Blockchain-Technology

Блокчэйний маргааш

Аливаа технологийн хувьсгал нь түүхийн туршид нийгэм, соёл, эдийн засгийн хөгжил болоод бидний амьдралд огцом дэвшил, томоохон өөрчлөлтүүд, үйлдвэрлэлийн бүх салбарын ажиллагааг цоо шинэлэг аргаар хурдасгах үйл явцыг авчирч ирсэн. Хүн төрөлхтөн бид аж үйлдвэрийн гурван томоохон хувьсгалыг туулж, аж үйлдвэрийн 1-р хувьсгалаар механикийн үйлдвэрлэл, уурын машин, төмөр замыг, 2-р хувьсгалаар цахилгаан, масс үйлдвэрлэл, угсралтын дамжлага шугамыг, 3-р хувьсгалаар компьютер, электроник, автоматжуулсан үйлдвэрлэлийг тус тус бүтээж үе шаттай хөгжиж ирсэн гэж  эрдэмтэд үздэг. Тэгвэл бид одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгалд шилжиж байгаа талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үүсгэн байгуулагч, профессор Клаус Шваб 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумд анх танилцуулсаныг эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ. Дэлхийн улс орнуудын удирдлагууд энэ хувьсгалд бэлдэх,  стратеги, бодлогоо боловсруулахаар судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг дэмжиж онцгой анхаарал хандуулж байна. Аж үйлдвэрийн гурван хувьсгалаар хүний ажлыг хөнгөвчилж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байсан бол 4-р хувьсгалаар хүний оюун ухааны чадамжийг орлох хиймэл оюун ухаанаар үйлдвэрлэлийг удирдах, өөрөөр хэлбэл хүн машинуудыг удирддаг байсан бол, машин машинуудаа юмсын интернэтээр дамжуулан удирдах болно. Зураг 1. Аж үйлдвэрийн хувьсгалын үечлэл Олон улсын судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний байгууллагууд, шинжээчид аж үйлдвэрийн дөрөв дэх үеийн шилжилтэд хүчтэй нөлөөлөх гол технологиудыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Юмcын интернет (IoT),Биотехнологи (Biotechnolgy),Ухаалаг гэр (Smart Home),Ухаалаг хот (Smart City),Их хэмжээний өгөгдөл (Big data),Жолоочгүй машин (Driverless car),Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence),Робот (Robotics),Нано технологи (Nanotechnology),Блокчэйн (Blockchain),Хамтын эдийн засаг (Shared Economy),Гурван хэмжээст хэвлэл (3D printing), Нейро технологиуд (Neurotechnologies),Цахим хийсвэр орчин (VR),Цахим бодит орчин (AR). Эдгээр хувьсгал авчирч буй технологиудаас итгэлцлийн машин гэгдэх Блокчэйн технологийг онцлохын учир нь 90-ээд оны дунд үед интернэт үүсч Дот-ком технологийн тэсрэлт (Dot-Сom boom)-ийн үед гарааны бизнесүүд эрчимтэй цэцэглэж байсан шиг блокчэйн технологид суурилсан инноваци, гарааны бизнесүүд борооны дараах мөөг шиг олширч мэдээллийн технлологийн салбарт бүтээлчээр сүйтгэгчийн (creative disruption) үүрэг гүйцэтгэж, энтрепренёруудыг олноор бий болгож байна Блокчэйн гэж юу вэ? Блокчэйн технологийг хүмүүс биткойн буюу цахим мөнгө гэдгээр ихэвчлэн хольж ойлгодог, гэтэл биткойны суурь болох блокчэйн технологийн зөвхөн нэг хэрэглээ нь л крипто зооснууд бөгөөд түүнийг мөсөн уулын зөвхөн ил харагдаж буй хэсэгтэй адилтган ойлгож болох юм. Бид үнэтэй брендийн зүйлс, гоёмсог эдлэл худалдан авахдаа хэрхэн хуурамч эсэхийг шалгадаг вэ? Үнэхээр жинхэнэ эсэхийг та хэрхэн мэдэж баталгаажуулах вэ? Хэдий брэнд дэлгүүрээс нь авсан ч гэсэн зарсан худалдагч нь ч юм уу, эсвэл тээвэрлэлтийн явцад А зэрэглэлийн хуулбарыг өгсөн байхыг үгүйсгэж чадах уу? Эсвэл сая сая төгрөгөөр үнэлэгдэх давтагдахгүй урлагийн бүтээл ч юм уу, уран зургийг худалдан авахдаа үнэхээр жинхэнэ гэдгийг хэрхэн батлах вэ? Сайн дуураймал хуулбар уу?, эсвэл хулгайлагдсан ч юм уу? Товчхондоо блокчэйн технологи нь эдгээрийг баталгаажуулах боломжийг олгож байгаа технологи юм. Үйлдвэрлэгч эсвэл эх сурвалжаас нь эхлээд тухайн зүйлийг бий болсон, хадгалсан,  түгээсэн, хүргэгдсэн зэрэг бүх л түүхийг хэрэглэгч мэдэж хянах боломжтой болох юм. Зарим судлаачид, Вэб 1.0-ийн үед мэдээллийн интернэт (Клиент-Сервер технологи), Вэб 2.0-р хэрэглэгчид сошиал сүлжээний хэрэгслүүдээр контентоо үүсгэж, солилцож, их өгөгдлийг бий болгосон бол дараагийн хөгжлийн шат Вэб 3.0-т интернэтийн үнэ цэнийг бий болгох цахим орчинд эзэмшлийг баталгаажуулах, хянах, шилжүүлэх, итгэлцлийг бүрдүүлж байгаа төвлөрсөн бус үйлчилгээний боломжтой шийдлийг блокчэйн олгох боломжтойг онцолж байна. Блокчэйн нь цахим бүртгэл бөгөөд түүнд оруулах бичилтийг нь цаг хугацааны дэс дарааллаар, өөрчлөх боломжгүй, найдвартай (криптографи, нууцлалын алгоритмуудаар баталгаажсан), байнгын хадгалагдах, бүх бичилтүүдийг хянах боломжтой, тархмал (Peer-to-Peer) хэлбэрээр байршсан бүртгэл юм. Блокчэйнийг ямар үед хэрэглэх вэ? Үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх нийлүүлэлтийн сүлжээ (Supply chain)-г хянаснаар хуурамч нийлүүлэлт, залилан болон дундын үнэтэй зуучдыг халах, бүтээгдэхүүн гэх мэт аливаа зүйлсийн эх үүсвэрийг баталгаажуулах, эзэмшлийг баталгаажуулах, дамжуулах, найдвартай устгах боломжгүй бичлэг хадгалах, олон талын оролцогчидтой дундын бүртгэл шаардлагатай үед тус тус хэрэглэх боломжтой гэж мэргэжлийн экспертүүд үзэж байна. Блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд хэрхэн хэрэглэж болох вэ? Блокчэйн технологийг бүх төрлийн гэрчилгээ болон тодорхойлолтууд (төрсний, гэрлэлтийн, нас барсны, цагдаагийн газрын ял шийтгэлтэй эсэх, оршин суух, боловсролын г.м), бүх төрлийн эзэмшил, хөрөнгө, бүртгэл (газар эзэмших эрхийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгслийн, нийгмийн даатгалын бүртгэл, эрүүл мэндийн даатгалын бүртгэл, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэл, гэмт хэргийн бүртгэл, сонгуульд оролцогчдын бүртгэл, сонгуулийн саналын дүн, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ) зэргийг гаргах, төрөл бүрийн лиценз, бүх төрлийн зохицуулалтын баримт, барилгын зөвшөөрөл олгох, галт зэвсэг эзэмшигчийг бүртгэх, гэмт хэргийн баримт, нотолгоо бүрдүүлэл хийх, бүртгэх, шүүхийн шийдвэр бүртгэх гэх мэт төрийн үйлчилгээний бүх төрлийн датаг дижитал орчинд давтагдахгүй, өөрчлөх боломжгүй, баталгаажсан цаастай адил мэдээллийн эх сурвалж, цахим өмч болгон ашиглаж болно. Дэлхийн улс, орнуудын блокчэйний талаар баримталж буй бодлого, стратеги Дэлхийн улс орнуудын Засгийн газар блокчэйн технологийн бодлого, зохицуулалтын орчин бүрдүүлэхэд уг технологийн талаар мэдлэг хомс, тодорхой ойлголтгүй байдал, төрийн үйлчилгээнд хэрэглэх ач холбогдол,  хэрхэн стандарт бий болгох, практикт нэвтрүүлэх боломжтой эсэх зэрэг олон томоохон асуулт, сорилтуудтай тулгарч байна. Дэлхийн  45 оронд нийтдээ 202 төрлийн блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар хайгуул, судалгаа шинжилгээ хийж стратеги боловсруулах; санаануудыг баталгаажуулах; загварчлах, хөгжүүлэлт, туршилт хийх, инкубаторт хамруулах гэсэн үндсэн 3 чиглэлээр ажиллаж байгааг Зураг 2-оос дэлгэрэнгүй харж болно. Зураг 2. Төрийн байгууллагуудын блокчэйний санаачлагууд, OECD-ээс хийсэн шилжилгээ, 2018 оны 3 сарын байдлаар Олон улсын зарим жишээг онцолбол, Арабын Нэгдсэн Эмират Улс “Эмират улсын Блокчэйн Стратеги-2021” баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сард баталсан бөгөөд түүний гол зорилго нь 2021 он гэхэд төрийн цахим ажил хэргийн 50 хувийг блокчэйн платформд шилжүүлнэ. Ингэснээр хүмүүсийн ажил, амьдралын хэв маягт блокчэйн технологи  сайн нийцсэн, үргүй зардалгүй, цаг хугацаа, нөөцийг хэмнэж үр ашгийг дээшлүүлсэн байна гэж үзжээ. Тус улсын Засгийн газар блокчэйний стратеги хэрэгжсэний дараа 11 тэрбум арабын мөнгөн тэмдэгтээр үнэлэгдэх гүйлгээ, бичиг баримтыг боловсруулах өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, жилийн турш хэвлэх 398 сая бичиг цаас болон 77 сая ажлын цагийг хэмнэнэ гэж тооцоолжээ. Мөн Дубай хотод блокчэйн технлогийг эдийн засгийн шинэ боломж, дижитал инновацийн шинэ давалгаа хэмээн тодотгож шинээр баталсан “Дубай Блокчэйн Стратеги” баримт бичгийн хүрээндээ төр, хувийн хэвшил хамтран “Глобал Блокчэйн Зөвлөл”-ийг байгуулсан ба цаашид хэрэгжүүлэх, нэвтрүүлэх боломжтой шилдэг блокчэйн төслүүдийн талаар олон байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийдэг байна. “Дубай Блокчэйн Стратеги”-д блокчэйнийг үл хөдлөх хөрөнгө, финтек, банк, эрүүл мэнд, тээвэр, хот төлөвлөлт, ухаалаг эрчим хүч, дижитал худалдаа болон аялал жуулчлалын салбар тус тус ашиглана. Жилд 100 сая бичиг баримтын цаас хэмнэснээр 114 сая тонн нүүрс төрөгчийн (CO2) ялгаралтыг бууруулна гэж тооцжээ. Блокчэйний маргааш Блокчэйн технологи нь одоогоор судалгаа, хөгжүүлэлтийн эхэн шатандаа байна. Ихэнхи улс орнуудын зах зээлд 2022 он гэхэд блокчэйнд суурилсан хэрэглээний програмууд нэвтэрч цаашдын 5-10 жилд өргөн хэрэглээ болж, нийт хэрэглээний 55 орчим хувь нь санхүү, хөрөнгийн зах зээлд байна гэсэн таамаглалыг олон улсын судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний томоохон компаниуд, шинжээчид онцлон тэмдэглэх боллоо.  Нийгэм, эдийн засаг, бизнест хувьсгал авчрах блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн маргаашийн өдрийг үзэхийг хүссэн глобал марафон гараагаа дөнгөж эхлэн дэлхийн 45 орны Засгийн газар түүнд анхаарлаа нэгэнт хандуулсанаар эхний нэг, хоёр алхамаа хийгээд байна. Энэхүү марафонд дэлхийн улс орнууд хөгжлийн түвшингээсээ үл хамааран ижил, тэгш оролцох боломж бүгдэд нь байна.  Харин, Монгол Улсад блокчэйн технологи бүрэн нэвтэрсэний маргааш ямар байх вэ? Мэдээж, санхүүгийн салбарт гадаад мөнгөний гуйвуулга, жижиглэнгийн төлбөр тооцоог крипто вальютаар хялбархан хийх боломж нээгдсэн; заавал зууч, брокероор дамжилгүй хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцсон; татварын, даатгалын болон бусад бүртгэл найдвартай баталгаажсан; нотариатад очих шаардлагагүйгээр бичиг баримт, гэрээ хэлцлийг онлайнаар баталгаажуулсан; гадаадад экспортолдог байгалийн үнэт баялагаа Монгол улсаас гаралтай болохыг блокчэйнээр баталгаажуулсан; махны экспортын нийлүүлэлтийн сүлжээ, малын вакцинжуулалтыг бүрэн хянасан; орос, хятад гэх мэтчилэн гадаад улс, орны иргэд  худалдаж авсан мах нь манай аль аймгаас гаралтай болохыг  гар утсаараа хялбархан мэддэг болсон; ноолуурын нийлүүлэлтэд сүлжээний дундын зуучгүй болж малчид эдийн засгийн илүү ашиг хүртэхээс гадна түүхий эдээ хямд үнээр борлуулдаг болсон; улмаар ноолууран бүтээгдэхүүн хямд үнэтэй болсон; иргэд гар утсаараа сонгууль өгч ухаалаг-цахим засгийн нээлттэй, тунгалаг, хариуцлагатай, хяналттай системээр төрийн үйлчилгээ авдаг болсон зэргээр манай улсын нийгэм, эдийн засаг цэцэглэж, иргэн олон түмний аж амьдрал дээшилсэн байх сайхан маргааш байх бус уу? Монголчууд бидэнд харьцангуй давуу тал, боломж байна уу? гэвэл байна аа. Манай улсын ухаалаг гар утас, интернэтийн хэрэглээ дэлхийн дунджаас давсан, дэлхийн улс орнуудтай харьцуулахад цөөн хүн амтай, хүн амын  64 хувь нь 35 хүртэл насны залуучууд байгаа зэрэг нь блокчэйн технологийг сурах, хөгжүүлэх, нутагшуулах ялангуяа улс даяар хэрэглээнд хурдан нэвтрүүлэх, богино хугацаанд туршиж сайжруулах, ашиглахад хүндрэл багатай гэдэг нь тодорхой юм. Бид улсдаа блокчэйний маргаашийг ойрын ирээдүйд бий болгох уу? эсхүл алсдаа юу? бусад улсыг хүлээгээд дагах уу? эсвэл манлайлан түүчээлэх үү? Магадгүй, бид нэгдээд өнөөдрөөс төлөвлөж, зорьж хичээж ажиллавал дэлхийн хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд авч ирэх тэр технологийн хувьсгалын ховорхон тохиолдол, түүх байж болох юм. Томоор харвал блокчэйний маргаашийг үзэх марафонд тэргүүлж чадвал дэлхийн улсууд бидний жишгээс суралцахаар ирэхээс гадна, хөгжүүлсэн технологи, програмын шийдлүүдээ тэдэнд нийлүүлэх, оюуны бүтээмжээ экспортлох таатай боломж бүрдэнэ. Тиймээс манай улсын Засгийн газраас блокчэйн технологийн судалгааг эхлүүлэх, бодлого, стратегийг батлах, ач холбогдол бүхий салбаруудыг тодорхойлон блокчейн нэвтрүүлэх загвар гаргах, төр хувийн хэвшлийн түншлэл, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах, туршилтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж амжилттай туршилтуудыг хэрэглээнд нэвтрүүлэх зэргээр цогц арга  хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх цаг иржээ. Бид алхам алхмаар үр дүнд хүрч ажиллавал блокчэйний үнэ цэнэ, нийгэм болон эдийн засгийн ашиг тус нь өнөөгийнхтэй харьцуулашгүй их биз ээ. Судлаач,  техникийн ухааны доктор Э.Түмэннаст

Дэлгэрэнгүй
Capture

Төрийн түмэн үйлчилгээ таны алганд багтана

Алс баруун хязгаарын малчин Дамчаа тун чиг баяртай байна. Өчигдөр холын Америкт амьдардаг охин нь утас цохиж, “Аав минь АНУ явахдаа бэлдээрэй, гадаад паспортоо захиалаарай. Цаг сайхан болохоор таныгаа хүлээн авч, газар үзүүлнэ” хэмээн захиснаас хойш өвгөн малчны сэтгэл хөөрч, хүүхэд шиг догдлох болжээ. Харин аймаг руу явж, гадаад паспорт хөөцөлдөхийн тулд хэдэн малаа хэд хоног хэнд даатгахаа мэдэхгүй толгой гашилгана. Төв орж бичиг баримт хөөцөлдөх амаргүй, цаг хугацаа, уур уцаар, тэвчээр шалгасан ажил болохыг өвгөн малчин гадарлах тул битүүхэндээ түвэгшээж байв. Хүнд суртал, түвэг чирэгдэл учруулж иргэдийн уур бухимдал, тэсвэр тэвчээрийг бардаг төрийн үйлчилгээ алс хязгаарын малчныг ч бас хашраасан нь энэ. Зөвхөн хөдөөгийн малчин гэлтгүй их хотын иргэд ч гадаад паспортоос эхлээд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, оршин суугаа хорооны тодорхойлолт гээд төрийн үйлчилгээг авах гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрдэг нь бодит үнэн.   Хотын иргэд Улаанбаатарын авто замд түгжирнэ, очсон газраа зогсоол хайж хэсүүчилнэ, дараа нь хүмүүсийн урт гэгчийн дараалал, ууртай ажилтнуудын хөшүүн байдал, хүнд суртал гэсээр зарим үед бүр ганц хуудас цаас авахын тулд бараг бүтэн өдрийн ажлаа алдах нь энүүхэнд. Үүнээс үүдсэн уур бухимдал, удаан алга болсонд бухимдсан даргын ууртай царай гээд дурдвал олон чирэгдэл төрийн үйлчилгээний хүнд суртал, хоцрогдлоос үүдэн бий болдог.  Энэ нь эцэстээ иргэдийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх итгэл алдрахад хүргэдэг байна.  Гэхдээ одоо Дамчаа гуай аймаг руу явах хэрэггүй болсон. Зөвхөн малчин гэлтгүй Монгол Улсын иргэн бүр хаанаас ч гадаад паспортоос эхлээд төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох гэж байна. Өөрөөр хэлбэл, та хаашаа ч гаралгүй, гар утсаараа бүх үйлчилгээг нэг цонхноос авна гэсэн үг.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улс иргэний үнэмлэхийг цахимжуулах, албан хаагч, байгууллагуудад цахим гарын үсэг олгох, НӨАТ-ын систем үүсгэх, байгууллагууд шилэн данс хөтлөх, ТҮЦ машин ажиллуулдаг болсон. Мөн Улсын бүртгэл, Татварын ерөнхий газар, гааль татварын мэдээллийн төв зэрэг байгууллагаас цахимаар лавлагаа авах боломжтой болсон.  Гэхдээ эдгээр байгууллага мэдээлэл, үйлчилгээг тус тусдаа, бие даасан сайт үүсгэн, цахимаар үзүүлж байгаа. Ингэснээр төрийн бүх цахим үйлчилгээ нэг “толгойгүй”, байгууллага бүрт жил бүр программ хангамж, цахим үйлчилгээг сайжруулахаар төсөв тусгаж, үр ашиггүй зарцуулдаг, иргэд шинэ хэрэглээнд суралцдаггүй зэрэг дутагдлууд бий болдог байна.  Тиймээс төрийн бүх төрлийн үйлчилгээг нэгэн дээвэр дор багтааж, иргэдийн атганд багтаах E-MONGOLIA төслийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хувийн хэвшлийн компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал www.e-mongolia.mn системийг бий болгож, төрийн үйлчилгээг нэг системд төвлөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй E-MONGOLIA төслийн хүрээнд эхний шатанд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж цахимаар авах боломжтой болно. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Ганц хуудас цаас авах гэж, эсвэл нэг системд бүртгүүлэхийн тулд бид ямар их үргүй зардал гаргадаг билээ. Танил талгүйгээр баримт бичиг хөөцөлдөнө гэдэг бүтэшгүй зүйл мэт санагддаг.  Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн газар эзэмших, ашиглах зэрэг үйлчилгээг авахын тулд  12-17 нэр төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байна. Ингэхдээ бүртгэхээс эхлээд шийдвэрлэх хүртэл нийт 10 шат дамжлагыг дамжин багадаа 30, ихдээ 60 түүнээс дээш хоногт шийдвэрлэдэг байна. Харин төрийн үйлчилгээг цахимжуулснаар 4-5 баримт бичиг бүрдүүлэн шат дамжлагыг бууруулж 26-28 хоногт бүрэн шийдвэрлэх боломжтой болох аж.  Цахим хувьсгалыг Монголд өрнүүлэх боломж бүрэн бий. Монголчууд цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Манай улсын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 4.3 саяд хүрсэн. Хүн амын 80 хувь нь дэд бүтэц, интернетэд холбогдсон, олонх нь залуучууд зэргээс дүгнэхэд манай улс цахим шилжилт хийх суурь бүрдсэн аж.   Гэвч бидний цахим өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд сул хэвээр. Тухайлбал, Монгол Улс цахим засгийн индексээр дэлхийд 92-т эрэмбэлэгдэж байна. Мөн цахим өрсөлдөх чадварын индексээр 63 улсаас 61-т буюу Венесуэл улсын өмнө бичигджээ. Хүний нөөц дутмаг, салбарын мэргэжилтнүүдийн цалин бага учир гадаад руу явчихдаг, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах болон цахим шилжилттэй холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг чөдөр тушаа монголчууд цахим шилжилт рүү алхахад чангаасаар.   Цахим хувьсгалыг амжилттай хийсэн орнуудын нэг нь Эстон. Тус улс уг шинэчлэлийг хийснээр төрийн үйлчилгээ авахад зарцуулдаг байсан иргэдийг арван жилийн хугацаанд 1700 цагаар хэмнэжээ. Ингэж иргэнд ээлтэй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй төрийн үйлчилгээг цахим болгосноор хүнд суртал, авилга хэмээх хорт хавдрыг ул мөргүй устгасан.  Эдүгээ энэ улс авилга, төрийн хүнд суртлыг үгүй хийсэн, дэлхийн цорын ганц улсад тооцогдож, Эстонын иргэд төрийн үйлчилгээнд оочерлож зогсохоо, хэн нэгэн албан тушаалтныг царайчлахаа больсон. Цахим шилжилт зөвхөн та, бидний цаг хугацаа, мөнгө хэмнээд зогсохгүй нь. Төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй, ил тод, шилэн болгосноор хяналтыг бий болгож,  улс орны хөгжлийн чөдөр болсон авилга хээл хахууль, хүнд суртлыг үгүй хийх нь. Энэ нь цахим шилжилтийг дагасан маш том ололт аж. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эргэлт авчрах боломжтой цахим шилжилт эрчээ авах нь. Иргэн та үүнд бэлэн үү.  Б.БАЯРТОГТОХ

Дэлгэрэнгүй
08

Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй Харилцаа холбооны түүхэнд холбогдох номноос …

Ардын хувьсгалын 100 жилийн ой,  Ардын засгийн газрын 6 -р хурлаас “Шуудан бичиг цахилгаан мэдээний хороо”-г байгуулсаны 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбоотойгоор Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түүхэн хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн болон нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг харуулсан зурагт цомгийг гаргах зорилгоор Батлан хамгаалах салбар, Төмөр зам, Цагдаа, хүчний байгууллагуудад нэвтрүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг ч харуулахаар ажиллаж байгаа билээ. Та бүгдийнхээ түүхийн шаргал хуудсуудаас алт, сувдыг нь түүвэрлэх их ажилд тус болох болов уу хэмээн Монгол Улсын Үндэсний номын санд манай салбарын түүхийг хадгалсан дараах номнууд хадгалагдаж байгааг үүгээр толилуулж байна. Улаанбаатар хотын телефон хорооноос телефон утас тавьсаны нэрийн хүснэгт / 1923 он / Улаанбаатар хотын доторх телефон хэрэглэгчдийн заавар ба нэгтгэсэн номер /1931 он / Телефон утсаар харилцагсадын заавар ба номер /1930 он/ Телефон утас зэргүүдийг яаж хэрэглэж байх тухай явдлыг зааварчилсан дүрэм /1917 он / Поездын хөдөлгөөний заавар /1943 он/ Монгол Ардын хувьсгалт цэргийн телефончин нарын суралцах дэвтэр /1942 он / Анхаараарай! Улаанбаатараас ярьж байна. / 1976 он / Үе үеийн холбоочдын тухай түүхэн замнал Монголын харилцаа холбооны түүхэнд холбогдох зарим баримт, гэрэл зураг Монгол улсын шуудан бичгийн дүрэм / 1914 он / Түүвэрлэсэн : Харилцаа холбооны түүх судлагч Г.Шаравдэмбэрэл

Дэлгэрэнгүй
14-Ways-to-Acquire-New-Skills-Know-How-in-the-Business-World-640×379

Төрийн үйлчилгээ нь цахимжсанаар эстоничууд амьдралынхаа 10 өдөртэй тэнцэх хэмжээний цаг хугацааг хэмнэж байна

Дижитал шилжилтийг тэртээ 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн, хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай Эстони улсын туршлагаас өнөөдөр дэлхий нийт суралцаж байна. Тус улсын иргэд жил бүр төрийн 100-120 үйлчилгээг цахимаар авдаг бөгөөд цахим үйлчилгээ нь тэдний амьдралынх нь 10 өдөртэй тэнцэх хэмжээний цаг хугацааг хэмнэдэг ажээ. Жишээлбэл, жолооны үнэмлэхийн хугацааг сунгах, техникийн үзлэгт орох, эрүүл мэндийн лавлагааны хүчинтэй хугацааг сунгах зэрэг асуудлаар төрийн байгууллагад хандсан иргэн өмнө нь дунджаар 2 цаг дараалалд зогсож, ээлжээ хүлээхээс гадна төрийн үйлчилгээг авахдаа 1.5 цаг нийт 3.5 цагийг өдөрт зарцуулдаг байв. Тэгвэл одоо дээрх үйлчилгээг гэртээ буйдан дээрээ хэвтэнгээ 5 минутын дотор л авах боломжтой болов. Энэ мэтчилэн эстоничууд төрийн 2595 үйлчилгээг цахимаар авдаг ажээ. Харин үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, гэрлэлт бүртгэх, цуцлах үйлчилгээг цахимаар авах боломжгүй юм байна. Үүний зэрэгцээ Эстони улс шинээр мэндэлсэн иргэндээ хамгийн түрүүнд нэр хайрлахаас илүүтэй дахин давтагдашгүй код өгдөг юм байна. Энэхүү код нь Эстонийн төрийн цахим үйлчилгээнд нэвтрэх түлхүүр үг бөгөөд төрийн байгууллагад буй тухайн иргэний мэдээллийг хуулбарлахаас урьдчилан сэргийлдэг ажээ. Эстони улсын хувьд иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалах асуудал нь тэргүүлэх чиглэлийнх нь нэг. Иймээс иргэн бүр өөрийн гэсэн хувийн сантай бөгөөд хэн, хэзээ, ямар шалтгаанаар таны мэдээллийг харахыг хүссэн хүсэлтийг ч харах боломжтой. Хэрвээ таны мэдээллийг харахыг хүссэн хүний хүсэлт нь үндэслэлгүй байвал та тухайн хүсэлтийг шалгуулах боломжтой юм байна. Иргэний хувийн мэдээллийг шалгах байгууллага нь төрөөс хараат бус ажилладаг бөгөөд онцгой бүрэн эрхтэй. Энэхүү байгууллагын ажилтнууд нь төрийн бүх байгууллага, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах бөгөөд түүнд холбогдох дүрмийг мөрдөж байгаа эсэхийг шалгах эрхтэй ажээ. Түүнчлэн Эстонид нэг дүрэм байдаг: Засгийн газрын агентлаг нь өөр бүртгэлд хадгалагдаж буй өгөгдөлд дахин бүртгэл үүсгэх эрхгүй. Мөн төрийн байгууллага нь бүртгэлд хадгалагдсан иргэний хувийн мэдээллийг харах эрхгүй юм байна. ЦАХИМ ЗАСГИЙН ГАЗАР Өнөөдрийн байдлаар Эстони улсын төрийн үйлчилгээний 99 хувь нь цахим платформд шилжсэн. Тус улс нь ЗХУ-аас тусгаар тогтносныхоо дараахан буюу 1996 онд Tiger Leap  төслийг хэрэгжүүлж, мэдээллийн технологийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татаж эхэлсэн түүхтэй Удалгүй, 2000 оноос X-Road мэдээллийн технологийн системийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд иргэдийн цаг, мөнгийг хэмнэх, авлигын “коридор”-ыг устгах боломжтой гэж үздэг юм байна. X-Road системийн ачаар 2018 онд эстоничуудийн ажиллах жилийг 1407-р эсвэл ажлын цагийг 12.3 саяар хэмнэсэн тооцоо гарчээ. X-Road системийг нэвтрүүлэх хүртэл Засгийн газрын долоо хоног тутмын хурал нь 4-5 цаг үргэлжилдэг байв. Харин 2018 оноос хойш Засгийн газрын хуралдаан нь 30 минут л үргэлжилдэг болжээ. Үүнд хэд, хэдэн мэдээлийн технологийн шийдэл тус болов. Тухайлбал, e-cabinet, e-Consultation, X-Road, цахим мэдээллийг солилцох төв, тоон гарын үсэг зэрэг цахим платформ нөлөөлжээ. E-cabinet цахим платформ нь Засгийн газрын хуралдаанд ашиглагддаг хаалттай систем.E-Consultation цахим платформ нь олон нийтэд нээлттэй систем. Энэхүү системд Засгийн газрын баримт бичиг, төсөл, хөтөлбөр зэрэг байршсан байдаг ажээ.X-Road – IT системүүд дунд мэдээллийг солилцох нөхцөлийг хангахЦахим баримт бичгийг солилцох төв – Засгийн газар дахь цахим баримт бичгийн урсгалыг зохицуулахТоон гарын үсэг – төрийн албан хаагч, Засгийн газрын гишүүний тоон гарын үсгийн дэд бүтцийн ажлыг хангах Эдгээр нь Засгийн газрын шийдвэр гаргалтыг 90 хувьд хүргэхэд тустай ажээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудалд саналаа өгөх, цахим платформд нэвтрэх бүхий л хэрэгсэл нь сайд бүрт байдаг ажээ. Цахим Засгийн газрыг Эстонид бий болгоход 130 мянган ам.доллар зарцуулсан гэдэг. Энэхүү мөнгөн дүн нь Засгийн газрын бичиг хэргийн жилийн хэрэгцээтэй тэнцүү дүн юм байна. Жишээлбэл, Эстонийн Гадаад хэргийн яаманд 280 төрийн албан хаагч ажилладаг бөгөөд 80 принтертэй. Тэдгээр принтерийг ажиллуулахад тусгай хүн ажиллуулдаг байв. Харин цахим Засгийн газрыг бий болгосноор тус яам 1 принтертэй болж, принтер хариуцаж байсан тусгай хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Эстонийн Засгийн газар өнөөдөр нэг л тохиолдолд цаас хэрэглэж буй. Тэр нь Эстонийн иргэдийн хүсэлтэд цаасаар хариу өгөхөд л ашигладаг аж. Цахим Засгийн газрыг бий болгох, хөгжүүлэх таван жилийн хугацаанд төсвөөс 170 мянган ам.доллар зарцуулав. Цахим Засгийн газар нь их хэмжээний мөнгө, цаг хэмнээд зогсохгүй  авлигаас урьдчилан сэргийлэх арга гэж үздэг. УКРАИН УЛС 2024 ОН ГЭХЭД ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛНА Харин Украин улс Эстонийн энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2024 он гэхэд төрийн бүх үйлчилгээг 100 хувь цахимжуулахаар ажиллаж байна. Тус улс нь энэ 2020 ондоо багтаан иргэдийн хамгийн их ашигладаг төрийн үйлчилгээний 80 хувийг цахимжуулах юм байна. Өнөөдрийн байдлаар Украины нийт хүн амын гуравны хоёр нь ухаалаг гар утас ашиглаж байна. Тус улсын нийт нутаг дэвсгэрийн 71 орчим хувь нь интернэт сүлжээнд холбогдсон. Үүний зэрэгцээ Украин улс нь Google pay, Apple pay төлбөрийн системийг хамгийн их ашигладаг топ-10 улсын тоонд багтдаг. Хэрвээ Украин улс Эстонийн энэ системийг бүрэн нэвтрүүлбэл ажиллах жилийг 39396-р эсвэл ажлын цагийг 345 саяар хэмнэх бололцоотой гэсэн тооцоо байдаг. Энэ нь 562 хүний амьдралын хугацаатай тэнцэх хэмжээний цаг хугацаа ажээ. МОНГОЛ УЛС ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ НЭГ ПЛАТФОРМ БОЛОХ E-MONGOLIA РУУ ШИЛЖҮҮЛНЭ Монгол Улсын Засгийн газрын хувьд 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө төрийн бүх үйлчилгээг цахимжуулах асуудлыг тусгасан. Энэ хүрээнд цахим шилжилтийн эхний алхам болгож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-Mongolia гэсэн нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулж буй. E-Mongolia нь төрийн бүх үйлчилгээг цахимаар нэг дороос хүргэх зорилготой хэрэгжүүлж буй төсөл юм. Өөрөөр хэлбэл, иргэд гэртээ буйдан дээрээсээ л гар утас болон суурин компьютероосоо хамгийн түгээмэл ашиглагддаг төрийн 181 үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Тус цахим платформ нь ирэх аравдугаар сарын 01-нд нээлтээ хийнэ. Төрийн үйлчилгээг цахимжуулсанаар хүнд суртал, авлига буурна гэж үздэг бөгөөд иргэдийн цаг, мөнгийг хэмнэнэ гэж үздэг ажээ. Манай улс дээрх цахим шилжилтийг хийсэнээр улсын төсвийн 9.9 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээ авахын тулд иргэдийн халааснаас гарч буй 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Дэлгэрэнгүй
CyberSecurity_COVID_grp2

Кибер халдлагын өнөөгийн байдал

Коронавирусийн цар тахал дэгдэж эхэлснээс хойш эрүүл мэндийн байгууллагууд ихээр халдлагад өртөөд байгаа ба тэдний нэрийн өмнөөс халдлага үйлдэгдэх явдал нэмэгдэж байна. Хувийн, нууцлалтай мэдээлэл хулгайлах зорилгоор фишинг имэйл илгээх, коронавирустэй холбоотой домайн хаяг шинээр үүсгүүлэх, дүрст хурлын системд нэвтрэх зэрэг энэ жилийн цаг үеийн нөхцөл байдлыг хакерууд бүрэн ашиглаж чадаж байна. Иргэд цар тахлын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ, үүний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахыг эрэлхийлж буй нь гэмт хэрэгтнүүдийн залиланд хууртан, мэхлүүлэх үндэс болж байна. Цар тахалтай холбоотой домэйнүүдийн тоо хоёрдугаар сарын дунд үеэс огцом нэмэгдэж, сүүлийн гурван долоо хоногт 20,000 орчим шинэ домэйн бүртгэгдсэн ба эдгээрийн 2% нь хортой, 15% нь сэжигтэй байна. Одоогийн байдлаар дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд нийт 90,284 covid-19-тэй холбоотой шинэ домэйн бүртгэгдсэн ба эдгээр нь тахлын дэгдэлтийн үе шатуудыг илэрхийлж байна. Дэгдэлтийн эхэн үед коронавирусийн тохиолдлыг тэмдэглэсэн газрын зураг, мөн халдварын шинж тэмдгүүдтэй холбоотой домэйнууд;Гуравдугаар сарын сүүлчээр улс орнуудын эдийн засаг болон тусламжийн багц, санхүүгийн дэмжлэг зэрэг мэдээлэл бүхий домайнууд;Улс орнууд хөл хориог сулруулж эхэлснээс хойш коронавирусийн дараах амьдралын хэвшил болон вирусийн хоёр дахь давалгааны талаархи домайнууд;Тахлын дэгдэлтийн бүх цаг үед шинжилгээний багаж төхөөрөмж, вакцинтай холбоотой домэйнууд тус тус түгээмэл байв. Хөл хорионы үеэр ихэнх хүмүүс гэрээсээ ажиллах болсноор кибер гэмт хэрэгтнүүд хуурамч Zoom, Microsoft Teams болон Google Meet платформуудыг ашиглаж эхэлсэн ба 2020 оны нэгдүгээр сараас өдийг хүртэл дэлхийн хэмжээнд 6,576 Zoom-тэй холбоотой домэйн бүртгэгдсэн байна. BleepingComputer цахим сэтгүүлийн мэдээлснээр Zoom-ийн 500 гаруй мянган хэрэглэгчийн мэдээлэл хууль бус цахим хаягуудад байршиж байсан ба уг хаягуудыг ашиглан Zoom-ийн хуралд урилгагүйгээр орж ирэх тохиолдлууд гарчээ. ДЭМБ-аас 450 орчим ажилчдынх нь имэйл хаяг болон нууц үг халдлагад өртсөн тухай мэдэгдсэн ба алдагдсан мэдээлэл нь тус байгууллагын системд эрсдэл учруулаагүй ч ажилтнууд болон харилцагчдын ашигладаг хуучин экстранет системд нөлөөлсөн гэжээ. Халдлагад өртсөн системийг илүү найдвартай систем рүү шилжүүлж, ажилтнуудыг кибер аюулгүй байдлын сургалтанд хамруулж эхэлсэн байна. Чех улсын хоёр эмнэлэг цахим халдлагад өртсөн ба улмаар байгууллагын сүлжээгээ бүхэлд нь хаахаас өөр аргагүй болсон байна. Тухайн эмнэлгийн салбарууд болох төрөх болон хүүхдийн эмнэлэгүүд мөн халдлагад өртөж, яаралтай мэс заслыг хойшлуулах, өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхэд хүргэсэн байна. Халдлагын мэдээллийн сан болох ThreatCloud-ын дүн шинжилгээгээр сүүлийн гурван долоо хоногт "corona", "covid" гэсэн домэйн бүхий вэбсайтууд, "сorona" гэсэн нэр бүхий файлуудаар дамжуулан 192,000 халдлага гарч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 30% өссөн байна. Интерпол болон Европолоос COVID-19-ын халдлагын хэрэгт өндөр хэмжээний анхааруулга өгсөөр байгаа ба цахим гэмт хэргийн тоо халдварын өмнө үеэс дөрөв дахин өссөн талаар мэдээлсэн. Google-ээс нэг өдөрт НҮБ, ДЭМБ-ийн нэрийг барьж Covid-19-тэй холбоотой 18 сая гаруй хортой код болон фишингийн имэйл Gmail-ээр дамжуулагдаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд үүнээс гадна өдөрт 240 сая гаруй спам илгээгджээ. Verizon-ий 2019 оны мэдээлэл алдагдлын тухай тайлангаас харахад 32% нь фишинг имэйлээс үүдэлтэйгээс гадна кибер тагнуулын 78% нь фишинг халдлагаар ажиллагаагаа эхэлж байсан байна.  Имэйлээр ирсэн аливаа линк эсвэл хавсаргасан баримт бичгийг нээхийн өмнө фишинг халдлагын хохирогч болохгүйн тулд дараах зөвлөмжүүдийг санаарай. Үл таних хүнээс ирсэн имэйлийг нээж үзэхгүй байх;Вэбсайт, домайны нэрийг нягталж шалгах;Линк дээр шууд товшиж хандах бус хөтөч дээрээ хаягийг өөрөө шивж оруулах;Өөр бусад аппликешн болон аккаунтуудын нууц үгийг давхар ашиглахгүй байх. Эх сурвалж: ТЕГ, Мэдээллийн аюулгүй байдлын газар

Дэлгэрэнгүй
kuda-obrashhatsya-esli-obmanuli-moshenniki-v-internete

Нийгмийн сүлжээн дэх луйвар

Интернет ертөнцийг ашиглан олон байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн цахим орчинг бүрдүүлж, бизнесийн нэг талбар болгож, иргэд олон нийт зардал чирэгдэлгүйгээр түргэн шуурхай ажлаа амжуулж, онлайн хэрэгслүүдийнг өдөр тутмын хэрэглээ, амьдралын нэг хэсгээ болгожээ.  Цахим орчин дахь Facebook, Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээ нь бидэнд олон төрлийн боломж олгодгийн адил нөгөө талаар залилан, луйвар хийх нөхцлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэлд ашиглагдаж байна. Онлайн луйврыг маш олон аргаар үйлдэж байгаа бөгөөд түгээмэл тохиолдох аргуудаас дурдвал: Хуурамч холбоос – Олон нийтийн анхаарлыг татахуйц сэдэвт мэдээ, үнэгүй бэлэг өгөх, азтан боллоо гэх мэт утга агуулга бүхий мэдээлэл нийтлэх эсхүл хувийн чатаар илгээх болно. Уг холбоос дээр дарснаар хортой код компьютер болон гар утсанд суух боломжтой эсхүл дахин Facebook аккаунт, и-мэйл хаяг руугаа нэвтрэхийг сануулж, улмаар нэвтрэх мэдээллийг олзолдог. Хуурамч аккаунт – Хүний профайл зургийг ашиглан, түүний нэрээр шинэ аккаунт нээж, найзууд руу нь хүсэлт илгээн, тухайн хүний өмнөөс мөнгө санхүүгийн тусламж гуйж, санхүүгийн залилан үйлддэг. Нөгөө талаас гэмт этгээдийн хуурамч аккаунтаар түүнтэй санамсаргүй найз болсноор танд итгэл үнэмшил төрүүлж, дотны найзууд мэт дүр эсгэн, таны хувийн мэдээлэл, зураг зэргийг авч улмаар тэдгээрийг барьцаалж сүрдүүлэх, олон нийтэд дэлгэнэ хэмээн айлгаж дарамталдаг; Сугалааны луйвар - Сугалааны луйврыг ихэнхдээ олон нийтэд танил байгууллагуудын нэрээр аккаунт үүсгэн хүмүүст сугалаанд хожсон тул бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлж шагналаа авах боломжтой талаар мэдэгдэх бөгөөд банкны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллээ ирүүлэхийг хүсдэг; Зээлийн луйвар - Зээлийн луйварчид нь хувийн чатаар мессеж илгээж, бага хэмжээний урьдчилгаа төлбөр хийгээд бага хүүтэй шуурхай зээл санал болгодог;  Дээрх аюул заналд өртөж, хохирогч болохоос сэргийлж, дараах аюулгүй байдлын зөвлөмжийг хүргэж байна. Нийгмийн сүлжээн дэх нэвтрэх нэр, нууц үгийг хэнд ч бүү өг;Нууц үгийг үүсгэхдээ төрсөн огноо зэрэг бусдын таамаглахуйц бус тоо, тэмдэгт, том, жижиг үсэг ашиглан хүчтэй нууц үг үүсгэхХувийн аккаунтдаа 2 талт баталгаажуулалт тохируулах;Үл таних нэгнээс ирэх найзын хүсэлтийг нягталж, баталгаатай хүсэлтийг хүлээн авах;И-мэйл болон хувийн чатаар ирэх үг, үсэг болон дүрмийн алдаатай, сэжигтэй мэдээлэл, холбоос дээр дарахгүй байх;Нийгмийн сүлжээгээр ирж буй санхүүгийн болон бусад сэжигтэй хүсэлтүүдийг шаардлагатай бол утсаар болон бусад сувгаар холбогдож лавлаж, баталгаажуулах;Пост, зураг, байршил зэрэг хувийн мэдээллээ зөвхөн найзууддаа харагддаг байдлаар тохируулах зэрэг тохиргоог хийж нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдлаа хангана уу. Эс бөгөөс эдгээр нь гэмт этгээдүүдэд мэдээллийн эх сурвалж болж өгдөг;Хохирогч болсон тохиолдолд цаг алдалгүй холбогдох хуулийн байгууллагад хандаарай Эх сурвалж: ТЕГ, Мэдээллийн аюулгүй байдлын газар

Дэлгэрэнгүй
5G-over-city-view-e1583481273211

5G технологийн хөгжил

Үүрэн холбооны хөгжлийн чиг хандлага 5G технологи нь сая сая төхөөрөмжийг өндөр хурдаар, хоцрогдолгүйгээр холбож, харилцах боломжийг олгодог технологийн хувьсал төдийгүй хүмүүсийн амьдралыг илүү тохь тухтай, үр ашигтай болгож байна.  GSA (Global Mobile Suppliers Association) буюу олон улсын үүрэн телефоны хамтарсан нийгэмлэгийн тайланд дурдсанаар 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 5G нь 34 улсад ашиглаж, 5 улсын 348 оператор 5G-д хөрөнгө оруулалт хийж байгаа ба дэлхий даяар уг технологийг үйлдвэрлэдэг Ericsson, Huawei, Nokia, Samsung, ZTE гэх таван компани бий. АНУ-ын Verizon компани 2020 оныг 5G жил болгон зарласан ба 200 сая 5G ухаалаг гар утас гаргаж, америкчуудын 50% нь 5G-д нэвтрэх эрх авна гэж тооцоолсон байна. Тус компанийн мэдэгдсэнээр цар тахлаас өмнөх үеийн хэрэглээг Covid-19-ийн үетэй харьцуулахад 19 хувийн өсөлттэй харагдаж байгаа нь хүн төрөлхтөний хэрэглээ хэр өөрчлөгдөж байгааг харуулж байна гэжээ. Тухайлбал, видео хэрэглээний оргил ачаалал 26%, веб трафик 30%, таталт 56%, тоглоом 71%-иар нэмэгдсэн байна. Энэ өсөлт ойрын ирээдүйд тогтвортой байх ба цар тахал буурсны дараа ч бидний амьдралд covid-19-ийн нөлөө удаан хугацаанд оршин байсаар байна гэж Verizon үзэж байна. AT&T компани нь 153 сая хэрэглэгчийг 5G болгон сайжруулахаар бэлтгэж байгаа ба 230 гаруй төрлийн 5G төхөөрөмжийг шинээр хөгжүүлж эхэлжээ. 2019 онд 5G сүлжээний станцуудыг дэлхийн олон арван хотуудад суурилуулж эхэлсэн бөгөөд 2023 онд 1 тэрбум, 2025 онд 2,5 тэрбумаас илүү хэрэглэгчтэй болно гэсэн тооцоо гаргажээ. Дэлхийд 5G технологийг амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхлээд буй улс орнуудаас дурдвал: АНУ: Анх 2018 онд АНУ нь 5G технологийг эхлүүлсэн. Тус улсын “Verizon”, “AT&T”, “T-Moblie”, “Sprint” компаниуд 2019 оны сүүлээр 5G-г нэвтрүүлж эхлээд байгаа ба “Nokia”, “Ericsson”, “Samsung” үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. Ази: Азид Хятад, Япон, Өмнөд Солонгос улс тэргүүлж байна. АНУ-тай Хятад улсыг харьцуулбал Хятад 350,000 шинэ бааз станц суурилуулсан бол АНУ ердөө 30,000-ыг суурилуулсан байна.Европ: Европын Герман, Швед, Эстон, Финлянд, Нидерланд, Франц, Орос, Норвеги улсад 5G суурилуулалтыг аль хэдийн хийсэн боловч сурталчилгаа, туршилтын түвшинд байна.Өмнөд Солонгос: Дэлхийд 5G суурилуулж ашигласан хоёр дахь орон юм. Тус улсын “SK Telecom”, “KT” компаниуд “Ericcson” үйлдвэрийн дэд бүтцийг, “LG Uplus” компани нь Huawei үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн 5G-ийг ашиглаж эхэлсэн ба дөрвөн сарын хугацаанд хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрчээ.Хятад: Дэлхийн хамгийн том 5G сүлжээтэй орон бөгөөд тус улсын China Mobile”, “China Telecom”, “China Unicom” компаниуд 2020 оны эцэс гэхэд 300 томоохон хотод 5G-ийг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд 2019 оны эцэст 130,000 5G бааз станцуудыг суурилуулж дуусгасан байна. Хамгийн том оператор болох China Mobile нь Huawei, Nokia, Ericsson болон ZTE үйлдвэрийн дэд бүтцүүдийг ашигладаг ба 50 хотод 5G бааз станцыг суурилуулсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд 70 сая хэрэглэгчдэд хүргэх зорилготой байна.Их Британи: Тус улсын “Vodafone”, “EE”, “O2”, “Three” компаниуд 5G үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд “EE” компани нь 50 хотод, “Vodafone” компани нь 37 хотод, “Three” компани зөвхөн Лондон хотод, “O2” нь 6 хотод 5G сүлжээг нэвтрүүлэн ашиглаж байна. Швейцарь: “Swisscom” компани нь 54 хотод “Ericsson” үйлдвэрийн дэд бүтэц бүхий 5G үйлчилгээг эхлүүлсэн.Испани: “Vodafone” нь 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн Huawei үйлдвэрийн дэд бүтэц бүхий 15 хотод 5G үйлчилгээг эхлүүлсэн. Монгол Улс одоогоор 5G сүлжээний эхэн үед байгаа ч Covid-19 цар тахлын улмаас дижитал ертөнц рүү шилжиж буй өөрчлөлт нь харилцаа холбооны технологийн хөгжлийг улам хурдасгаж байна. Эх сурвалж: ТЕГ, Мэдээллийн аюулгүй байдлын газар

Дэлгэрэнгүй
esim

E-SIM гэж юу вэ?

Үүрэн телефоны сим картын нэг шинэ хэлбэр нь eSIM бөгөөд таблет, гар утас, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжид биет сим хийхгүйгээр гар утасны дугаар ашиглах дижитал технологи юм.  Анх 2010 онд олон улсын үүрэн утасны операторуудын холбоо буюу GSMA нь програм хангамжид суурилсан сим карт гаргах боломжтой гэж үзэн хэлэлцэж, улмаар eSIM-ийн стандартыг дэлхий даяар тодорхойлсон байдаг бол 2016 онд Samsung Gear S2 ухаалаг цаг нь eSIM-ийг хэрэгжүүлсэн анхны төхөөрөмж байв. Embedded SIM буюу eSIM нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжийн эх хавтанд суулгасан чип бөгөөд Apple Pay, Google Pay гэх мэт төлбөрийн технологид ашигладаг NFC чиптэй ижил аргаар ажилладаг байна. eSIM нь энгийн сим карттай адил өөрийн дугаартай ирдэг ба биет сим картаас ялгаатай нь тусгай үүр шаардлагагүй, төхөөрөмж хооронд зөөвөрлөн шилжүүлэх боломжгүй байна. Энэ нь сим карт үйлдвэрлэх зардлыг танахаас гадна байгальд ээлтэй шийдэл болжээ. Биет сим картын хувьд гар утас эвдэрвэл хэрэглэгч мессеж, утасны дугаар гэх мэт мэдээллийг шинэ гар утас руу дамжуулах болдог. Харин eСИМ-тэй тохиолдолд cloud буюу үүлэн санах ойд хадгалагдсан мэдээллээ татах боломжтой. Нөгөө талаас хэрэглэгчийн мэдээллийг cloud орчинд хадгалснаар eSIM картын өгөгдлийг cloud хостоос хакердах боломж бүрдэх юм. Үүнээс гадна оператор компаниуд eSIM-тэй хэрэглэгчдийг хянах боломж илүү, харин энгийн сим карттай хэрэглэгч картаа утаснаасаа салгах боломжтой тул хяналтад өртөх боломж хязгаарлагдмал юм. Гэсэн ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар eSIM нь зөөврийн сим карттай ижил түвшинд аюулгүй байдлыг хангадаг ба роумингийн үйлчилгээнд холбогдсон үед тооцооллын бүрэн бүтэн байдлыг дэмждэг байна. Уг дижитал симийг ашиглахын тулд тохируулагч аппликейшн эсвэл QR код ашиглан суулгах ба eSIM-ийг дэмждэг операторуудаас уг үйлчилгээг авах боломжтой. Манай улсад одоогоор зөвхөн Скайтел ХХК нэвтрүүлээд байгаа бөгөөд бусад үүрэн телефоны компаниуд судалгаа нэвтрүүлэлтийн ажилдаа явж байна. Төхөөрөмжийн хувьд сүүлийн үеийн гар утас, таблетууд eSIM-ийг дэмжих ба Apple-ийн iPad Pro, Apple Watch 3, iPhone XS, Huawei p40, Galaxy S20, Pixel 2 зэрэг эдгээр болон эдгээрээс хойших загваруудад eSIM суулгах боломжтой байна.  Энэхүү шинэ технологийг дэлхий дахинд бүрэн нэвтрүүлж, зарим нэг цоорхой, эмзэг байдлыг арилгах хүртэл eSIM дэмждэг утаснууд уламжлалт энгийн сим карттай хосолсон хэвээр байгаа ч технологи хөгжихийн хэрээр eSIM рүү бүрэн шилжиж магадгүй юм. Хэрэв таны ашигладаг утас болон оператор eSIM-ийг дэмжиж байвал шинэ технологийг ашиглаж үзэх бүрэн боломжтой. Эх сурвалж: ТЕГ, Мэдээллийн аюулгүй байдлын газар

Дэлгэрэнгүй
Image-19-08-2020-at-12.35

Эрүүл мэндийн талаарх хуурмаг мэдээлэл түгээдэг Facebook хуудсууд 4 дахин их хандалттай байна

Хүний эрхийн Avaaz групп 2020 оны тавдугаар сарын байдлаар Facebook сүлжээнд эрүүл мэндийн талаарх буруу ташаа, хуурмаг мэдээлэл түгээдэг хуудсууд ойролцоогоор 3.8 их наяд хандалттай байна гэсэн судалгаа гаргажээ. Дэлхий дахинаа цар тахал ид дэлгэрч байсан дөрөвдүгээр сард гэхэд л 500 сая орчим хандалттай байв. Түүнчлэн ташаа мэдээлэл бүхий 10 цахим хуудсын мэдээ, мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зэрэг албан ёсны 10 эх сурвалжийн мэдээллийн хандалттай харьцуулж үзэхэд даруй дөрөв дахин их байгааг судалгаагаар харуулжээ. Судалгаанд вакцины эсрэг уриалга гаргадаг, Covid-19 вирусийн эсрэг хуурамч эм тариаг сурталчилдаг, эсхүл цар тахлын тархалт, халдварын тохиолдол, эдгэрэлт, эндэгдлийн талаар худал хуурмаг мэдээ, мэдээлэл, нийтлэл хэвлэдэг нийт 82 цахим хуудсыг хамруулсан байна. Худал хуурмаг, буруу ташаа мэдээлэл түгээх нь асар их эрсдэлийг бий болдог ажээ. Жишээ дурдахад, American Journal of Tropical Medicine and Hygiene сэтгүүлд нийтэлснээр бол Covid-19-ийг метанол эсвэл цэвэрлэгээний бодисоор эмчлэх гэж оролдсоноос болж дэлхийн хэмжээнд 800 гаруй хүний амь нас эрсдэх аюулд орсон бөгөөд 5800 гаруй хүн энэ шалтгааны улмаас эмнэлгийн тусламж авсан байна. Facebook-ийн зүгээс Avaaz-ын нэр дурдсан цахим хуудсуудад өөрийн платформ дээр зүгээр л хориг тавьж болох аж. Гэвч компанийн зүгээс Covid-19-тэй холбоотой мэдээллийн эх сурвалжийг шалгах, ташаа мэдээллийг устгах зэрэг арга хэмжээг идэвхтэй явуулахаа амласан ч эдгээр мэдээлэлд хандсан, эсвэл хуваалцсан, түгээсэн (share) хүмүүст сэрэмжлүүлэг, анхааруулга өгөх тухай огт дурдсангүй. Магадгүй энэ төрлийн арга хэмжээ авснаар хуурмаг мэдээ, мэдээлэлд итгэдэг хүмүүсийн тоо огцом буурах юм. Буруу, ташаа, хуурмаг мэдээлэл, нийтлэлийн чансааг багасгах замаар эдгээр мэдээллийн хандалтыг бууруулахын тулд Facebook News Feed алгоритмдээ өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тухай Avaaz өөрийн тайландаа тусгасан байна.   Харин Facebook-ийн зүгээс “Бид дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хугацаанд Covid-19-тэй холбоотой нийт 98 сая гаруй мэдээ, мэдээлэлд “анхааруулах тэмдэг” байрлуулсан. Хэдийгээр бид ташаа мэдээллийг хязгаарлах Avaaz-ын санал, санаачлагыг дэмжиж байгаа ч тэдний тайлангаас манай зүгээс авах шаардлагатай арга хэмжээний талаар олж харж чадсангүй” хэмээв.  Эх сурвалж: Associated Press Нийтлэлч: Charlotte Jeearchive

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 17 results