудангийн хөгжилд ихээхэн үр ашгаа өгсөн байна. Мөн харилцаа холбоог хөгжүүлэх, түүний ажлыг сайжруулахад МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын салбар хариуцсан дарга нар, аймгуудын нам, захиргааны байгууллагуудын удирдлагуудтай байнгын холбоотой ажиллаж байсны үр дүнд тэдний туслалцаа дэмжлэг нь харилцаа холбооны салбарын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байжээ. Ийнхүү гадаад болон дотооддоо хамтын ажиллагааг анхаарч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, өнөөгийн сайхан хөгжлийн суурийг тавьж өгсөн үе үеийн сайд, хамтран зүтгэгчдийн нөр их хөдөлмөрийн үр шим гэдгийг одоо үеийн залуус ойлгож,  үлгэр дуурайл авна гэдэгт итгэлтэй байна. Тухайн үед мэргэжилтэй боловсон хүчнээр салбарыг хангах, мэргэжлийн инженер, техникийн албан хаагчдаар байгууллагыг удирдуулах, сургалтад хамруулах, дахин мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хужиртын холбооны салбарын хоёр давхрыг сувилал болгон өөрчилж, дулааны улиралд холбоочдоо сувилах, “ Сансар” хүүхдийн зусланг байгуулах, туслах аж ахуй байгуулж холбоочдоо хүнсээр хангах зэргээр удирдлагын өндөр мэдрэмж бүхий арга барилаар ажиллаж байсан нь түүний тухай номоос уншсанаа товчхон сийрүүлэн багтаахыг хичээлээ. И.Норовжав нь: 1989 оны 3-р сараас 1993 оны 2-р сар хүртэл Холбооны яамны Радио, радио релей, телевизийн техникийн ашиглалтын газрын дарга 1993 оны 2-р сараас 1997 оны 8-р сар хүртэл Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагад эдийн засгийн зөвлөх 1997 -2004 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Шуудан Цахилгаан Холбооны газарт Санхүү эдийн засгийн албаны дарга 2005 оноос Ньюком ХХК, Мобиком корпорац, Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвд  “Төслийн удирдагч”  зөвлөхөөр тус тус  ажиллажээ. И.Норовжав нь Улаанбаатар хотын МАХН-ын хорооны XVII, XXII, XXIII бага хурал, МАХН-ын XVIII, XIX их хурлын төлөөлөгч, МҮЭ-ийн XII, XIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, зөвхөн харилцаа холбооны салбараар зогсохгүй улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байсан. Мөн МАХН-ын их хурлуудаас МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүнээр хоёр удаа, Ардын их хурлын 10, 11 дахь удаагийн сонгуулиар Ардын их хурлын депутатаар 2 удаа сонгогдож, АИХ дахь парламентын бүлгэмийн гишүүн, АИХ-ын барилгын асуудлын байнгын комиссын нарийн бичгийн даргаар тус тус 10 жил ажиллажээ. И.Норовжавыг Монгол Улсын Харилцаа Холбооны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг нь төр засгаас өндөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 85 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 60 жил, Халх голын ялалтын ойн медаль, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Жуух бичиг”, ЗСБНХУ-ын “Улс түмний найрамдлын одон”, “Польш улсын хүндэт холбоочин”, Монгол Улсын  “Онц холбоочин”, “Хүндэт холбоочин”, “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ. Дээрх шагналаас гадна түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2006 онд “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол олгосон байна. Харилцаа холбооны салбарын хөгжлийг түүчээлэгч хойч үедээ зориулан өөрийн оюун ухаан, сэтгэлээ чилээн холбооны салбарын техник технологийн тулгамдсан асуудлаар 50 гаруй эрдэм шинжилгээний сэдэвт өгүүлэл, нийтлэл бичиж, 10 орчим ном эмхэтгэж редакторлан хэвлүүлсэн байна. И. Норовжав нь Монгол Улсын анхны сансрын холбооны хиймэл дагуулын болон Сансрын кабелийн телевизийн техник эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулсан нь улс орон, харилцаа холбооны хөгжилд чухал ач холбогдолтой болсон байна. И.Норовжав гуай хэдийгээр өндөр насны тэтгэвэрт гарсан ч Монгол Улсын Засгийн Газрын  Хэрэгжүүлэгч агентлаг Шуудан Цахилгаан Холбооны Газрын эдийн засгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2002 онд холбооны шилэн кабелийг холбооны агаарын шугамаар байгуулах төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан гүйцэтгэснээр богино хугацаанд хямд зардлаар Алтай-Улиастай, Ховд-Улаангом, Булган-Мөрөн сумын хооронд 700 гаруй км шилэн кабелийг байгуулснаар тоон системийг нэвтрүүлэх, хөдөлгөөнт  холбоо, интернэтийн сүлжээтэй  болгох нөхцөлийг бүрдүүлсэн нь оюун ухаан, сэтгэл зүрх хэзээ ч тэтгэвэрт гардаггүйг бэлхнээ харуулж байна. Түүнчлэн бага оврын Тоон радио релейны шугам байгуулах төслийг 2003 онд боловсруулж радио релейны шугамын  дундын станцыг Монгол Улсад анх удаа алсаас автоматаар удирддаг, сэргээгдэх эрчим хүчний системээр ажилладаг техникийн өвөрмөц шийдлээр Цэцэрлэг-Хашаатын 150 км, Дархан-Шарын голын 50 км шугамыг  ашиглалтад оруулсан байна. 2004 онд нэг нэвтрүүлгийг дамжуулж байсан сансрын холбооны нэг сувгаар телевизийн олон нэвтрүүлгийг тоон технологиор дамжуулах төслийг гардан боловсруулж, удирдан хэрэгжүүлж 2005 оноос эхлэн Телевизийн 5 нэвтрүүлгийг бүх сум суурин газарт  болон  зэргэлдээ улс орнуудад үздэг болсон нь улс орны хөгжил,  ялангуяа хөдөөгийн  ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой болсон юм. Монгол Улсын харилцаа холбооны салбарт хоёр, гурван  ба түүнээс дээш үеэрээ удам залган ажиллаж байгаа холбоочид олон байдаг бөгөөд И.Норовжав гуайн гэр бүлийн “Холбоочид”-ын талаар танилцуулъя. И.Норовжав нь П.Мандахтай 1958-1960 онд Политехникумд хамт суралцаж байсан бөгөөд тэд 1964 онд гэр бүл болсон байна. Эхнэр П.Мандах нь 1961 онд Холбооны техникч- эдийн засгийн мэргэжлээр сургуулиа төгсөөд Булган аймгийн холбооны газарт  техникч, эдийн засагч, тасгийн дарга, Тээвэр холбооны яаманд техникч, эдийн засагчаар ажиллаж байсан ба  1972 онд Эдийн засгийн дээд сургуульд суралцан Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшжээ. П.Мандах нь Холбооны яам, түүний харьяа Шуудан-цахилгаан холбооны газар, Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институтэд  эдийн засагч, боловсон хүчин зэрэг албыг хашиж , холбооны салбарт 43 жил ажиллажээ. Том охин Н.Болормаа нь цахилгаан холбооны инженер мэргэжилтэй. Харилцаа холбооны салбарт 24 жил ажиллаж байна. Цахилгаан холбооны газрын Улс хоорондын албанд гадаад хэлний залгагчаар 1991 онд ажлын гараагаа эхэлж байсан  ба  Техникийн их сургуулийн  Холбоо мэдээллийн техникийн  сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр 1997 онд төгсч  Монголын цахилгаан холбоо ХК -ийн Хот хоорондын дамжуулах байгууламжийн ашиглалтын газарт (ЛАЦ)  ээлжийн инженер, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газарт хөрөнгийн үнэлгээ, гэрээ хяналтын мэргэжилтэн, Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвд мэргэжилтэн, одоо Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Үйл ажиллагааны газарт Борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байна. Бага охин Н.Оюумаа нь 1997 онд Техникийн их сургуулийн  Холбоо мэдээллийн техникийн  сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр улаан дипломтой төгсөж  Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хотын телефоны  газарт холбох шугамын байгууламжийн инженерээр ажиллаж  байгаад  2006 онд Франц улсын Холбооны их сургууль  « IMT Atlantique »  -д Үүрэн холбооны чиглэлээр Магистрт суралцан төгсөж, 2007 оноос  Франц улсын үүрэн холбооны  хоёр дахь том компани болох  « SFR » компанид инженерээр ажиллаж байгаад одоо байгууллагынхаа дизайн инженеренгийн газрын IMS, voLTE,voWIFI, HSS /HLR /UDM (5G),R4 , LI  сүлжээний төхөөрөмжүүдийн ашиглалтыг хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Том охин Н.Болормаагийн  дунд хүү М.Болор-Эрдэм нь 2016 онд ШУТИС-Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийг Утасгүй холбооны инженер мэргэжлээр төгсөж гурав дахь үеийн холбоочин болжээ. Сургуулиа төгсөөд Скайтел ХХК-д  ээлжийн инженерээр ажлын гараагаа эхэлж одоо  тус компанидаа Технологийн газарт  төлөвлөлтийн инженерээр ажиллаж байна. Ийнхүү энэ гэр бүлийнхэн удам залган гурван үеэрээ Монгол Улсын харилцаа холбооны салбарт ажиллаж, мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, ард иргэдийн мэдээлэл, холбооны үйлчилгээний хэрэгцээг хангах ажилд бүхий л амьдрал, оюун ухаанаа зориулсан бахархмаар гэр бүл гэдгийг энд онцоллоо. И.Норовжав нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт өөрийн амьдралынхаа 45 жилийг зориулж, харилцаа холбооны хөгжил, үйлчилгээний чанарыг сайжруулах, залуу холбоочдод өөрийнхөө ажил хөдөлмөрийн арвин туршлагаа хуваалцаж үнэт сургаалаа хайрласаар байгаа манай ахмад холбоочдын нэг билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он, И.Норовжав “Харилцаа холбоо – Миний амьдрал” 2008, 2013 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь  [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
готов

Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1965- 1985 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Дахын Готовын тухай нийтэлж байна. Дах овогтой Готов Сүхбаатар аймгийн Онгон суманд 1927 онд төрсөн. Түүний холбоочин болох зам нь 1942 оноос Сүхбаатар аймгийн Байшинтын холбооны салбарт үйлдвэрлэлийн ажилтнаар ажилласнаар эхэлжээ. Д.Готов гуай 1945-1949 онд Улаанбаатар хотын холбооны техникумд суралцаж төгсөөд Ушандийн нэвтрүүлэх станцад техникч, станцын даргаар дэвшин ажилласан нэгэн. Тэрбээр 1949-1953 онд радио станцын техникч, радио зангилааны дарга, 1959-1960 онд Хонхорын радио төвийн ахлах инженерээр ажиллаж байгаад 1953-1959 онд ЗХУ-ын Москва хотын цахилгаан холбооны дээд сургуульд суралцаж радио холбооны инженер болжээ. 1960-1963 онд Төрийн ордны холбооны инженер, 1963-1964 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тээвэр, холбоо хариуцсан референт, 1964 оноос Тээвэр, холбооны яамны холбоо эрхэлсэн орлогч сайдаар томилогдон ажиллаж байв. Д.Готов гуай “... 1964 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудаж, “За, чи Тээвэр, холбооны яаманд холбоо эрхэлсэн орлогч сайдаар ажиллах хэрэгтэй. Харилцаа холбоог мэргэжлийн инженерийн хувьд удирдаж, ажлыг сайжруулж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэв. Ингээд би холбоочдынхоо дунд эргэж ирсэн билээ. ... Тэр үед ТХЯ-д харилцаа холбооны асуудал эрхэлсэн 4 мэргэжилтэнтэй нэг хэлтэс ажиллаж байлаа. Дан ганц энэ хэлтсийн хүчээр тулгамдсан асуудлуудыг боловсруулж, шийдвэрлүүлэх боломж хараахан байхгүй нь ойлгомжтой тул ахмад туршлагатай удирдах ажилтан Ж.Самбуу, С.Дамдинсүрэн нар болон ЗХУ-д сургууль төгссөн Л.Бадарч, Ш.Гандорж, Д.Дамдинсүрэн, Л.Буджав, Б.Цэд-Иш, Л.Сумъяа, З.Дүгэрсүрэн, Г.Балдандорж, Ц.Бат-Очир зэрэг хэдэн залуу инженерүүдтэй зөвлөлдөн, Холбооны яамыг бие даан байгуулах тухай санал сэдэж, уг асуудлаа нилээд тооцоо судалгаатай боловсруулж, сайд Б.Гомбосүрэн болон коллегийн гишүүдэд танилцуулан, улмаар МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж танилцуулсан нь цагаа олсон хэрэг болж, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, Холбооны яам байгуулагдсан бөгөөд 1965 оны 12 дугаар сарын 1-ний өдөр намайг Холбооны сайдаар томилсон түүхтэй юм” хэмээн өгүүлжээ. Д.Готов гуай БНМАУ-ын Харилцаа холбооны салбарт реформын шинж чанартай өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зорин “БНМАУ-ын харилцаа холбооны салбарын 1960-1990 оны хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, энэхүү бодлогын баримт бичгийг 1967 онд Холбоочдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулан, энэхүү зөвлөгөөний үеэр хэлэлцүүлэн батлуулсан түүхтэй билээ. Энэ ерөнхий схемийн хэрэгжилт 1971-1989 оны хооронд улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд гүйцэтгэгдсэн бөгөөд Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээ шинэчлэгдэхийн хэрээр техникийн дэвшил нэвтэрч байсан нь харилцаа холбооны чанар сайжирч, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. 1965-1970 онд Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговийн чиглэлийн агаарын шугамыг 3-12-15 сувгийн өндөр үелзлийн аппаратаар нягтруулж, 3000 гаруй км шугам шинээр байгуулж, агаарын шугамын дундын өсгөх буудлын 20 барилгыг барьснаар хот хоорондын шугамын урт 16,6 хувь өсөж, нягтруулсан сувгийн тоо 4 дахин нэмэгдэж, бүх аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 24 цагийн турш байнгын телефон харилцаатай болгосноор хот хоорондын телефон ярианы хэмжээ 86,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд цахилгаан мэдээг үсэг бичигч аппаратаар дамжуулах болж морз аппаратыг бүрэн сольж дуусгажээ. 1975-1980 онуудад Хот хоорондын болон аймаг сумдын хооронд дахь агаарын шугамыг төмөр бетон хөлөөр бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй үргэлжлүүлж, нийтдээ 3718,4 км шугам шинээр байгуулж сувгийн уртыг 3875 суваг/км-ээр нэмэгдүүлсэн. Энэ ажлын дүнд ХАА-н нэгдэл, САА-н тасаг, бригадуудын 70%-ийг холбоожуулсан байна. Увс, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудыг орчин үеийн хоёроос гурван давхар холбооны барилгатай болгож, Улаанбаатар хотын дүүргүүдэд АТС, үйлчилгээний танхим бүхий холбооны шинэ байшин барьж холбооны үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Даланзадгад, Есөнбулаг, Чойбалсан, Мөрөн хотуудад 150-квт-ын хүчин чадалтай өргөн нэвтрүүлгийн станцууд байгуулж Монголын радио нэвтрүүлгийг дахин дамжуулж, холын аймгуудад телефон сувгаар радио нэвтрүүлгийн программыг дамжуулдаг болсноор радио нэвтрүүлгийн сонсголыг сайжруулжээ. Монгол Улсын харилцаа холбооны салбарт техникийн дэвшил нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхэд 1974 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 50 жилийн ой тэмдэглэхэд оролцсон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Ильич Брежнев зочлох үеэр Монгол Улсад радиожуулалтын асуудлыг шийдвэрлэхээр 60 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын холбоог хөгжүүлэх ерөнхий схемийн үндсэн зорилтыг шийдвэрлэсэн байна. Энэхүү тусламжийн хүрээнд Улаанбаатар- Өлгийн хоорондох радио релейны шугамын анхны станцын суурь тавигдаж, Алтай, Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улаанбаатар хотуудад их чадлын радио нэвтрүүлэх станц баригдан, ашиглалтад орж эхэлсэн байна. Шууданг Улаанбаатараас өдөр бүр бүх аймагт онгоцоор, сумдад долоо хоногт автомашинаар, сумын холбооны салбараас тусгай хуваариар багуудад шуудан хүргэдэг болгон зохион байгуулжээ. Энэ үеийн шуудан харилцаанд гарсан өөр нэг дэвшил бол шуудангийн маркийн хангамж байлаа. Өмнө нь ЗХУ-д шуудангийн маркаа хэвлүүлж зөвхөн дотоодын шуудангийн төлбөрт ашиглаж  байсан бол 1958 онд шуудангийн маркийн талаар Бүгд Найрамдах Унгар Ард Улстай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шуудангийн маркийн сэдэв олширч, хэвлэлийн чанар сайжирсны зэрэгцээ гэрээний дагуу Унгар улс Монгол шуудангийн маркийг гадаадын зах зээлд борлуулж түүнийхээ орлогоос Монгол шуудангийн хэрэглээний маркийг Монголын талд үнэ төлбөргүй нийлүүлдэг болов. Д.Готов сайд “Би дэлхийн шуудангийн байгууллагын 1964 оны чуулган дээр шуудангийн маркийн ач холбогдол, үүргийн талаар олон орны төлөөлөгчдийн хэлсэн үг, санал зөвлөгөөнийг үндэслэн Монгол маркийн цаашдын хөгжлийн асуудлаар МАХН-ын Төв Хороонд танилцуулж байсан” хэмээн дурссан байдаг. 1965 онд ЗХУ-ын Холбооны яамныхантай Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэрээнд гарын үсэг зурж, телевизийн барилга байгууламж, шугам, антеныг бүрэн угсарч, 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор ашиглалтад хүлээж авах ажлыг гардан зохион байгуулсан. VI таван жилийн эцэст радио релейний шугам ашиглалтад орж эхэлснээр хот хоорондын телефон сувгийн тоог эрс нэмэгдүүлэх сайхан боломж олдсоны зэрэгцээ Радио релейний шугамын трассын дагуу сумын салбарууд хот хоорондын нэгдсэн сүлжээнд холбогдож улмаар ярианы саатал багассан байна. Сумдын нягтруулгатай сувгийн урт 1979 оны эцэст 16,5 мянган суваг/км болсон байна. Монгол Улсад дунд мэргэжлийн холбооны боловсон хүчнийг 1940 оноос бэлтгэж эхэлжээ. Холбооны салбар хөгжиж үйлчилгээний хүрээ өсөхийн хэрээр холбооны түгээмэл мэргэжлийн ажилтнууд болон дээд боловсролтой инженерүүд олноор шаардагдах болсон тул энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Д.Готов сайд, орлогч сайд Д.Гарам- Очирын хамт Сайд нарын зөвлөлийн тогтоол гаргуулж, 1967 онд Монгол Улсын Их Сургуулийн физик математикийн факультетад радио, холбооны инженерийн анги нээсэн бөгөөд 1960 оны сүүлчээр Монгол Улсын Их Сургуулиас Политехникийн дээд сургууль өрх тусгаарлан гарахад физик математикийн факультетын радио, холбооны ангийг Политехникийн дээд сургуулийн эрчим хүчний факультетын радио, холбооны тэнхим болгон өргөтгөсөн нь эдүгээ ШУТИС-ийн харьяа олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сургууль болтлоо өргөжсөн байна. Холбооны хөгжлийн хэрээр инженер техникийн ажилтнаас гадна холбооны түгээмэл мэргэжлийн ажилчид олноор шаардагдах болсон учир Холбооны яамны гадаад харилцааны хэлтсийн дарга Лодонгийн Нацагдоржийн санаачилгаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 1967-1970 оны үед холбооны түгээмэл мэргэжлийн ажилтан болох шуудан телефон телеграфын оператор (үйлчлэгч), шугам кабелийн засварчин, холбооны зай тэжээлийн мэргэжилтэн, радио хүлээн авагч, телевизорын засварчдыг бэлтгэн гаргадаг сургалтын төв байгуулжээ. Д.Готов 1979-1984 онд БНМАУ-аас ЗХУ-д суух Элчин сайдаар томилогдон ажиллах хугацаанд манай хоёр орны гадаад харилцааны олон талт ажлууд түүний дотор зорчигч болон бүх төрлийн ачаа тээвэр, улс хоорондын телефон яриа, цахилгаан мэдээ, шуудан, зам харилцааны үйлчилгээ ЗХУ-аар дамжин явагддаг тийм цаг үе байсан болохоор энэ бүхнийг зохицуулахад түүний удирдан зохион байгуулах чадвар, хүнлэг элэгсэг харилцаа нь дипломат албаны чухал үзүүлэлтийн нэг бөгөөд тэрээр БНМАУ-аас Финлянд улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдын албыг давхар хашиж байсан туршлагатай дипломатч юм. 1979-1984 онуудад манай улсын нэг жилийн өргөн хэрэгцээний барааныхаа 40%, үйлдвэр техникийн зориулалттай бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг зөвхөн ЗХУ-аас авдаг байсан байна. ЗХУ-ын 100 гаруй хотод манай орны 10,000 гаруй оюутан, аспирант, докторантуудыг сургах ажлыг Киев, Ленинград, Ташкент, Новосибирск, Иркутск хотуудад консулын төлөөлөгчөөр дамжуулан зохион байгуулж байсан байна. Д.Готовыг ЗХУ-д Элчин сайдаар ажиллах хугацаанд Монголын иргэн сансарт ниссэн түүхт үйл явдал болсон юм. Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарын бэлтгэлийг бүрэн хангуулах, сурталчилгааны ажил, Оддын хотхон, Нислэгийн удирдах төв, Байконуур зэрэгт БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Радио телевизийн улсын хорооны Телевизийн дарга, хэвлэл мэдээллийн сурвалжлагчид зэрэг албаны хүмүүсийн ажиллах нөхцөлийг ханган зохион байгуулсан байна. Мөн түүний Элчин сайдаар ажиллах хугацаанд ЗХУ-ын нийслэл Москва хот Олон улсын Олимпын хорооны шийдвэрийн дагуу зуны 20-р Олимпын наадмыг зохион байгуулах ажилд онцгой анхаарал гарган тамирчдын амжилт гаргах боломжийг бүрдүүлэн ажилласан байна. Д.Готов нь: 1984 оноос Шинжлэх ухааны академийн орлогч дарга 1985 оноос Материал техникийн хангамжийн хорооны дарга 1987 оноос Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны  1-р орлогч сайд 1990 онд Хоршоо импекс компанийн захирал 1992 онд Тайваньтай харилцах ТББ-ын даргын албыг тус тус хашсан байна. Д. Готов холбооны салбарт 30 гаруй жил, түүнээс 15 жилд сайдын алба хашсан бөгөөд түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 2006 онд Монгол Улсын Гавьяат холбоочин цол олгосон нь түүний ажил үйлс цаг ямагт холбооны салбар, холбоочдын амьдралтай салшгүй холбоотой байсныг гэрчилж байгаа билээ. Д. Готов Төрийн одон, медаль ойн медалиуд,  ЗХУ-ын Улс түмний найрамдлын одон, Болгар, Герман, Чехословак зэрэг орнуудын одон медалиудаар шагнагдаж байжээ. 1981 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол  хүртээсэн билээ. Д.Готовыг МАХН-ын 14 дүгээр Их хурлаас Намын Төв хорооны орлогч гишүүнээр, МАХН-ын 15, 16, 17, 18, 19 дүгээр Их хурлуудаас Төв хорооны гишүүнээр 30 жил, Ардын Их хурлын 6, 7, 8, 9, 10, 11 дэх удаагийн сонгуулиар 6 удаа АИХ-ын Депутатаар тасралтгүй сонгожээ. Тэрбээр төрийн ажлын халаагаа өгч, 1992 оноос өнөөг хүртэл Далайн орнуудтай хамтран ажиллах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж, нас сүүдэр өндөр  хэдий ч улсынхаа хөгжил дэвшилд сэтгэл зүрхээ зориулсаар байгаа ахмад буурал билээ. Тэрбээр Холбооны яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч  сайдаар 23 жил ажилласан Д.Гарам-Очирын талаар дурсахдаа:  “Монгол Улсын гавьяат холбоочин, цахилгаан холбооны инженер 1960 оноос эхлэн нийслэлийн холбооны байгууллагуудад инженер, ерөнхий инженер, Баян-Өлгий аймгийн Холбооны газрын дарга, 1965-1989 онд Холбооны яамны орлогч, нэгдүгээр орлогч сайдын алба хашсан өндөр мэдлэгтэй, өргөн хүрээтэй сэтгэдэг, ухаалаг, асуудлыг зоригтой шийддэг хүн. Бид хоёр 13 жил хамт ажилласан бөгөөд салбарын өмнө тулгарч буй зорилгоо тодорхойлж, шийдвэрлэх арга замаа хамтран ярьж, төр засаг, бусад яам тусгай газруудтай болон ЗХУ, бусад социалист орнуудын мэргэжилтнүүдтэй нягт зузаан харилцаатай байсны ачаар БНМАУ-ын харилцаа холбооны нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг үндсэнд нь шийдсэн гэж би боддог. Мөн салбарын боловсон хүчин бэлтгэхэд, давтан сургах ажилд бид хоёр гар нийлэн үр бүтээлтэй ажиллаж байсан юм” хэмээн “Амьдралын зам” (УБ.2007 он) хэмээх номдоо дурджээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос             Д.Гарам- Очир “Туулсан замаа эргэн дурсахуй” 2016 он             Д.Готов “Бэрс” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь   [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
viber_image_2020-10-30_10-45-21

Холбоочдын “Шар Ордон”

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад холбоочдын дунд “Шар ордон” хэмээн нэрлэгдэж буй Төв шуудангийн барилгын талаар өгүүлэх болно. Шар ордонд ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон мянган холбоочид болон хойч үеийнхэнд түүх болсон энэ л барилгын талаар өгүүлэхэд таатай байна. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яам 1950-аад оны дунд үеэс шуудан, холбооны үйлчилгээний хүрээг тэлж, шуудангийн цэг, салбарыг олшруулах, нийслэлээс аймагт, аймгаас сумдад шуудан, хэвлэлийг 7 хоногт хүргэх тоо давтамжийг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн харилцаа холбооны байгууллагуудыг тохилог орон байраар хангах, харилцаа холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол Улсын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем 1957-1970 он” гэсэн анхны төлөвлөгөөг Тээвэр, холбооны яамны орлогч сайд М.Чимиддоржийн удирдлагын дор Олег Александр Константинович нарын зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Энэхүү ерөнхий схемийн дагуу Улаанбаатар хотод харилцаа холбооны төв барилгыг 1960 оны нэгдүгээр улиралд багтаан бариулж, ашиглалтад оруулах талаар 1958 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗСБНХУ-ын Холбооны яаманд захидал бичсэн байна. Энэ үед холбооны байгууллагууд аж ахуй, санхүү эдийн засгийн хувьд огт бэхжээгүй, 1933-1935 оны үед баригдсан холбооны үйлчилгээний төв барилга нь холбооны үйлдвэр технологийн зориулалтын бус, хэт хуучирсан, халаалт болон хүн ажиллах нөхцөл муугаас гадна холбооны шинэ АТС, техник, тоног төхөөрөмж суурилуулах огт боломжгүй болсон байна. “БНМАУ-ын Харилцаа холбооны ерөнхий хороо нь 1933 онд одоогийн Боловсролын их сургуулийн ар талд модон хашаан дотор модон байшинд, телефон цахилгаан хороо нь шавар байшинд байрлаж байв” гэж ахмад холбоочин Төмөрийн Цэрэн-Очир дурсан бичиж байжээ. БНМАУ-ын Холбооны сайд асан Л.Дамдинжав гуай өөрийн дурдатгалдаа “ ... Холбооны төв барилгыг холбооны хөгжлийн ирээдүйн шаардлагыг хангахаар цэвэр үзэмжтэй барьж байгуулах явдал байлаа. Үүнд хөрөнгө, цаг хугацааны олон зүйлийн бэрхшээл тулгарч, нөхөр Л.Дамдинжав өөртөө хөшөө босгохоор зүтгэж байна гэсэн шүүмжлэл зэмлэл хүртэл гарч байсан ч төслөөсөө ухраагүй байна. Энэ нь зөвхөн барилгын асуудал ч биш, хэрэг дээрээ бүх төрлийн холбооны техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай асуудал байсан бөгөөд үнэхээр ч төлөвлөсөн байдлаар шийдэгджээ. Холбооны орлого бага учир ашиглалтын олон чухал арга хэмжээг санхүүжүүлэхэд тээврийн байгууллагуудын оруулсан хөрөнгөөс нэлээд хэсгийг холбооны зарлагад арга буюу авч байсныг холбоочид санаж байх ёстой” гэж тэмдэглэжээ. Харилцаа холбооны төв барилгын ажил шүүмжлэл зэмлэлийн дунд ТХЯ-ны удирдлагуудын идэвхтэй санаачилга, ЗХУ-ын Холбооны яамны тусламж дэмжлэгтэйгээр 1959 оны дундуур эхэлж, ТХ-ны сайдын 1959 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 346 тоот тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг Л.Буджаваар удирдуулан байгуулсан байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар Магсарын Чимэддоржийг томилжээ. ТХ-ны сайдын 1960 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 329 дүгээр тушаалаар харилцаа холбооны төв барилгыг хүлээн авах комиссыг орлогч сайд Д.Доржпаламаар удирдуулан, Л.Буджав, Мял, Полуянов, С.Борхүү, Шижээ нарын бүрэлдэхүүнтэй хэсэг 10 дугаар сарын 5-наас эхлэн барилгын ажлыг, Ж.Самбуу, Ш.Гандорж, П.Сэрээтэр, Чойжилсүрэн, С.Пүрэвсамбуу,  Д.Гарам-Очир, Л.Сумьяа, С.Лувсанцэнд, З.Дүгэрсүрэн, С.Батдаваа, Г.Шижээ нарын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг мөн сарын 20 – ноос эхлэн хүлээн авсан байна. БНМАУ-ын харилцаа холбооны төв барилгыг Ази, Европын аль ч хотын харилцаа холбооны барилгаас дутахааргүйгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр ЗХУ-ын тусламжаар тоноглосон бөгөөд энэхүү барилгыг 1960 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авчээ. Төв барилгын нүүрэн талд “ Монгол, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон бичиж хадсан байна. Нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, нарийн бичгийн дарга Л.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, ТХ-ны сайд М.Чимэддорж нар болон ЗХУ-ын Холбооны сайд Н.Д.Псурцев тэргүүтэй төлөөлөгчид, ЗХУ- аас тус улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч В.И.Левкин, гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамны тэргүүн,гишүүд нар оролцсон байна. Нээлтийн үгийг ТХЯ-ны дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга Пүрэвжал нээж, ТХ-ны сайд М.Чимиддорж үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ "Монголын холбоочид бид энхрий хайрт нам, засгийнхаа байнгын анхаарал, ЗХУ-ын тусламжийн ачаар орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон нийслэл хотын холбооны төв барилгыг баяр ёслолын байдлаар ашиглалтад оруулах гэж байна. Манай энэ баярт ЗХУ-ын Холбооны сайд, бидний хүндэт зочин Николай Демьянович Псурцев оролцож байна. Холбооны төв барилгын ашиглалтад орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар 22 метр өндөр, нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай юм. Энэ барилгад механикжсан төв шуудан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хот хоорондын телефон, цахилгаан холбооны төв болон олон сувгийн аппарат хэрэгсэл, анхны ээлжид 4000 дугаарын багтаамжтай цаашдаа 10000 цэг хүртэл нэмэгдэж чадах АТС, радио нэвтрүүлгийн зангилгаа зэрэг холбооны үйлчилгээний газруудтай билээ. Энэ нь манай нийслэл хот, улс орны холбооны техник төхөөрөмжийг өргөтгөн хөгжүүлэх одоо цагийн техникийг нэвтрүүлэхэд том бөгөөд чухал алхам боллоо. Энэ барилгад тавигдсан тоноглол төхөөрөмж нь олон тооны нэр төрөлтэй бөгөөд ховор, хүнд нарийн зүйлс байсан боловч тавигдах төхөөрөмж, орох материал нэг бүрийг ЗХУ-ын Холбооны яамнаас бүрдүүлж хугацаанд нь нийлүүлж өгснөөр ажлын зурагт төлөвлөгдсөн ёсоор угсарч тоноглоод ашиглалтад оруулах бололцоо хангагдлаа. Энэ барилга чанар сайтай, цэвэр үзэмжтэй баригдсан бөгөөд зураг төлөвлөгөө ёсоор барьж тоноглох ажилд Улаанбаатар хотын барилга трест, Мебелийн фабрик, Сантехник, цахилгаан монтаж болон Холбооны барилга монтажийн ашиглалтын газрын ажилчид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилгаа өрнүүлэн ажиллаад, тохиолдсон элдэв бэрхшээлийг амжилттай давж, тавигдсан зорилгоо амжилттай биелүүлэв....”гээд сайд үгийнхээ төгсгөлд ”Холбооны төв барилгыг ашиглалтад хүлээж авч байгаа холбоочид бидний өмнө хариуцлагатай бөгөөд чухал зорилт тавигдаж байна. Өөрийн гардан ажиллах техник төхөөрөмжийг бүрэн эзэмшиж, түүний хүчин чадлыг шавхан гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэрэглэгч олон түмнийг үргэлж баярлуулан өөрийн техникийн мэргэжил, ерөнхий ба улс төрийн боловсролыг цуцалтгүй дээшлүүлэн, социалист ёсоор ажиллаж сурч, аж төрөх гэсэн манай уралдааны шинэ хэлбэрийг тасаг, ээлж бүрээр өрнүүлж ажиллах хэрэгтэй байна. Харилцаа холбоог хөгжүүлэх гурван таван жилийн төлөвлөгөөг 45 хоногийн өмнө давуулан биелүүлэхээр амласан үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаа бататгаж, тэр туршлагадаа түшиглэж соёлын довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлэн, нэгдэл сангийн аж ахуйнуудыг холбоожуулах, айл өрхийг радиожуулах талаар тавигдсан чухал зорилтуудыг нэр төртэй биелүүлэхэд зориг төгөлдөр байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье” гэжээ. (Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос 126 дугаар тал ) Монгол Улсын харилцаа холбооны төв барилга буюу бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн үйлчилгээний танхимд 406 хэрэглэгчийн багтаамжтай шуудангийн хайрцгийг мебелийн үйлдвэрээр хийлгэн тавьснаас гадна нэгдүгээр давхраас хоёрдугаар давхарт шуудан гаргах өргөгч цахилгаан лифт, гадна талаас шуудан хэвлэл оруулах ТП-4 маркийн туузан дамжуулагч, ялган боловсруулах цех тасгуудын хооронд шуудангийн зүйлүүдийг зөөх туузан дамжуулагч, бичиг, захидлын марк тамгалагч ШММ- 48 маркийн машин, МВТУ-5 маркийн шуудан боогч, ППГ-64 маркийн худалдагч автомат зэрэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, радио нэвтрүүлгийн ярианы хэд хэдэн студи, хөгжмийн том студи, 15 кВт-ын чадалтай радио зангилаа, хот хоорондын холбооны шугамын нягтруулгын төв, коммутатор, цахилгаан мэдээний аппаратын заал, зай тэжээл, эрчим хүчний иж бүрэн нөөц бүхий байгууламж, хөргөлт, халаалтын цогцолбор, шугам кабелийн төгсгөлийн байгууламж, үйлчилгээний хэд  хэдэн заал бүхий орчин үеийн барилга болон сүндэрлэсэн билээ. Төв шуудангийн энэ барилга нь БНМАУ-ын харилцаа холбооны салбарын анхны хөгжил байршлын схемийг хэрэгжүүлэх эхний алхам болсон байна. Тээвэр, холбооны сайдын 1960 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 434 дүгээр тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгасан учир 1961 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр татан буулгажээ. Төв шуудангийн барилга ашиглалтад орж, Улаанбаатар хотын шуудан, хот хоорондын болон телефон холбоо, радио узелийн албадууд нэг дор байрлах болсонтой холбогдуулан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 472 дугаар тогтоолоор эдгээр байгууллагуудыг нэгтгэж, ТХЯ-ны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулжээ. Өнөөг хүртэл энэхүү харилцаа холбооны салбарын барилга нь нийслэл хотын гэрэл, гэгээтэй газрын нэг болон сүндэрлэсээр байгаа бөгөөд харилцаа холбооны үйл ажиллагаагаа амжилттай явуулж, үе үеийнхний үйлчлүүлэх дуртай газрын нэг байсаар байсан, цаашдаа ч байсаар байх болно. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” Л.Дамдинжав” Итгэл хариуцлага” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь  [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 30 results