ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУД

“Цахим гарын үсгийн тухай” Монгол Улсын хуулийн дагуу харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгож байгаа байгууллагуудын мэдээллүүдийг хүргэж байна. Тридүм И-Секьюрити ХХК Хаяг : Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж, 17/2 байр Tel: 976-70120072 /5509/ Fax: 976-70110072 Вэб сайт : www.tridum.mn И-мэйл : info@tridum.mn Монпасс СА ХХК Хаяг : Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Нисора цамхаг - 207 тоот Tel: 976- 18002535 Fax: ....................... Вэб сайт : www.monpass.mn И-мэйл : info@monpass.mn ВИ ЭС ЭМ ХХК Хаяг : Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Ажилчны гудамж -133/2. Tel: 976- 76001617 Fax: 70001092 Вэб сайт : www.vsm.mn И-мэйл : info@vsm.mn 4. Нью компас ХХК Хаяг: Монгол улс, Улаанбаатар 15170, Чингэлтэй Дүүрэг 1-р хороо, Монел-3, 42тоот Tel : 976-70119190, 976-99018525, 976-91111104 Вэб сайт : www.newcompass.mn И-мэйл : info@newcompass.mn

Дэлгэрэнгүй

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөл тус бүрээр бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар бэлтгэжээ.  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй  нийт 28 саналыг боловсруулсан байна.  Ингэхдээ нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.  Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого  төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна. Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгож, өөрчлөн найруулахаар тусгажээ.  Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах зэрэг үйл ажиллагаатай холбоотой тодорхой эрхийг тусгасан байна. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн байгууллагуудын эрх, үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг цөөлөх зохицуулалтыг сайжруулж, шуудангийн нэгдсэн код, үндсэн сүлжээ, шуудангийн тэмдэгтийн талаарх нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр тусгажээ.  Түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг илүү тодорхой болгосон аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.  Гишүүд мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэдийд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх талаар тодруулсан. Олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудал олон оронд хөндөгдөж зарим орон нийгмийн сүлжээний хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалтыг хийсэн байна. Энэ асуудлыг хуульд тусгасан эсэхийг тодруулж байлаа. Нийгмийн сүлжээгээр хуурамч нэртэй хаягнаас бусдыг гүтгэж доромжлох явдал хэрээс хэтрээд байгааг гишүүд дурдаад үүнд тавих хяналт, доромжлуулсан хүмүүсийн эрхийг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаагүй байгааг дурдаж байсан.  Ажлын хэсгийн зүгээс Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад, яамдаас санал авах шатанд яваа гэсэн мэдээллийг өгсөн. Тэрхүү хуулийн төсөлд цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах талаар тусгасан гэлээ. Тэрхүү төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажил сайжирна гэж үзэж байгаа аж. Нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг холбогдох үүрэн холбооны компаниудтай хамтран хийж эхэлсэн байна.  2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурсан гэлээ. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болно гэв. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлалаа.   Ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирсон гэлээ. Олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг ирлүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан бөгөөд тэдгээр асуудлыг Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэсэн мэдээллийг өгсөн.  Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй

Интернет дэх худал хуурмаг мэдээлэл ба түүнтэй хийж эхэлсэн тэмцэл

нийтлэл Уншигчдыг төөрөгдүүлэх цорын ганц зорилготой элдэв худал хуурмаг мэдээлэл интернетэд улам ихээр тархах болсныг судлаачид анхааруулж байна. Гэтэл мэдээллийн үнэн худлыг ялган салгах нь өнөө үед зөвхөн хэрэглэгчийн оюуны чадамж, мэдлэгийн цар хүрээгээс хамаарахаа больжээ. Үүнд нийгмийн хүрээлэл нэлээд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн аж. Жишээ нь, эргэнд тойронд хэн хүнгүй ам амаа авалцан оцон шувуу улбар шар өнгөтэй гэвэл үүнтэй хамгийн сонор сэрэмжтэй, болгоомжтой хүн ч эцсийн эцэст санал нийлэх талтай болсныг Их Британид явуулсан нэгэн судалгаа харуулжээ. Түүнчлэн аливаа мэдээлэлд итгэх эсэхэд эх сурвалжийн нэр хүнд, байрладаг улс орон нөлөөлөх нь ихэссэн аж.   Өдгөө интернет дэх худал хуурмаг мэдээлэл аюулын түвшинд хүрсэн нь хэн дуртай хүнд бусдын толгойг эргүүлэх технологи хүртээмжтэй болсонтой холбоотой гэнэ. Худал хуурмаг мэдээлэл түгээх явдал сүүлийн хоёр гуравхан жилд эрс нэмэгдэн ардчилал, үг хэлэх эрх чөлөө, өрнөдийн хэв маягтай соёл иргэншилд заналхийлж буй бараг л хамгийн ноцтой аюул гэгдэх болжээ. Гэвч эл шинэ аюул заналхийллийн нарийн томъёолол, цар хүрээ, үүнтэй тэмцэх үр дүнтэй аргачлал хараахан бий болоогүй байна.    Ер нь хүн төрөлхтний түүхийн бүхий л үед удирдагчид мэдээллийг эрх мэдлээ хадгалан үлдэхэд ашигласаар иржээ. Эрх мэдэлтнүүд худал мэдээлэл, бодит байдлыг гуйвуулсан үзэл суртлын ачаар нийгмийн дэмжлэг хүлээн тэрс үзлийг үндсийг устгаж байв. Ромын эзэнт гүрний хааны суудлын төлөө тэмцэлд Октавиан гэгч Марк Антонийн эсрэг худал хуурмаг мэдээллийн кампанит ажил явуулсны хүчинд ялалт байгуулсан гэж үздэг. Ромын эзэн хаан болсныхоо дараа тэрээр нэрээ Август гэж өөрчлөөд Европ даяар залуужуулан сайжруулж дүрсэлсэн хөрөг зургаа түгээсэн тул түүнийг хөгшрөлтөд өртдөггүй мөнхийн залуу гэх ойлголт тархсан ч гэдэг.   Тэгвэл улирч одсон ХХ зуунд бодит байдлыг гуйвуулсан үзэл суртал маш ихээр цэцэглэжээ. Олон нийтийн мэдээллийн шинэ хэлбэрүүдийг ашиглах болсноор нийгмийг ятган сэнхрүүлэх явдал илүү үр дүнтэй болсон учраас тэр гэнэ. Энэ нь дайны үед, нэн ялангуяа нацист, фашист, коммунист зэрэг дарангуйлагч дэглэмүүдэд илүүтэй ажиглагдсан юм.             Тиймэрхүү үзэл суртлыг Засгийн газрууд санхүүжүүлэн хянадаг байлаа. Хэдий тийм ч хэсэг хугацааны дараа олон нийтэд үзэл суртлаар нөлөөлөх явдал явуургүй болж, хүч нь сулардаг байсан нь өнгөрсөн зууны түүхээс бэлхнээ харагдана. Юу гэвэл мэдээллийн хэрэгслүүд хэт үзэл сурталжсаныг олон нийт яваандаа ойлгож, нүүрэн дээрээ дэмжсэн дүр үзүүлэх ч, дотроо итгэхээ болин жигшдэг байсан билээ.             Тэгээд ч интернетийн эрин эхлэхээс өмнө мэдээлэл түгээн олон нийтийн итгэлийг төрүүлэхэд маш их хөрөнгө санхүүжилт, цаг хугацаа шаардагддаг байжээ. Гэхдээ улс орнууд ямар ч тогтолцоотой бай, тодорхой зохицуулалтын бүтцүүдээрээ дамжуулан мэдээлэл болон мэдээлэл түгээх байгууллагуудыг хянадаг байсан юм.             Харин интернет бий болсноор худал хуурмаг мэдээлэл түгэх цөөнгүй саад тотгор үгүй болжээ. Өдгөө ямар ч хүн дурын мэдээлэл үүсгэн түгээж чадна. Олон нийтийн сүлжээнүүдээр элдэв мэдээлэл дамжуулах нь ч улам хялбар болж байна.               “Фейсбүүк”, “Твиттер” зэрэг сүлжээнүүд хүмүүст байгаагүй маш их мэдээлэл солилцох боломж нээж өглөө. “Вордпресс” зэрэг контент нийтлэх платформуудын ачаар цахим хуудсыг ганц товчлуур дараад л үүсгэдэг болжээ. Өөрөөр хэлбэл худал хуурмаг мэдээлэл үүсгэн түгээх бүхий л боломж нээгджээ.    “Фейсбүүк”-ийн хэрэглэгчдийн тоо хэдийнэ хоёр тэрбумаас, “Твиттер”-ийнх 350 саяас даваад байна. Иймд эдгээр олон нийтийн сүлжээнд өдөр бүр олон цагаар нүдээ өвтгөн суудаг хүмүүс ямар нэгэн байдлаар худал хуурмаг мэдээлэл, тэдгээрийг түгээгчидтэй тулгардаг нь тодорхой. Стэнфордын их сургуулиас явуулсан судалгаагаар, худал хуурмаг мэдээлэл түгээгч цахим хуудаснуудад зөвхөн АНУ-д л гэхэд өнгөрсөн жил 160 сая удаа орж, агуулгыг нь уншиж сонирхжээ. Анх үүсэхдээ л худал хуурмаг мэдээллийг ямар нэг зохицуулалтгүйгээр түгээгч гэгдэн шүүмжлэлд өртөх болсон нь интернет. Гэвч дэлхийг хэрсэн даяар энэ сүлжээнд сүүлийн хэдэн жилд л бодит байдлыг гуйвуулагч зохион байгуулалттай, системтэй кампанит ажиллагаанууд газар авч, зарим улс орны Засгийн газруудтай холбогдон тэдний захиалгыг гүйцэтгэх болж, ардчилал, нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх болсон гэнэ.   “Freedom House” олон улсын байгууллагын мэдэгдсэнээс үзвэл, Орос, Хятад, Саудын Араб, Казахстан, Венесуэл, Турк, Иран зэрэг 30 орны Засгийн газар өөрт ашигтай худал мэдээлэл тараах явдлыг санхүүжүүлжээ. Худал хуурмаг мэдээллийг үндсэндээ хоёр хэлбэртэй гэж үзэж болмоор. Эхнийх нь ашиг хонжоо хайсан арилжааны шинжтэй дуулиантай контентийн түгээлт бөгөөд гол зорилго нь аль болох олон хүний сонирхлыг татан зар сурталчилгаанаас олох орлогоо нэмэгдүүлэх явдал аж.   Нөгөөх нь ямар нэг улсын Засгийн газраас санхүүжүүлдэг бодит байдлыг гуйвуулсан мэдээллийн кампанит ажил. Үүнд мэдээж улс орнууд орлого бус нөлөөгөө нэмэгдүүлэхийг голчилдог байна. Ингэхдээ зохиомол сэдвийг бодит мэдээлэлтэй холин үнэмшилтэй болгохыг хичээдэг ажээ. Хэдийгээр сонин хэвлэл, радио телевиз зэрэг уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд итгэх итгэл буурсаар байгаа ч интернет дахь “Фейсбүүк”, “Твиттер”, “Гүүгл” зэрэг олон нийтийн бa хайлтын сүлжээнүүд өөрсдийг нь мөн адил ирээдүй хүлээж болзошгүйг мэдрэн онлайн мэдээллийн үнэн бодит байдлыг хянах арга хэмжээнүүд авч эхэлжээ. Жишээ нь, “Фейсбүүк” худал хуурмаг мэдээлэл түгээгч цахим хуудсуудын зар сурталчилгаанаас олох орлогыг хянах үүднээс мэргэжилтнүүдийн баг ажиллуулах болсон аж. “Твиттер” ч хуурамч мэдээлэл нэвтрэх сувгуудтай илүү үр дүнтэй тэмцэх аргачлалтай болсноо зарлаж, “Гүүгл” өөрийн “Юүтюб”-ийн видеог шалгах шинэ алгоритм нэвтрүүлсэн тухайгаа мэдээлжээ. Юутай ч интернет орон зайн үндсэн тоглогчид ийнхүү худал хуурмаг мэдээлэлтэй тэмцэж эхэлжээ. Энэ тал дээрх эхний алхмууд мэдэгдэхүйц үр дүнд хараахан хүрээгүй ч цаашид интернетийг илүү эмх замбараатай, элдэв аюул заналхийлэл багатай болгох арга олдоно гэхэд найдахаас өөр аргагүй.  

Дэлгэрэнгүй

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тендер шалгаруулалтын нэр, дугаар: Алслагдсан сумдын шилэн кабелийн сүлжээ /Баянхонгор, Баянговь, Баянлиг сум, Говь-Алтай, Дундговь, Дэлгэрхангай, Өлзийт, Тонхил сум, Өвөрхангай, Богд сум, Увс, Тэс сум/, ХХМТГ/201912002 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг Алслагдсан сумдын шилэн кабелийн сүлжээ байгуулах, нийт 7 багц бүхий тендерт оролцохыг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байх ба тендерт оролцогч нь багц тус бүрээр дараах тендерийн баталгааг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож ирүүлнэ. Үүнд: № Багцын дугаар Ажлын талбай Тендерийн баталгаа Багц 1 ХХМТГ/201912002-1 Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Баянговь сум, 15,503,400.00 ₮ Багц 2 ХХМТГ/201912002-2 Баянхонгор аймгийн Баянговь сумаас Баянлиг сум 6,340,700.00 ₮ Багц 3 ХХМТГ/201912002-3 Говь-Алтай аймгийн Дарви сумаас Тонхил сум 5,777,400.00 ₮ Багц 4 ХХМТГ/201912002-4 Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас Дэлгэрхангай 10,320,400.00 ₮ Багц 5 ХХМТГ/201912002-5 Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Өлзийт сум 12,811,900.00 ₮ Багц 6 ХХМТГ/201912002-6 Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас Богд сум 12,931,980.00 ₮ Багц 7 ХХМТГ/201912002-7 Увс аймгийн Малчин сумаас Тэс сум 20,938,220.00 ₮ (Тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлэх боломжтой.) Цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулна. /www.tender.gov.mn вэб хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно/ Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр дээр дурдсан вэб хуудсаас татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 20,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: 2016, 2017, 2018 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь санал болгож буй дүнгийн 60 хувиас багагүй. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн /зээл судлагдсан байх/ хэмжээ: санал болгож буй дүнгийн 70 хувиас багагүй. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018 онууд Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017, 2018 оны аль нэг жилд нь санал болгож буй дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм Дараах тусгай зөвшөөрөл болон гэрээний нотариатаар баталгаажсан хуулбарыг ирүүлэх “Бүх багц”-д Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ” тусгай зөвшөөрөл; “Багц 7”-д “БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил” тусгай зөвшөөрөл /Тусгай зөвшөөрлийг барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлэн үзнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх бөгөөд уг тендерийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10.30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

Дэлгэрэнгүй

Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 2018 оны 95 дугаар захирамжаар өгсөн чиглэл, үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Олон улсын компьютерын кодчиллын стандартын байгууллага Юникод Консорциумтай хамтран “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хуралд БСШУСЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУА зэрэг төрийн байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцсон. Нийт 50 орчим хүн оролцсон ба Юникод Консорциум байгууллагаас 5 хүн, ӨМӨЗО-ны 8 судлаач хүрэлцэн ирж оролцсоны дээр зайнаас АНУ, Япон, ӨМӨЗО-ны 4 судлаач оролцож санал, байр сууриа хуваалцсан. Монгол Улсаас нийт 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.  Монгол бичгийн юникодын Ажлын хэсгийн энэ удаагийн хурал нь 2018 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд АНУ-ын Сан Хосе хотноо Юникод Консорциумаас зохион байгуулсан 2 дугаар хурлын үргэлжлэл байлаа. Өмнөх 2 дугаар хурлаар монгол бичгийн юникодын кодчиллыг уламжлалт авиазүйн загвараар кодлох стандартыг баримтлана гэж тогтсон байсан. Өөрөөр хэлбэл, монгол бичгийг дүрслэлийн аргаар кодлож юникодын стандарт болгох тухай яриа, хэлэлцүүлэг дахиж яригдахгүй гэж тогтсон болно.Энэ удаагийн хурлын зорилго нь: Монгол бичгийн үсэг бүтээх дүрмийг боловсронгуй болгох замаар авиазүйн загварыг хялбаршуулах, боловсронгуй болгох; Монгол бичгийн цэг, таслал, форматын удирдлагыг авч хэлэлцэх; Хэрэглэгчид хялбар дөхөм байх, харагдац сайтай, тогтвортой, бүрэн нийцэлтэй монгол бичгийн кодчиллын дүрэм боловсруулах зэрэг асуудал байсан. Монгол Улсын талаас “Монгол бичгийн юникодын тэмдэгтийн хүснэгт дэх хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарын дутагдалтай байдал”, “Монгол бичгийн хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарыг боловсронгуй болгох нь”, “Монгол хэлний юникодын блокыг боловсронгуй болгох нь” сэдвээр судлаач Б.Энхдалай, “Фонетикийн тунгаамал загвар” сэдвээр Болорсофт компанийг төлөөлж С.Бадрал, “Баг өөрчлөлттэй манай шийдлийн хэрэгжүүлэлтийн удиртгал: Тогтвортой, нэгдсэн кодчилолд хүрэх нь” сэдвээр ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх хорооны мэргэжилтэн Лианг Жингбао нар гол илтгэлийг тавьж хэлэлцүүллээ. Монгол Улс болон ӨМӨЗО-ны судлаачдын зүгээс харилцан санал нийлж байгаа чиглэл нь удирдах тэмдэгтүүдийн хэрэглээний нарийвчилсан дүрэмтэй болох, зарим удирдах тэмдэгтийг ашиглахаас аль болох татгалзах, тухайлбал, NNBSP-ийн оронд MVS-ийг ашиглах, ингэснээр текст шивэх процессыг түргэвчлэх, улмаар компьютер хооронд файл, баримт бичиг солилцоход формат, хэв хэлбэр алдагддаг гэсэн шүүмжлэл, асуудлыг шийдэж бололцоо нээгдэж байна гэж харж байна. Юникодын консорциум байгууллагын зүгээс Монголын болон ӨМӨЗО-ны судлаачдын талаас гаргаж байгаа саналуудыг бүрэн хамруулахыг хичээнэ, маш уян хатан байр суурьтай хандана гэдгээ илэрхийлсэн. Харин Монгол Улс бөгөөд ӨМӨЗО-ны судлаачид саналаа нэгтгэж, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал гэдэг нь хурлын үйл ажиллагаа бөгөөд хурлын дүгнэлтэд дурдсан. Зарим нэг санал тухайлбал, эм үгийн Х, Г үсгийг тусад нь үсэг болгож кодлох гэсэн саналыг Болорсофт компаниас гарсан. Гэхдээ энэ саналыг монгол талын хэлний талын эрдэмтэд, ШУА, ӨМӨЗО-ны төлөөлөгчид дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Нэгэнт шинэ зүйл санаачилаагүй, одоогийн байгаа юникодын хүснэгтэд эрс шинэчлэл хийгдэхгүй, харин одоогийн байгаа авиазүйн загварыг боловсронгуй болгох тухай ярьж хэлэлцсэн учраас нэгдсэн шийдэл, үр дүнд хүрэх дөхүүтэй байсан. Хурлын үйл ажиллагаа, хэлэлцэж буй асуудалд зөвхөн дээрх төрийн байгууллагууд төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр ач холбогдол өгч 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Юникод Консорциум байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч тэдний үйл ажиллагаа, хурлын үр дүнг өндөрөөр үнэлэн, цаашид монголын эрдэмтэн, судлаачид, холбогдох байгууллагуудтай ойр нягт хамтран ажиллах, монгол бичгийн цахим кодчилолын асуудлыг үр ашигтай, хэрэглэгчдэд хялбар байх талаар шийдвэрлэх, цахим орчинд саадгүй аливаа сайдгүй хэрэглэдэг болох тал дээр анхаарахыг хүссэн. Инхүү “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ын дараах дүгнэлт, үр дүн гарлаа. Үүнд: Дүгнэлт (Summary): Хурлаас дараах ерөнхий дүгнэлтийг гаргалаа. Үүнд: Нөхцөл, дагаврыг удирдах таслахгүй нарийн зайг удирдах тэмдэг (NNBSP) талаар: Монгол улс, ӨМӨЗО-ны талууд таслахгүй нарийн зайн удирдах тэмдэг буюу NNBSP-ийн хэрэглээ ихээхэн асуудал дагуулж байгаа талаар байр сууриа илэрхийлж, түүнийг хэрэглэхгүй байх талаар ижил байр суурьтай байлаа. Эгшиг тусгаарлалтын удирдах тэмдэг MVS талаар: Хуралд оролцогдын зүгээс MVS удирдах тэмдэгтийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэсэн байр суурийг дэмжсэн. Байж болох хувилбаруудыг цаашид судалж санал боловсруулах шаардлагатай. Нээллтэй эхийн хувиргалын дүрэм ба туршилтын багц: Нээллтэй эхийн хувиргалын дүрэм ба туршилтын багц бий болгох нь үр ашигтай гэсэн байр сууринд хүрсэн. Цаашдийн бэлтгэл ажлуудыг дуусгаж бэлэн болгох шаардлагатай гэсэн дүгнэлтийг хурлаас гаргалаа. Үр дүн (resolution): Хурлын үр дүнг дараах байдлаар томъёолж байна. Үүнд: Тусдаа үсэг бий болгох (Character disunification): Тунгаамал загвар илтгэлээр дэвшүүлсэн тусдаа үсэг бий болгох санал нь дэмжихүйц санаа биш байна. Учир нь, тусдаа үсэг гаргаваас энэ нь ӨМӨЗО-ны үсгийн дүрмийн өнөөгийн хүрсэн түвшинийг үлэмж хэмжээгээр хойш татах сөрөг үр дагавартай байна. Удирдах тэмдэг (Format control characters): Монгол бичгийн удирдах тэмдэгтүүдээр үсэг бүтээх дүрмийг нарийвчлан боловсруулах шаардлагатай. Энэ талаар холбогдох талууд тохиролцоонд хүрч шаардлагатай баримт бичгийн төслийг боловсруулна. Баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах. Харилцан нийцэлтэй, хөрвөх чадвартай шийдэл бий болгох нөхцлийг бүрдүүлэхийн тулд кодчилол, үсгийн дүрс хувиралын дүрмийг илүү нарийвчилж стандартчилах хэрэгтэй байна. Дүрмийг Юникодын тэмдэгтийн хүснэгтийн түвшинд томъёолох нь зохих нарийн дүрэм болж чадахгүй юм. Хувилбар сонголтын FVS удирдах тэмдэгийн харагдах байдал. Анхны утгаар (by default) хувилбар сонголтын FVS удирдах тэмдэгүүд нь харагддаг байх нь илүү тохирожтой юм. Харин бичвэрийн үсэгт нөлөө үзүүлэх үед үл харагддаг байх нь тохиромжтой. Нуруу ба тэг-урттай холбогч (Nirugu or ZWJ): Нуруу болон тэг-урттай холбогчийн алинийг ч бие даасан хэлбэр болон товчилсон үгэнд ашиглаж болно. Нураа ба тэг-урттай холбогчийн (Nirugu or ZWJ) үгийн дотор хэрэглэгдэх нөхцөл. Нуруу ба тэг-урттай холбогчийн үгийн дунд ил байдлаар, хаах, оролцооний үүргээр оролцох үеийн дүрмийг нарийвчилан тодорхойлох шаардлагатай байна. Байрлалын үл зохицол (Positional mismatching). Монгол бичгийн залгавруудын байрлал харилцан адилгүй байгаа асуудлыг шийдвэрлэх санал бэлтгэх шаардлагатай.          

Дэлгэрэнгүй

“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” ФОРУМ БОЛЛОО

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ХЗДХЯ, ГБХЗХГ, НҮБ-ын хүүхдийн сан, Фэйсбүүк зэрэг байгууллагуудтай хамтран “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форумыг зохион байгууллаа. Форумд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож нийгмийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцлаа. УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форумыг нээж хэлсэн үгэндээ: Цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах, техник технологийн хувьд шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбоо бүхий байгууллагуудын үүрэг оролцоог илүү нэмэгдүүлэх нь маш чухал байна. Цахим орчинд хэн нэгний нэр төрд халдаж гүтгэвэл Эрүүгийн хууль болон Мэдээллийн аюулгүй байдлын хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа. Гэхдээ гадны улс орны жишгийг харахад хуулиар шийтгэхээс илүүтэй нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг бий болгох, эерэг хандлагуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм байна. Бид бас энэ жишгээс суралцах шаардлага байгаа талаар дурьдлаа.Монгол Улсад өнөөгийн байдлаар 2,2 сая фэйсбүүк идэвхтэй хэрэглэгч байдаг. Үүний 2,1 сая нь гар утсаараа интертэд холбогдон нийгмийн сүлжээ ашиглаж байна. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд мэдээлэл солилцож, бусдад түгээж байгаа нь бусад орны жишигтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг ХХМТГ-ын дарга Б.Чинбат хэлсэн үгэндээ онцоллоо.“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум дараах 4 сэдвээр салбар хэлэлцүүлэг хийлээ. 1-р хэсэг: Монголчуудын нийгмийн сүлжээний хэрэглээ ба олон улсын чиг хандлага 2-р хэсэг: Нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдал ба хүүхэд хамгаалал 3-р хэсэг: Нийгмийн сүлжээний боломж ба эерэг хандлагыг бий болгох 4-р хэсэг: Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээ ба Social media literacyСүүлийн үед цахим гэмт хэргийн тоо өсч, хуурамч нэр хаягаар бусдыг залилах, нэр төрд нь халдах, бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татах байдал нэмэгдсэнийг форумд оролцогч цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин  Фэйсбүүк группийн зүгээс Монгол Улсад  мэдээлэл дамжуулах суваг гаргаж  өгөхөө мэдэгдлээ. Ингэснээр ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд  Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулан түргэн шуурхай арга хэмжээ авдаг болно гэдгийг онцолсон юм. Форумын үеэр Монгол Улсад тоон бичиг үсгийн мэдлэгийг хөгжүүлэх талаар хамтран ажиллах тухай батламж бичигт ХХМТГ, Фэйсбүүк групп гарын үсэг зурлаа.  

Дэлгэрэнгүй

“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ-2019” ФОРУМ МАРГААШ БОЛНО

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум 2019 оны 4-р сарын 2-ны өдөр Blue Sky зочид буудлын “Crystal” танхимд зохион байгуулагдана. Форумын үеэр Монгол улс дахь цахим хэрэглээ, аюулгүй байдал, хүүхэд хамгааллын асуудлыг хөндөн хэлэлцэнэ. Тус форумд фэйсбүүк группын Хонг Конг, Тайван, Монгол улсыг хариуцсан захирал Жорж Чен, ХХМТГ, ХЗДХЯ, ГБХЗХГ, ЦЕГ, НҮБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно.

Дэлгэрэнгүй

Showing 7 of 7 results