Дижиталчлалын талаарх хуучинсаг ойлголттой, хоосон чалчигч “экспертүүд”-ийн үгээр ажлаа эрхлэн явуулдаг удирдагчид бидний дор дурдах хийсвэр “домог яриа”-г худалдан авах эрсдэлтэй байдаг. Гэтэл иймэрхүү төрлийн худалдан авалтууд ихэвчлэн байгууллагын хэтийн төлөв, алсын харааг замхруулж, хэзээ ч хэрэгжихээргүй арга барилыг чимээгүйхэн тогтоож байдгаараа тун аюултай юм. Дижиталчлалыг бодит ажил болгож эхлэхээс хавьгүй өмнө, арав гаруй жилийн хугацаанд дижитал шилжилтийн талаар судалж, зуу зуун компанид зөвлөгөө өгч, хэдэн арван ном хэвлүүлж байсан жинхэнэ экспертүүдийн хувиар үзэл бодлоо хуваалцахад эдгээр цуу яриа нь өнгөцхөн харахад энгийн юм шиг хэр нь үнэхээр аюултай үр дагаварт хүргэж болзошгүй байдаг. Бидний олж сонссон хамгийн нийтлэг цуу яриануудыг дор сийрүүллээ. Цуу яриа 1: Дижитал шилжилт хийнэ гэдэг нь технологийн асуудал юм. Хэн ч уншсан үнэхээр үнэн санагддаг тул хамгийн аюултай цуу ярианд тооцогддог. Мэдээж байгууллага бүрийн нөөц бололцоо ялгаатай. Олон компани шинэ технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг хэдий ч тэдний зарим нь л үүнийг зөв, бас амжилттай хийж чаддаг. Дижитал шилжилтийн мастерууд гэж хэлж болох томоохон компаниудын хувьд дижитал чадавх ба манлайлах чадвар гэсэн хоёр том чадамжийг бий болгосноор бусдаас цойлон гарч ирж байна. Тэд өөрсдийн бизнес модель, үйл ажиллагаандаа нийцүүлэн зөв газарт, зөв технологийг нэвтрүүлэх замаар дижитал чадамжийг бий болгохын сацуу эдгээр технологийн өөрчлөлтийг бизнесийн үр ашигт хүргэх хүчтэй манлайлалын чадавхыг мөн орхигдуулдаггүй байна. Аль аль нь чухал мэт боловч манлайллын чадавх нэн чухал нь юм. Манлайллын чадавх байж гэмээн технологийг өөрчлөлт, шинэчлэлтэд хүрнэ. Технологи нь дангаараа үнэ цэнийг бий болгож чадахгүй. Технологийг ашиглан бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулснаар түүний үнэ цэнэ бий болно. Тиймээс зорилгоо тодорхойлох, түүндээ ажилтнуудаа татан оролцуулах, олон салбар, чиглэлд манлайлан ажиллах, мэдээллийн технологи болон бизнесийн хамтын ажиллагааг хослуулах, байгууллагынхаа дижитал чадавхыг дээшлүүлэх зэргээр манлайллын чадавхыг бий болгосноор үнэ цэнэ бүхий өөрчлөлтийг хийж чадна. Цуу яриа 2: Дижитал шилжилт хийхэд хэрэглэгчийн туршлага нэн түрүүнд чухал. Хэрэглэгчдийн туршлага, мэдрэмж бол мэдээж анхаарал татах асуудлын нэг. Энэ нь ч учиртай. Хэрэв та өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулахдаа хэрэглэгчээ мэдрэх хандлагыг бий болгож чадвал танд илүү олон боломжууд бий болно. Хэрэглэгчдэд хандах хандлагаа өөрчилснөөр бизнес нь хэрхэн сайжирсан B2C компаниудын тухай олон сайхан түүхүүд бий. Гэхдээ энд өөрчлөлтийг хэрхэн хийх тухай гол асуудлыг ихэвчлэн орхигдуулсан харагддаг. Дижитал шилжилт хийснээр гарт баригдаж, нүдэнд харагдахуйц үр дүнг шууд хүртэх мэдээж боломжгүй, зөвхөн хэрэгжүүлэлтийн явцад үр ашиг нь харагдаж эхэлнэ. Танай компани үйл ажиллагааныхаа процессыг хялбарчилж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хэрэглэгчдийн мэдээллүүдийн нэгтгэн цэгцэлж, ажил, үйлчилгээг илүү шуурхай болгож чадснаар олон шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирнэ. Дижитал шилжилт хийснээр зөвхөн мөнгөн үр ашгийг бий болгоод зогсохгүй хэрэглэгчдийн туршлага, компанийн бизнес модельд шинэ өөрчлөлт хийх боломжийг мөн олгодог. Цуу яриа 3: Дижитал шилжилт хийнэ гэдэг нь доороос дээш түвшинд шинэчлэлт хийх тухай асуудал юм. Дэвшилтэт технологи ашиглан эсхүл ажилчдынхаа мэдлэг, чадварт үндэслэн хэрхэн компанийнхаа үйл ажиллагаанд шинэчлэлт хийсэн тухай түүхийг бид бишгүйдээ л сонсож байсан. Гэхдээ эдгээр компаниудын аль нь ч өөрчлөлт, шинэчлэлтийг доороос дээш түвшинд хийгээгүй юм. Дижитал мастерууд гэж хэлж болох томоохон компаниудын хувьд дээрээс доош босоо тогтолцоо бүхий хүчтэй манлайлалтай байсан бөгөөд засаглалын хөндлөн тогтолцоог бий болгосноор жинхэнэ утгаараа шинэчлэлтэд хөтөлсөн байна. “Цэцэг болгон дэлгэрэг” гэх стратеги яг үүн рүү хөтөлдөг. Ямар ч уялдаа холбоогүй, мөн хатаж үхэж буй мянга мянган цэцгүүд. Тиймдээ ч доороос дээш урсгал бүхий хамтын ажиллагаа нь чухал хэвээр тооцогдсоор байгаа ба ажилтнууд шинэчлэлт хийх шаардлага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, улмаар шинэ санал, санаачлагыг дэвшүүлж эхэлснээр өөрчлөлт, шинэчлэлтийг үр дүнтэйгээр хийх нөхцөл бүрдэх юм. Гэхдээ л зарим нэг тохиолдлыг үл тооцвол, дижитал шилжилт дээрээс доош түвшинд л хийгдэх ёстой. Цуу яриа 4: Chief Digital Officer буюу Дижитал шинэчлэлт хариуцсан удирдах ажилтан хөлслөнө гэдэг нь “Галлаад хая” гэх аргыг хэрэглэж буйтай адил юм. Бусад өөрчлөлт, шинэчлэлтийн адилаар дижитал шилжилтийг хийхэд ч удирдагч хэрэгтэй. Зүгээр нэг технологийн шинэчлэлт хийх бус байгууллагын үйл ажиллагаа, бүтцэд жинхэнэ өөрчлөлт оруулах удирдах ажилтан байх шаардлагатай. Ихэнх компаниуд холч хараатай, хурдан яриатай техникийн гуру нарыг хөлслөх хандлагатай байдаг. Эдгээр гуру нарыг ихэвчлэн богино хугацаагаар ажиллуулж, тэд ч компанийн алсын хараа, зорилгыг тодорхойлон өгч, шинэ санал, санаачлагыг нэвтрүүлдэг. Гэхдээ эдгээр хүмүүст үр дүнтэй шинэчлэлт хийх эрх мэдэл, эх үүсвэр байхгүй, байгууллагын соёлд нэвтрээгүй байдаг. Зарим компаниуд дижитал шилжилт хийх ажлаа Мэдээллийн технологи хариуцсан удирдах ажилтандаа даалгадаг. Тухайн удирдах ажилтан компанийн зорилго, зорилтыг ухамсарласан, өөрчлөлтөд хөтлөх хангалттай чадвартай тохиолдолд амжилттай хэрэгжих боломжтой ч ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Зарим компаниудын хувьд бизнесийн манлайлагч нарт ханддаг. Энэ тохиолдолд тухайн манлайлагч асуудлыг урьдчилан хараад бизнес процесст шинэ аргачлалыг нэвтрүүлж чадвал амжилттай хэрэгжих боломжтой ч ихэвчлэн алдагдсан боломж, өрөөсгөл өөрчлөлтөд хүргэдэг. Дижитал шилжилтийг хийх удирдах ажилтан хэн байхаас үл хамааран нөөц бололцоог дайчлах, зохион байгуулалтын саад бэрхшээлийг давахад нь дээд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Цуу яриа 5: Дижитал шилжилт хийх нь манай байгууллагыг хурдтай байхыг шаардана. “Дижитал технологи хурдацтай хөгжиж байхад манай байгууллагын мэдээллийн технологи хариуцсан нэгж дэндүү удаан байна” гэдэг үгийг аль ч компанид бид сонссоор л байна. Одоог хүртэл олон олон компанийн удирдлагууд компанийнхаа мэдээллийн технологийн нэгжээ оролцуулалгүйгээр дижитал үйл ажиллагаа явуулахыг оролдсоор байна. Гэтэл үнэндээ тус нэгжийг оролцуулалгүйгээр дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн компани гэж байхгүй. Та өөрөө ямарваа нэг аппликейшн зохион бүтээдэг, эсхүл дажгүй сайн хэрэглэгчийн фронт-энд үүлэн систем хийж чаддаг байж болно. Гэхдээ урт хугацааны, тогтвортой шинэчлэлтийг хийхийн тулд бусад үйл ажиллагаандаа, жишээлбэл, хуучин өгөгдлүүдийг систем рүү хөрвүүлэн оруулах, системийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, дижитал санал, санаачлагыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын улмаас та яалт ч гүй мэдээллийн технологийн нэгжтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, тухайн нэгжийн үйл ажиллагаа болон удирдлагын түвшинд хамтран ажиллах арга барилыг байгууллагадаа өөрчлөх тухай асуудал юм. Мэдээллийн технологийн ажилтнууд илүү идэвхтэй, шаламгай ажиллах, удирдлагууд бизнесийн үйл ажиллагаандаа илүү төвлөрч, мөн технологийн мэдлэгээ сайжруулан мэдээллийн технологийн ажилтнуудтайгаа илүү ойрхон хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй болох шаардлагатай. Цуу яриа 6: Дижитал шилжилт гэдэг нь бизнес моделийн эрс шинэчлэлт юм. Үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа доголдож байгаа тухай олон янзын түүх сонсоод ер нь бизнес модельдоо л эрс шинэчлэлт хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол орж ирдэг л биз дээ? Гэтэл үнэндээ эрс шинэчлэлтийг амжилттай хийнэ гэдэг маш хүнд бөгөөд эрсдэлтэй юм. Хамгийн чухал нь тухайн салбарын үйл ажиллагаа хэр хэмжээнд, ямар хугацаанд зогсонги байдалд ороод байгааг тодорхойлох явдал юм. Дүрэм ёсоор бол үйлдвэрлэлийн зогсонги байдал, ялангуяа биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын хувьд удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байдаг. Бизнес модельдоо эрс шинэчлэл хийхээс урьтаж одоо байгаа бизнесдээ нийцүүлэн дижитал чадавхаа сайжруулснаар компанийн үр ашгийн муруй хэрхэн дээшилж байгааг олон ч харж явлаа. Өөрийн салбарын стратеги төлөвлөлт, зах зээлийг хөтлөж чадахгүй бол та ард хоцрон үлдэх болно гэсэн нийтлэг бөгөөд өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл бодит байдал дээр компани болгон тухайн зах зээлийн гол тоглогч болох албагүй шүү дээ. Харин салбарын акул болох зорилготой ажиллаж буй компаниудын хувьд хэлэхэд эрс өөрчлөлт хийх процесс тодорхойгүй, хүндрэл бэрхшээл ихтэйгээс гадна их хэмжээний санхүүжилт, олон удаагийн туршилт, урт хугацааны амлалт, мөн ахиухан аз хэрэгтэй. Танай компани энэ бүгдийг бий болгож чадах уу гэж асуугаарай. Тиймдээ ч танай компани бизнес модельдоо эрс шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа эсэхээс үл хамааран танд гэж зөвлөхөд дижитал хэлбэрт оруулан бизнесийн үйл ажиллагаагаа өөрчлөх, сайжруулах олон олон илүү хялбар боломжууд бий. Эдгээр нь үнэ өртөг хямд, эрсдэл багатай боловч үлэмж үнэ цэнэ, цогц мэдлэгийг хүртээх болно. Жишээлбэл, та захиалга орж ирэхийг хүлээж суухын оронд захиалгын гэрээт үйлчилгээ үзүүлж чадах уу? Өөрсдийн саналыг илүү ашигтай байдлаар тавих, эсхүл борлуулалтын явцыг өөрт ашигтай тал руу эргүүлэх зорилгоор хэрэглэгчийн эрсдлийн түвшинг үнэлж, худалдан авалтын хандлагыг ойлгож авахын тулд та өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг ашиглаж чадах уу? Та үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ дээрээ нэмэн pay-per-use буюу хэрэглэх бүртээ төлбөр төлөх моделийг санал болгож чадах уу? Мэдээж бизнес моделийн шинэчлэлтийг хийх нь үнэ цэнийг бий болгох сайхан эх үүсвэр мөн хэдий ч юуны түрүүнд үүссэн бэрхшээлийн үргэлжлэх хугацааг болон одоо эрхэлж буй бизнесээ алдагдал, хохиролгүйгээр авч явж чадахуйц байгууллагын чадавх бий эсэхээ үнэн бодитоор тодорхойлсон байх шаардлагатай. Цуу яриа 7: Дижитал технологийн тусламжтайгаар бизнесээ бага багаар өөрчилнө. Би хүлээж чадна. Салбарынхаа тогтвортой байдалд сэтгэл хангалуун байх нь мөн адил эрсдэлтэй. Уул уурхай, хөдөө аж, ахуй гэх мэт хамгийн тогтвортой, уламжлалт гэмээр салбаруудад ч дижитал мастерууд хэдийн нэвтэрчээ. Яагаад? Яагаад гэвэл дижитал шилжилтийг амжилттай хийнэ гэдэг нь аль салбарт хийх вэ гэхээсээ илүүтэй манлайллыг хэрхэн сайн хийх тухай асуудал юм. Ихэнх захирлуудын хувьд ухаалаг, чадварлаг старт-апуудаас илүүтэй одоогийн өрсөлдөгч нар нь дижитал шилжилт хийчих вий хэмээн эмээж явдаг байна. Харин бусад байгууллагууд түр азнаж байгаад араас нь хурдтай дагах нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байна. Үнэнийг хэлэхэд та өөрийн салбараас гадна бусад салбарын дижитал тоглогчид, тэдний хийж буй шинэчлэлтийн талаар маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Дижитал шилжилтийн талаар ойлголт багатай компаниудын хувьд хэдийгээр түүний гол өрсөлдөгч компаниуд гүйцэгдэхээргүй хол тасарч, улам бүр урагшилсаар байгаа хэдий ч тэднийг гүйцэхийн тулд яаравчлах хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд дижитал шилжилттэй холбоотой цуу яриа маш их байдаг бөгөөд үүнийг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж дэвэргэж байдаг. Тиймээс хамгийн гол хичээл бол: Сурталчилгааг бүү худалдаж ав! Танай багийнхан элдэв цуу ярианд автахгүй, уламжлалт ойлголтод хайрцаглагдахгүй, ээдрээтэй асуудалд энгийн шийдэл гаргахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Бидний хэдэн зуун компанийн дунд хийсэн судалгаанаас харахад дижитал шилжилт гэдэг нь технологийн асуудал гэхээсээ илүүтэй манлайллын тухай асуудал юм. Хамгийн зөв арга бол юу болоод байгааг сайн ойлгож аваад, маш тодорхой төсөөллийг бий болгон, үүндээ бүх хүмүүсээ татан оролцуулж, улмаар төсөөллөө бодит болгохоор зогсолтгүй хөрөнгө оруулж, шаардлагатай үед нь зөв манёвр хийн жолоодохыг хэлдэг байна. Түүнчлэн цуу яриаг бодит үнэн хэмээн хүлээн авалгүйгээр гагцхүү энэ сэдвээр яриа өрнүүлэх, нийтлэг үзэл бодлын талаар мэтгэлцэх зэргээр эерэгээр ашиглахад болно. Цуу яриаг худалдаж авна гэдэг нь маш хурдацтайгаар хөгжиж буй том хотод хуучин газрын зургийг ашиглан явахтай л ижил юм. Газрын зургийг дагаад явбал хаа нэгтээ хүрнэ, гэхдээ хүссэн газартаа хүрч чадахгүй.